Хүмүүсийн гайхамшигтай 10 чадвар

Зарим хүмүүс бусад хүмүүсээс эрс ялгарах тусгай гентэй төрдөг ажээ. Бүр бидний ген дэх өчүүхэн төдий ялгаа ч тодорхой шинж чанарыг бий болгож, бусдаас ялгаж байдаг. Ийм ялгаатай байдал энгийн зүйлс дээр ч ажиглагдаж болно. Үүнд, үсний өнгө, өндөр намын ялгаа, нүүрний хэлбэр гэх мэт. Гэхдээ заримдаа тодорхой нэг хүн болон бүлэг хүмүүсийн зан араншин болон хүчин зүйлс бусад хүн төрөлхтөнөөс эрс ялгарч байдаг.

1. Тэдний холестерины түвшин нэмэгддэггүй

Эрүүл мэндээ анхаарахын тулд шарсан болон өөх тостой хоол, хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Гэхдээ зарим хүмүүс айх аюулгүйгээр дээрх хоол хүнсийг тайван гэгч нь идэж байдаг. тэдний юу идэж хэрэглэж байгаагаас үл шалтгаалан “муу холестерин” биед нь үүсдэггүй. Ийм хүмүүс генийн өөрчлөлттэй төрсөнд хамаг учир оршино.

Тэдэнд зүгээр л PCSK9 ген байдаггүй. Ийм өөрчлөлттэй төрөх нь сөрөг үзэгдэл ч зарим нэг эерэг хандлагатай аж. Одоо эм үйлдвэрлэгч компаниуд бусад хүмүүсийн ч PCSK9 генийг блоклох эм, бэлдмэлийг гаргаж авахаар уйгагүй ажиллаж байна.

2. Тэд ДОХ-ын вирусээс ангид

Хүн төрөлхтөнийг устгах хүчин зүйл маш олон. Солир, сансрын биет, цөмийн зэвсэг, цаг уурын огцом өөрчлөлт, супер хоруу шинж чанартай вируснууд гэх мэт. Гэхдээ зарим хүмүүс ДОХ гэх мэт хүн төрөлхтөнийг тэр аяар нь чичрүүлж байгаа өвчнийг тэсвэрлээд гарах чадвартай ажээ.

Тэднийг ийм болоход CCR5 хэмээх генийн ямар нэг өөрчлөлт нөлөөлсөн. Учир ДОХ өвчин нь CCR5 уургийг тухайн хүний эсийн ертөнц рүү нэвтрэх “хаалга” болгон ашигладаг байна. Өөрөөр хэлбэл CCR5 генгүй хүн ДОХ-аас айлтгүй ажээ.

3. Тэд хумхаа өвчин тусдаггүй

Хумхаа өвчинд тэсвэртэй хүмүүс өөр нэг үхэл таригч өвчний тээгчид байдаг. Энэ бол хадуур эсийн өвчин юм. Мэдээж цусны эдийн дутагдлаас болж цагаасаа өмнө амьсгал хураахын тулд хумхаа өвчин тусахгүй байхыг хүсэх хэн байх билээ. Эдгээрийн хоорондын уялдаа холбоог ойлгохын тулд хүн төрөлхтөн хоёр өвчний үндсийг судлах хэрэгтэй болно. Шумуулаар тээгдэж хүнд халддаг хумхаа өвчин нь цусны улаан эсийн дайралт юм.

Онц аюултай энэ өвчнөөр жилд 660 мянга орчим хүн хорвоог орхидог. Харин хадуур эсийн өвчин нь цусны улаан эсийн хэлбэр болон бүрэлдэхүүний өөрчлөлтийг бий болгосноор цусны эргэлтэнд хүндрэл учруулдаг. Гэхдээ цусны эсийн мутацийн ачаар эдгээр эсүүд хумхаагийн шимэгчдийг “буруугаар хүлээн авч” дотогш нь нэвтрүүлдэггүй ажээ.

4. Тэд ямар ч хүйтэнд ажирдаггүй

Эскимосчууд бол эрс хүйтэн орчин нөхцөлд амьдарч, түүндээ дасан зохицсон бие махбодьтой ард түмэн. Эдгээр хүмүүс зүгээр л амьд үлдэж сурав уу эсвэл бие махбодь нь байгалиасаа тэгж “төлөвлөгдсөн” юм болов уу? Үнэн хэрэгтээ тэд хүйтэн цаг агаарт өөр төрлийн бие махбодийн хариу урвал үзүүлж чаддаг юм байна. Үе улиран хүйтэн уур амьсгалтай нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийн бодисын суурь солилцооны түвшин өндөр /50 хувиас дээш/ байдаг байна.

Түүнээс гадна эскимосчуудын хөлсний булчирхай нь бие хэсэгтээ бага, нүүрэн хэсэгтээ их байдаг гэнэ. Хүний бие хүйтнээс илүүтэй халуун дулаанд хамгийн сайн дасан зохицдог. Харин Хойд туйлын хүмүүс зүгээр л амьдарсаар ирсэн, амьдарч байгаа нөхцөлдөө л дасан зохицсон байдаг байна.

5. Тэд өндөрт дасан зохицдог

Эверестэд гарсан ихэнхи уулчид үүнийг шерпа буюу хөтөчгүйгээр хийж чадахгүй байсан. Шерпа нар ямагт адал явдал хайгчдын түрүүнд явж, тэдний олс, шатыг бэхлэж өгдөг аж. Төвд, балба хүмүүс өндөрт илүүтэйгээр дасан зохицсон байдаг. Тэд бараг хүчилтөрөгчгүй нөхцөлд ч тав тух алддаггүй бол жирийн хүмүүсийн амьсгал давчдаж, толгой эргэн, даралт ихэсдэг.

