Ажилд орох Монгол хэв маяг

163424-03062015-1433317710-1863914762-0Өндөр хөгжилтэй орнуудад ажилд ороход 10 хаалга тогших бол Монголд таван босго байдаг

Америкт, Монголд, Японд их сургуулиа дүүргэсэн Болд, Халиун, Төгөлдөр гуравт нэг ижил саад бэрхшээл, айдас бий. Тэр бол Монголд хүссэн ажилдаа орж чадах болов уу? гэдэг асуулт. Их сургууль төгсөөд удаагүй тэдний хувьд хүссэн ажлын байраа олох, ажил олгогчдын шалгуурт тэнцэх, боломжийн тогтмол цалинтай байхыг юу юунаас илүү хүсэж буй. Харин хаанаас эхлэх хэрэгтэй вэ?

“TedxUlaanbaatar- Tech Pulse” илтгэлийн арга хэмжээний үеэр Хас банкны мэдээлэл технологи эрхэлсэн захирал Ч.Баттөгсөд үзэгчээс нэгэн асуулт ирсэн нь тэнд сууж байсан олон залуусын сонирхлыг татсан юм. “Монголд ажил олгогч нар ажлын байрны зар тавихдаа нүд эрээлжлэм шалгуурууд жагсаасан байдаг. Ажил хайж буй оюутан залуус түүнийг нь хараад л сэтгэлээр унадаг. Та үүнийг юу гэж боддог вэ. Шинээр ажилтан болохын тулд тийм олон зүйл чаддаг байх шаардлагатай юу. Их сургуулийн мэдлэг ажлын байранд хэр их хэрэг болдог вэ” гэж үзэгчдийн дунд суусан нэгэн залуу асуусан юм. Энэ асуултад та тийм гэж хариулмаар байна уу? Харин хариулт нь таны төсөөлж байснаас өөр.

“Их сургуульд заалгасан онолын мэдлэгийн 10 хувийг л ажлын байран дээр ашигладаг. Тухайн ажлын байрыг чин сэтгэлээсээ сонирхож байгаа бол ярилцлагын үе, туршилтын хугацаанд өөрийнхөө хэр их хүсэл эрмэлзэлтэй болохыг харуулах хэрэгтэй” гэж Ч.Баттөгс хариулав. Тэрбээр АНУ-ын “Майкрософт”, “Салесфорском” компаниудад 13 жил ажиллаж байсан нэгэн.

Монголд ажлын байр олоход хэцүү, энэ салбар зохион байгуулалтгүй байгаа нь үнэн. Ажлын байр танилцуулах өдөрлөг жилд хэд хэдэн удаа зохион байгуулагддаг ч тийм ч олон компанийг хамарч чаддаггүй. Түүнчлэн ажил хайгчдын хүсэлд төдийлөн нийцдэггүй. Гэхдээ одоогийн Монголын нөхцөлд оюутан, залуус хүссэн ажилдаа орохын тулд яах ёстой вэ гэдэг асуултын хариултыг дараах жишээнүүдээс олж болох юм.

ТОДОРСОН ОЮУТАН

Та төгсөөд ажлын байр хайх оролдлогоо өөрийн эрэл хайгуул гэхээс илүүтэй танил талаасаа асууж сураглаж эхлэх бичигдээгүй хууль Монголд үйлчилдэг. Үүнд, гэр бүл, найз нөхөд, багш нар багтана. Хэрвээ тухайн оюутан их сургуульдаа нэр хүндтэй, шинийг санаачлагч байсан бол багш нар нь ажлын байр санал болгох, бусадтай холбож өгөх боломж өндөр болдгийг хэд хэдэн оюутны ажилд уригдсан түүхээс харж болно. Ялангуяа, Монголд банк санхүүгийн чиглэлээр төгсөж буй оюутнуудад ажлын байранд уригдах боломж илүү бололтой. Энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их сургуулийн багш, ажилтнуудад банк санхүүгийн байгууллагуудаас сайн оюутнаа санал болгох хүсэлт тавьдаг жишээ цөөнгүй. Сайн оюутан гэдэгт багш нарын нүдэнд өртөхүйц, хичээлдээ шамддаг, гадуур зохион байгуулагддаг ажилд идэвхтэй оролцдог гэх мэт шалгуурууд багтана. Эх сурвалжийн мэдээлснээр, Санхүү эдийн засгийн дээд сургуульд ажилтан нийлүүлэх санал ирүүлдэг байгууллага олон. Багш нар сайн оюутнуудаа байгууллагуудад санал болгож, оюутнуудаа холбож өгнө. Харин та бидний хэлж заншсанаар арын хаалга гэдэг хууль энд үйлчилдэггүй болохыг анхаараарай. Учир нь байгууллагууд өөрсдийн гэсэн шалгалтыг оюутнуудаас авдаг.

