50 ЖИЛИЙН ӨМНӨХ АГААРЫН ТАНХАЙРАЛ

11426254_503711489776403_3988437861909867157_n

Сөнөөгч “Миг-17” онгоцны урт нь 11,2 метр, өндөр 3,8 метр, далавчны урт 9,6 метр, дээд хурд 1114 цаг/км, нислэгийн дээд өндөр 15,6 км. Нэг нисгэгчтэй.

11407106_503711459776406_3548482131612152983_n
Гвардийн дэд хурандаа Валентин Васильевич Привалов.

50 ЖИЛИЙН ӨМНӨХ АГААРЫН ТАНХАЙРАЛ

1965 оны 6 дугаар сарын 4-ний Баасан гаригт Зөвлөлтийн Новосибирск хотноо жирийн нэг халуун өдөр болж, амьдрал хэвийн үргэлжлэж байлаа. Саяхан зуны амралт нь эхэлсэн сургуулийн хүүхдүүд, оюутан залуус “Обь” голын эргээр зугаална. Гэтэл тэнгэрт гэнэт хүчтэй нүрэглэх чимээ гарч, энэ дуу улам чангарав. Хүмүүс энэ чимээ хаанаас гараад байгааг олж харахаар тэнгэр өөд хараа бэлчээж эхэллээ. Гэтэл “Обь” голын дагуу гялалзсан мөнгөлөг өнгөтэй нэгэн биет маш хурдтай нисэж яваа нь харагдав. Голын эрэгт арай ойр байсан хэн нэг “Энэ онгоц байна. Байлдааны онгоц,” гэж хашгирах нь дуулдана. Үнэхээр ч голын устай бараг наалдсан байлдааны онгоц “Коммунальный” гүүрийг чиглэн нисэж явжээ. Удахгүй болох ямар нэгэн аймшигт явдлын гэрч ч болж магадгүй цугласан олон хүмүүс чимээ аниргүй болж юу болохыг нь ширтэж зогсов. Мөнгөлөг өнгөтэй, байлдааны тийрэлтэд “Миг-17” онгоц нь асар хурдтай усан дээр хөвж яваа завь шиг харагдах ба онгоц ардаа цагаан хөөсөн зам татуулан ниснэ.
Нисгэгчийн гаргаж болох өчүүхэн алдаанаас болж том осол гарах магадлал өндөр байсан юм. Тэр цаг мөчид гүүрэн дээр олон зуун хүн, машины хөдөлгөөн явагдаж байжээ. Онгоц гүүрний яг голын “арк”-аар шумбаж ороод нөгөө үзүүрээс гарч ирэнгүүтээ огцом өндрөө авч тэнгэрт түүлэн оджээ. Энэ бүхэн нүр ирмэхийн хооронд болж, онгоцны нүрэглэх дуу, усны цалгих чимээнээс өөр зүйл ард нь үлдсэнгүй.
Хэн гэдэг хүн ингэж нисэв? Онгоцыг Гвардын 712 дугаар сөнөөгч онгоцны хорооны нисгэгч, ахмад Валентин Привалов жолоодож явжээ. Тухайн үед 25 настай байсан В.Приваловын хороо “Канск” нисэх баазад байрлан, зуны дадлагын нислэг хийж байхдаа “Обь” голын гүүрэн доогуур нисэж үзнэ гэж өөртөө амлаад байв. Гэхдээ ингэж амь өрсөн нисэхийн өмнө нэлээд бодож тооцоолсон байдаг. Тэр онгоцны хурдаа цагт 700 км хүртэл багасгаад голын дээгүүр 5 метрийн өндөртэй нисэхээр төлөвлөв. Гэхдээ хамгийн гол аюул нь гүүрэн доогуур ороод дөнгөж гараад ирэнгүүт 950 метрийн цаана төмөр замын гүүр тулж байгаа явдал байжээ. Ийм зайг өндөр хурдтай онгоц ердөө 5 секунд хүрэхгүй хугацаанд туулна. Ингээд В.Привалов нэг удаагийн дадлагын нислэгийн үеэр онгоцоо “Обь” гол руу эргүүлж, 120 метрийн өргөн, 30 метрийн өндөртэй гүүрэн доогуур орж, амь өрссөн үзүүлбэрийг хийсэн байна.
Энэ явдал болсны маргааш өглөө нь ахмад В.Приваловыг баривчилжээ. Цэргийн шүүх түүнийг байлдааны онгоцоор зөвшөөрөлгүй нислэг үйлдэж, агаарын сахилга алдагдуулж, танхайрсан үндэслэлээр шийтгэх зэхэж байв. Хэрэг явдал нэлээд өндөр авч, тухайн үеийн ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд, маршал А.Малиновскийн чихэнд хүрчээ. Харин маршалд ийм зоригтой, өндөр ур чадвар бүхий “асс” нисгэгчийн хийсэн үйлдэл таалагдсан бололтой. Удалгүй Москвагаас “Нисгэгч Приваловыг шийтгэх хэрэггүй. Харин дахиж ийм асуудал гаргах боломжийг хязгаарлах арга хэмжээ ав. Хэрэв тэр амралтаа аваагүй байвал түүнд чөлөө өгч зусланд явуулж амраа. Маршал А.Малиновский,” гэсэн телеграмм ирүүлсэн байдаг. Тэр даруй В.Приваловыг суллаж, жагсаалд нь эргэж оруулсан ба удалгүй эскадрилийн захирагчаар томилогджээ. Хэдэн жилийн дараа хороон захирагчийн орлогчоор дэвшлээ. Энэ хугацаанд тэрбээр нисэхийн тусгай сургалтад хамрагдаж энгийн нисгэгчийн 2 дугаар зэрэгтэй болжээ. 1972 онд В.Привалов нисэх бүрэлдэхүүнийг бэлтгэх багшийн 8 сарын хугацаатай курст сурч ирээд залуу нисгэгчдийг бэлтгэх ажил хийх болсон байна.
Болсон явдлын тухай олон янзын яриа бий. Нэг хэсэг хүмүүс энэ зургийг үзээд энэ бол боломжгүй зүйл, “фотошоп”-оор бүтээсэн зураг, ийм явдал огт болоогүй гэдэг. Харин зарим хүмүүс энэ үйл явдлыг зөвлөлтийн удирдлага, америкчуудтай хийж байсан үзэл суртлын дайнд хүрээнд зориуд урьдчилан бэлтгэсэн нислэгийг олон түмэнд үзүүлсэн гэж үздэг. Энэ үйл явдлаас зургаан жилийн өмнө, 1959 оны 4 дүгээр сарын 24-нд АНУ-ын нисгэгч ахмад Жон Лаппо нь “RB-47E” онгоцоор Мичиган нуур дээрх алдарт “Макинас” гүүрэн доогуур нисэж дэлхий даяар шуйгуулж байжээ. Үүний хариу болгож ийм нислэгийг урьдчилан зохион байгуулсан байх магадлалтай бий. Ямартай ч тэртээ 50 жилийн өмнө ахмад Валентин Привалов онгоцтойгоо гүүрэн доогуур нисэж, зураг нь түүх болон үлдсэн нь үнэн юм.

Eggi Mongolian


URL:

Сэтгэгдэл бичих