Далайн түвшнээс дээш дөрвөн мянган метрийн өндөрт амьдардаг төвдүүд бусад хүмүүсээс 40 хувь бага хүчилтөрөгчөөр амьсгалж сурсан байна. Тэдний бие махбодь хүчилтөрөгчийн бага агууламжтай орчинд дасан зохицож, уушиг нь илүү хүчирхэг болсон аж. Судлаачдын илрүүлснээр энэ нь төвд хүмүүсийн хувьд фенотип хазайлт төдийгүй генийн өөрчлөлт болох нь тогтоогдсон байдаг.

6. Тэд тархины өвчний эсрэг дархлаатай

Папуа- Шинэ Гвинейн оршин суугчид ХХ зууны дунд үед тархины үхэл таригч өвчин болох “куру”-г тэсч гарсан. Энэ өвчин нь тархийг устгаж, ой тогтоолт, оюун ухааныг бууруулж, саа өвчин тусгадаг аж. Куругаар өвчилсөн хүмүүс ёс юм шиг л жилийн дотор амьсгал хураадаг бөгөөд өвчин халдвар тээгч хүн болон малын махыг хүнсэндээ хэрэглэсэн тохиолдолд дамждаг байв. Харин куру өвчнөөс эдгэсэн хүмүүсээс өөрчлөгдсөн G127V ген илэрчээ. Чухам энэ л тархины өвчний эсрэг дархлааг ялгаруулж байсан аж. Энэ баримт нь хүний байгалийн шалгарлын тод жишээ болсон юм.

7. Тэд алтан цустай

1-р бүлгийн 0 цустай хүмүүс онцгойд тооцогддог. Энэ бол ойлгоход хүнд сэдэв. Бид цусны A, AB, B болон O гээд 4 бүлэг, хоёр рекус хүчин зүйлийн талаар мэднэ. Гэхдээ өнөөдрийн байдлаар систем бүрд сая сая өөрчлөлттэй цусны бүлгийн 35 нэр бүхий тогтолцоо байдаг аж. АВО системд ороогүй цус ховорт тооцогдох бөгөөд донор олдох бараг боломжгүй.

Түүнчлэн “0 резус” хэмээх нэртэй ховор бүлгийн цус бий. Энэ нь резус системд ямар ч эсрэгтөрөгч агуулдаггүй. Эд бол резус цусгүй хүмүүс юм. Тэдний цусыг “алтан” хэмээн нэрийддэг. Тэд олон хүнийг аварч чадах аврагчид боловч өөрсдөд нь донор олдоход хүнд байдаг байна.

8. Тэд усан дор маш сайн хардаг

Хүний нүд усан дотор харахад зохицоогүй байдаг. хэрэв бид усан дор харах гэж оролдвол бүх зүйл гүйлгэнэж харагдана. Үүний учир нь ус нүдэн дэх шингэнтэй адилхан нягтралтайд оршиж байгаа юм. Ингэснээр нүдний хүлээн авч байгаа гэрлийн хугарлын хэмжээ хязгаарлагдана гэсэн үг юм. Гэвч мокен омгийн хүмүүс усан дор маш сайн хардаг.

Бүр 22 метрийн гүнд хүртэл шүү. Мокенчууд жилийн найман сарыг завь болон усан дээр байрлуулсан шургааг модон дээрх байшинд өнгөрүүлдэг. Тэд эх газар дээр зөвхөн зайлшгүй шаардлагатай эд зүйлсээ авахаар л эргэж ирдэг. Ийнхүү тэд бүхий л амьдралаа ус эсвэл усны дэргэд өнгөрүүлдэг нь усан дотор сайн хардаг болоход нөлөөлсөн юм.

9. Тэд “супер” хатуу ястай

Хүн нас ахих тусам яс нь сийрэгждэг. Өөрөөр хэлбэл ясны жин алдагдаж, нягтрал нь буурдаг. Ингэснээр яс амархан хугарах, муруйх, гэмтэх асуудал үүснэ. Гэхдээ ясны сийрэгжилтийг эмчлэх түлхүүр болж мэдэх гайхалтай гентэй хүмүүсийн бүлэг бас байх ажээ.  Ийм ген голланд гаралтай өмнөд африкчуудаас олдсон бөгөөд генийн энэ өөрчлөлтийг SOST хэмээдэг.

Энэ нь ясны өсөлтийг зохицуулдаг склеростин уургийг хянадаг аж. Одоо эрдэмтэд тэдгээр хүмүүсийн ДНК-г судалж байгаа бөгөөд яс сийрэгжилт болон нас ахихтай холбогдон үүсдэг ясны муруйлтийг эмчлэх арга олдоно хэмээн найдаж байгаа аж.

10. Тэд зургаагаас бага цаг унтах ёстой

Баримт бол баримт. Өдөрт зургаагаас бага цаг унтаад нойр нь ханачихдаг хүмүүс байх ажээ. Энэ нь тэдэнд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй гэнэ. Учир нь тэд DEC2 генийн ховор тохиолдох өөрчлөлттэй хүмүүс тул бие физиологи нь бага унтахыг шаарддаг гэнэ.

Жирийн хүн олон хоног нойр муутай явбал эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Харин DEC2 генийн өөрчлөлттэй хүнд ийм асуудал тулгардаггүй. Энэ генийн өөрчлөлт маш ховор тохиолдох бөгөөд дэлхийн хүн амын ердөө 1 хувьд нь ажиглагддаг байна.

Эх сурвалж : caak.mn


URL:

Сэтгэгдэл бичих