НАЙДААД ХЭРЭГГҮЙ

Харин гэр бүлийн хүрээнд гэдэг нь ээж аав, хамаатнаараа дамжуулж ажлын байрны санал хүлээн авах юм. Хэрвээ ажиллахыг хүсдэг салбарт дотнын хүмүүс тань ажилладаг бол нээлттэй ажлын байрны мэдээллийг бусдаас түргэн хүлээн авах боломжтой. Түүнчлэн нөлөө бүхий бол таны тэнцэх магадлал өндөр байж болох юм. Гэхдээ сүүлийн үеийн ажил олгогчдын хандлагаас үзвэл хувийн байгууллагуудад дээрх магадлал тун бага байгааг харж болно. Та гэр бүлийн хүнээрээ дамжуулж ажлын байрны мэдээлэл авч болох ч ажил олгогч таны чадварын түвшин болоод итгэл хүлээлгэж болох, эсэхийг л харна. Үүнийг ажил олгогч эх сурвалжуудын ярианаас түвэггүй ойлгож болно. Хэн нэгний санал болгосон чадвар муутай, итгэж үл болох хүнийг ажилтнаар авах нь байгууллагын завиа мөсөн уул мөргүүлэхтэй адил аж.

ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА

Найз нөхдийн хүрээгээ ашиглаж ажлын байр хайх үзэгдэл орчин үед Монголд төдийгүй дэлхий нийтэд “од” болж байна. Ямар ч цахим хуудас, зарын сониноос илүү найз нөхдийн хүрээнд хүссэн ажлын байрны суудлаа олох боломжтой.

Төсөөлөлд тань нэг л бууж өгөхгүй байна уу. Буухгүй байвал та нэг л буруу утгаар ойлгоод байж мэдэх юм. Танилын хүрээ олон байх тусам хаана нээлттэй ажлын байр байгаа вэ гэдэг мэдээллийг бусдаас түрүүлж авах боломжтой гэсэн үг. Түүнчлэн найз нөхөд тань таныг чадвартай, муу хүн биш гэдгийг мэдэж байгаа бол хэрэгтэй хүнтэй холбож өгдөг. Шинээр танилцсан хүнийхээ нэрийн хуудсыг авах, дотно яриа өрнүүлж бага хугацаанд танилууд бололцох нь таныг хүссэн ажилдаа ороход багагүй нөлөө үзүүлнэ. Сүүлийн үед зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдэд нэрийн хуудас солилцох тусгай цаг хүртэл гаргах болсон нь ийм учиртай.

АЖИЛ ХАЙХ МОНГОЛ ЗАГВАР

Монголд ажил хайхдаа “бүдүүлэг” боловч дараах алхмуудыг нэг бүрчлэн хийх шаардлагатайг уулзсан хүмүүсийн ярианаас ойлгов. Эхлээд ямар байгууллагад ажилламаар байгаагаа сонгоно. Сонгосон газрууддаа өөрийн биеэр хандах шаардлагатай. Зарим тохиолдолд байгууллагууд нээлттэй ажлын байрны зар хэвлэл мэдээллээр тавих боловч эзэндээ хүрэхгүй байх нь олон. Тиймээс тухайн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэнтэй шууд уулзаж ярилцах нь ажил хайх зөв алхмын нэг. Хүний нөөцийн мэргэжилтэнд өөрийгөө богино хугацаанд зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Өөрийн давуу талаа энэ үед л ашигла. Хүний нөөцийн мэргэжилтний нүдэнд өртсөн бол таныг дараагийн ам ярилцлагууд хүлээж буй. Ур чадварын болоод удирдлагуудтай уулзаж ярилцах шалгалтад бэлэн байх нь таны үүрэг. Ингээд ажилдаа тэнцвэл туршилтын хугацаанд өөрийгөө бүрэн дайчилж, юу чаддагаа харуулна. Хэрвээ чадахгүй бол та харилцаа, эсвэл мэргэжлийн ур чадвартаа анхаарч, зөв ажлын байраа сонгоход цаг гаргасан нь дээр болов уу. Энэ талаар “Таван богд” болон “MCS” , “Bloomberg” компанийн хүний нөөцийн мэргэжилтнүүд санууллаа.

АЙДАСГҮЙ БАЙХЫН ТУЛД

Төгсөөд ажил хайх нь цаг алдсан хэрэг болно. Хамгийн аюулгүй алхам бол төгсөхдөө хаана ажиллахаа сонгосон байх. Их сургуулийн эхний хоёр жил хичээл, шалгалт гээд завгүй өнгөрнө. Харин гуравдугаар дамжаанаас ачаа- лал бага болдог. Оюутнууд ч сурч, амьдрах аргаа олдог. Тэр үеэс зарим оюутан дадлага хийдэг. Энэ бол төгсөөд ажилд шууд орж болох эхний алхам. Хэрвээ дадлага хийж амжаагүй бол төгсөх дамжаанд элссэн даруйдаа ажил хайж эхэлсэн нь дээр. Үүнийг хүний нөөцийн мэргэжилтнүүд ч онцолж байна.

Монголд ажил олох нь хэцүү гэж гомдоллогсод цөөнгүй. Гэхдээ бодит байдал санаснаас ч илүү амархан байж мэднэ. Америк, Япон, Герман гээд ажил хайлтын нарийн тогтолцоотой орнуудтай Монголын өнөөгийн нөхцөлийг харьцуулбал тэс өөр заг-вартай. Тэд арван хаалга тогших шаардлагатай бол Монголд дээд тал нь тав. Мэдээж энэ дунд зохион байгуулалтгүй, хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг байгууллага цөөнгүй байгаа нь нууц биш. Гэхдээ та өөрийн сонголтоо зөв хийж, өөрийнхөө төлөө хичээх нь хүссэн ажилдаа ороход чухал нөлөө үзүүлнэ гэдгийг санаарай.

Г.Чимэдлхам

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих