Онигоо ярьж өгье

11406865_718523638270414_5485558213471317509_n
Эрт урьд цагт нэг сэргэлэн бацаан дэвтэрийнхээ хуудсыг урж ангийнхаа охинд өгөөд үүнийг огт цоолохгүйгээр дөрвөлжин шугамыг нь арилгаж чадвал би чамд нэг илбэ үзүүлнэ гэж. Нөгөө охин бүх зураасыг арилтал нухаж зөөлөлчхөөд өнөө бандид үзүүлтэл “Өө азны юм. маш их баярлалаа. жорлон орох гэсэн юм гээд гүйчихсан гэнэ”. Биднийг хүүхэд байхад ОО-ийн цаас гэж байсангүй. Ингэж бэлдсэн цаас нилээд “тансагдаа” ордог байв. Тээр жил нэг нөхөр иймэрхүү “арга хэмжээний” дараа бөгсөө арчтал өнөөх нь цоорчихож. Хараал тавин гараа сэгсэртэл жорлонгийн хананд байсан хадаасанд цохичихож. Өвдсөндөө өөрийн эрхгүй гараа амандаа шургуулсан юмдаг.

Энэ бол бүх амьд бодгальд байдаг төрлөх рефлекс. Яг энэ үйлдэл дээр ухаан ажиллаж чадаагүйг харуулж байна. Тулсан үед ихэнх тохиолдолд ухаан ажилладаггүй, рефлекс үйлдлийг зохицуулдаг.

Үүн лүгээ адил ноход зодолдоод шархдахаараа түүнийгээ долоосоор байгаад эдгээдэгийг бараг бүх хүн мэдэх байх. Хашир туршлагатай анчидын яриагаар бол чоно болон бусад араатан амьтад шархдахаараа ямар нэг агуй хонгил, гуу жалга олоод түүндээ шархаа долоогоод хэд ч хоног хамаагүй хэвтэж байгаад эдгэрүүлдэг гэдэг.

Зүгээр л төсөөлж бодоход нэгэн сайхан чоно эрх чөлөөтэй салхи мэт давхиж яваад гүн ангалд унаад бэртчихвэл гарах гэж улайран тэмүүлэхээсээ өмнө тэндээ хэвтэж өөрийнхөө шархыг долоож аль болохоор хурдан эдгэрүүлэхийг хичээх нь зүй ёсны хэрэг болох нь. Шарх бэртэнг нь эдгэрээд ирвэл гарах арга зам хайх болов уу.

Бизнес эрхэлж байгаад гэнэт маш том алдагдалд ороод өрөнд ордог юм уу, эсвэл зөв зүгээр байж байгаад санамсаргүй бүтэлгүйтэх, асуудалд орох, өвдөж зовох үед хүмүүс түүнээсээ гарах гэж улайран зүтгэж, улам илүү асуудалдаа орооцолдож, улам их гүн шигддэг. Бизнест бол улам их өндөр хүүтэй, бага хугацаатай зээл авч өөрт байгаа үнэ цэнэтэй зүйлсээ маш хямд алддаг. Яг л аалзны торонд наалдсан ялаа тийчлэх тусам улам чанга ороогдон хөдөлж чадахаа болидог шиг.

Хүн ямар нэг хэцүү асуудалд гарцаагүй орооцолдлоо гэдгээ мэдсэн бол бушуухан нэг агуй олж аваад “шархаа долоон” хэсэг бүгж хэвтсэн дээр байдаг. Энэ хооронд өөрийн бодол санаагаа эмхэлж, өөрийгөө тайвшруулж, гарах гарцын тухай ул сууртай бодож төлөвлөн эрч хүчээ хуримтлуулж сэлбэж авч чаддаг байх хэрэгтэй мэт. Ер нь ажил, амьдралд харж байхад их хол явж, их хүчтэй тулаанд оролцож байгаа бол үе үе “шархаа долоож” хэвтсэн хүн л хождог. Цусаа савируулан сэлмээ эргүүлж байгаа хүмүүс нэг мэдэхэд л үхэтхийн унасан үзэгддэг.

Саяхан уулзсан нэг жижиг бизнес эрхлэдэг хүний яриа миний энэ бодлыг улам лавшруулж өгсөн төдийгүй бусад хүмүүст санамж болгож хүргэмээр санагдсан.

Өөрийн амьдардаг 3 өрөө байраа банкны барьцаанд тавьж зээл авч бизнестээ хөрөнгө оруулж. Хэвийн төлөлттэй явсан зээл нь хүндэрч эхэлхэд банкнаас өдөр шөнгүй утасдаж эхэлсэн байна. Сэтгэл нь тавгүйтэж байж суух газраа олохоо болихоороо зээл чөлөөлдөг залуучууд дээр очоод чөлөөлүүлчихэж.

25.0 орчим сая төгрөгөөр чөлөөлүүлсэн өнөө зээл нь хоёрхон сарын дотор 40.0 сая болсон төдийгүй одоо 3 өрөө байраа тэдэнд 80.0 саяд өгөөд салахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэнэ.

Эдийн засагт эргэлдэх мөнгө багассан өнөөдөр манай олон компаниуд, бас иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид иймэрхүү байдал ороод байна. Тэдэнд улайран зүтгэхээ түр азнаад “шархаа долоо” гэж хэлмээр байна. Мөнгө хүүлэгчидээс банк бол арай соётой, хүлээцтэй, хүү багатай.

Монголд хямрал нүүрэлсэн тухай дээр дооргүй шуугиж байгаа энэ үед Сайханбилэгийн засгийн газар хөрөнгө оруулалт хайн хаанхын хэнд ч өврөө нээхэд бэлэн байх шиг. Хэрвээ би махчин араатан байсан бол анруугаа яг ийм үед нь л довтолно.

Иймд манай засаг энэ хямралыг хохирол багатай даван туулах хүсэл байвал юу ч бүү хий. Хэнээс ч бүү мөнгө гуй, бас бүү зээл. Хаанхын ямар ч хөрөнгөтний өмнө өвдөг бүү сөгд. Ард түмэндээ учраа хэл. Ойлгуул. Ойлгохгүй нэгнийг нь жаахан базаад өг. Шархаа долоо. Бүр тэнхэртлээ долоо.

Юм хиймээр санагдаад байвал бүх цалин тэтгэврийн нэмэгдлийг тана. Жил болоод цөмрөх зам, хойтон, түүний хойд жил ч дуусахгүй төрийн бүх хөрөнгө оруулалтыг зогсоо. Хамаг юмаа зарж, ломбардад тавьж мөнгөтэй болно гэхээсээ өмнө боорцогоо тоолж хүүхдүүдээ өгчихөөд авдараа цоожилчихдог харамч ааштай авгай бол.

Монголын ард түмэн огт ядраагүй, өлсөөгүй. Өлсөх ч болоогүй. Бид зүгээр л та нараас болоод бага зэрэг өлөн ховдог зантай болчихсон юм.

Картын барааны үед хивиг шигшиж гурилтай шөл хийж идчихээд юу ч болоогүй юм шиг төрийн минь буян гээд сууж байсан маш олон сайхан хүмүүс байсан, одоо ч байсаар байгааг үр хүүхдүүд нь мартаагүй л байх учиртай.

Ард түмний төлөө үгээ хэлэгсэд үнэхээр л эх орондоо хайртай юм бол төрөөс, улс төрчидөө юу ч бүү гуй. Юу ч бүү хүс. Шаардах тусам тэд улам орооцолдоно. Иймд юунд ч тэднийг бүү орооцолдууд. Тэдэнд шархаа долоох хугацаа өг. Харин ямар нэг юманд орооцолдчихсон улс төрчид, намуудын төлөө саналаа бүү өг. Уурлаж бухимдаж өөрсдийгөө бүү зовоо.

Монгол сүйрэх, мөхөх болоогүй байна. Иймд хэдүүлээ жаахан тухтай бодьёо. Шархаа долооё. Баастай хуруугаа амандаа хийгээд үзье.

Д.Уламбаяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих