Н.Алтанхуягийг “ухах” нь хэнд хэрэгтэй вэ?

527-1433465998DSC_5891Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр нэгэн хууль, тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барив. УИХ-ын гишүүнийхээ эрхийн хүрээнд хууль, тогтоолын төсөл өргөн барьсан нь жирийн л нэг албан мэдээ байлаа. Гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хэмээх нэршилтэй хуулийн төсөл агуулгаараа энэ төрийн маш том гажуудлыг засах улмаар тодорхой хүмүүсийн ашиг сонирхолд харшлах тул “томчууд”-ын анхаарлын төвд байгаа юм.
Н.Алтанхуяг өргөн барьсан хууль, тогтоолын төслийнхөө талаар “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь Авлигатай тэмцэх газарт харьяалуулах-болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарахыг мэдэхгүй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хүний эрхийн ажиглагч нар дүгнэдэг.
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурор төрийн нэрийн өмнөөс, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан” хэмээн танилцуулжээ.
Н.Алтанхуягийн эзэмшлийн албан тасалгаа, газарт нь нэгжлэг хийсэн тухай мэдээллүүд нэлээд хэд хоногийн өмнө хэвлэлээр цацагдсан билээ. Үүний цаад учиг нь өчигдөр өргөн барьсан хууль, тогтоолын төсөл байсан тухай сэтгүүлчид хардаж бичсэн байдаг юм. Улстөрийн зорилгоор иргэдийг барьж хорьдог, шалгадаг явдал гаарч байгааг засах агуулгатай бичгийг ч Н.Алтанхуяг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өгсөн тухай эх сурвалж мэдээлж буй.
Түүнийг шалгах, хянах ажиллагаа нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг зөрчсөн явдал хэмээн үзэж буйгаа цаашид УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг хуулиар хамгаалах боломжгүй болж байгаа талаар тэрээр илэрхийлсэн юм байна. Улсын Ерөнхий прокурорын харьяанд байсан Мөрдөх албыг АТГ-т шилжүүлсэн нь УИХ-ын гишүүдийн хувьд том алдаа байсан тухай зарим улстөрчид онцолсон байдаг.
Энэ нь эргээд улстөрийн зорилгоор хэнийг ч хэлмэгдүүлж, нэр хүндийг нь унагах АТГ-ын “хэрэгсэл” болж байна гэдгийг онцолж буй юм. Харин одоо Тусгай хяналтын дэд хороо ямар мэдээлэл гаргахаас УИХ-ын чуулган дээр энэхүү хуулийн төсөл хэрхэхээс үйл явц илүү тодорхой болох бололтой.
Д.Содон
Эх сурвалж: Зууны мэдээ

URL:

Нэр: зочинмонгол Огноо: 5 June 2015

Муу хулгайч замаа засах гэж бна

Нэр: Зориг Огноо: 6 June 2015

Алтанхуягийг ухах нь төрд хэрэгтэй,яагаад гэвэл төрд дахиад ийм гэр бүлийн хулгайчдыг оруулахгүйн төлөө ингэх ёстой

Сэтгэгдэл бичих