Украинчууд Засгийн газраа эсэргүүцэн жагсчээ
КИЕВ. /ITAR-TASS/. Украины нийслэл Киев хотод өчигдөр 3000 орчим хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагаа боллоо.
“Бид өлсөж байна!”, “Бурхан минь биднийг энэ эрх баригчдаас хамгаалаач”, “Чадваргүй эрх баригчид огцор!” “Тэтгэврийг нэмэгдүүл” гэж бичсэн уриа лоозон барьсан жагсагчид Киев хотын төвөөр жагсчээ.
Эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид хотын төв гудамж болох Крещатикийг хаасан байна. Жагсаал цуглааны гол газар нь Тусгаар тогтнолын талбай болжээ.
Жагсагчид нийгмийн халамжийг нэмэгдүүлэхийг, мөн “улс оронд болж буй эмх замбараагүй байдлыг эсэргүүцэн” шинэчлэл хийхийг шаардсан байна.
Эсэргүүцлийн ажиллагааны үеэр хүч нэмэгдүүлсэн цагдаагийн эргүүл эмх журам сахиулжээ. Жагсаал цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: