ФИФА-ийн Ерөнхийлөгч Монголд өгсөн амлалтдаа орооцолдлоо

Ийм агуулга бүхий нийтлэл “Дэйли Мэйл”сонины цахим хуудаст нийтлэгджээ. 2050 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулна гэж Сепп Блатер манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид амласан тухай мэдээлэл сөхөгдөж эхэлсэнээр ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоог тойрсон авлигын дуулианд  Йозеф Блаттер холбоотой юм биш биз гэсэн хардлага  гарч эхэллээ.
b14c774dd3503d10original

Блаттер өнгөрөгч баасан гарагт Йорданы ханхүү Али Бин Аль Хуссейныг холбооны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж авсаны дараа дахин сонгогдож, хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн хүчирхэг хүн болсон юм.
 Гэсэн ч ФИФА-ийн түүхэн дэх хамгийн хүнд долоо хоног өнгөрсний дараа улиран сонгогдсон Ерөнхийлөгчийг тойрсон ёс зүйн асуудлууд олонд дэлгэгдэж эхэлжээ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 100 сая фунт стирленгийн авлига авсан хэрэгт тус холбооны 18 хүн сэжиглээд байгаа ч, Блаттерийн нэр түүнд багтаагүй.

Гэсэн ч бүхэл бүтэн 35 жилийн дараах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсыг сонгоход нөлөөлөхийг оролдож, амлалт өгсөн нь авлигын дуулианд холбогдох “нүхээ ухсан” хэрэг болсон бололтой. 
Тодруулж хэлбэл,Йозеф Блаттер 2011 онд  2050 онд Монгол Улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах боломжтой гэсэн амлалтыг үзэглэж, хөгжиж буй оронд хуурамч найдвар төрүүлсэн хэмээн тус цахим хуудаст нийтлэгдсэн байна. 

Улмаар эх сурвалжуудын нийтэлсэн хананд өлгөөстэй амлалтад хөлбөмбөгийн ертөнцөд өчүүхэнд тооцогдох улсад хамгийн том тэмцээнийг зохион байгуулна гэж бичсэн байсан талаар дурьджээ. Үүгээр зогсохгүй 2042, 2046 онуудад Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах санал оруулахыг уриалсан байсан гэнэ. Мөн 2035 оны Азийн цомын тэмцээнийг Манай улсад зохион байгуулах боломжтой хэмээн бичсэн байсан аж.

Дуулиан дагуулсан тэрхүү амлалтыг  2011 оны нэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Йозеф Блаттер нар Цюрих хотноо үзэглэж байжээ. Уулзалтын дараа Ц.Элбэгдорж “Монгол хөлбөмбөгийн томоохон хүч болох боломжтой. Нэг өдөр л бид Азийн цом, дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болно. Яагаад болохгүй гэж. Бид 2050 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулах орны сонгон шалгаруулалт оролцох боломжтой.

Хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Магадгүй бидний ач, гуч Монголд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх боломж гарч ирэхийг үгүй гэх газаргүй” гэж хэлж байжээ. Ямартай ч, амлалтын талаар барууныхан саяхнаас л мэдэж ийн  синсааци болгож эхэллээ.

Одоогоор ФИФА болон манай хөлбөмбөгийн холбооноос энэ талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм.
 Эцэст нь тэмдэглэхэд, ФИФА-ийн авлигын дуулианд улсын маань нэр бүү холбогдоосой. Зарим хөлбөмбөг сонирхогчид Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар Хөлбөмбөгийн холбоог удирдах болсон ч үүнтэй холбоотой хэмээн хардаж эхэлсэн гэнэ шүү.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих