Тавантолгойн төсөл Ажлын хэсгийн “босго” давахгүй нь

Тавантолгойн төсөл УИХ-ын эрх мэдэлд бий. УИХ-аас уг төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсгийг байгуулчихсан. Ажлын хэсэг ч асуудлаа ярилцаж, дүгнэлт гаргахад шаардагдах материалуудыг Засгийн газраас өгөхийг хүссэн. Гэвч Засгийн газар одоог хүртэл тэдний хүссэн материалуудыг өгөхгүй байсаар Тавантолгойн асуудал гацаанд орж, хүлээлтийн байдалд шилжчихээд байгаа юм. Гэтэл Тавантолгойн төсөл Ажлын хэсгийн “босго” давахгүй нь гэдэг нь тодорхой боллоо.

uls_556e43e960515_1

Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийж, гаргах гэж буй дүгнэлтийнхээ талаар ерөнхий мэдээллийг өгөв. Хэрэв Засгийн газраас шаардаж байгаа материалуудыг өгчихвөл дүгнэлтийг 3 хоногийн дотор гаргаж, УИХ-ын даргад өргөн барьчих юм гэнэ.

Одоогоор Ажлын хэсэг “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшиж, урагшаа чиглэсэн Гашуунсухайт-Ухаахудаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замын ажлыг хөрөнгө оруулагчид хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй гэж дүгнэжээ. Мөн олон нийтийн анхаарлыг татаж байгаа иргэн бүрт олгох 1072 ширхэг хувьцааны асуудлаар дүгнэлт гаргасан байна. Тавантолгойд нийт 15 тэрбум хувьцаа гаргасан байдаг. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөгийн хувьцаа болох юм. 2.1 сая иргэн болон аж ахуйн нэгжийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж буй аж. Тиймээс Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшиж байгаа хувьцааг хэнд, хэрхэн эзэмшүүлэх нь өөрийн эрхийн асуудал боловч цаашид хэн нэгэнд дамжуулан ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрөл хэрэгтэй гэж үзжээ.

Тавантолгойн төслийн гэрээ яагаад ажлын хэсгийн босгыг давахааргүй болов. Гол асуудал нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэрээг байгуулахаар оруулж ирсэн учир УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлагагүй гэдгийг ажлын хэсэг дээрээ ярилцжээ. Үүнээс гадна Тавантолгойн төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Төмөр замын концессын гэрээ, түүнчлэн дагалдах гэрээнүүд болох Төслийн компаниас “Сумитомо” корпорацитай байгуулах гэрээ, Төслийн компанийн хувь нийлүүлэгч “Энержи ресурс” корпорациас “Шенхуа” компанитай байгуулах гэрээний албан ёсны англи хувилбарыг удаа дараа хүссэн ч Засгийн газраас одоо хүртэл ирүүлээгүй аж.

Тэд яагаад УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг хурдан гаргахын тулд материалыг гаргаж өгөхгүй байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Засгийн газар Тавантолгойн сонгон шалгаруулалтыг хийхдээ нэг компанид давуу эрх олгосон уу гэдгийг хүртэл ажлын хэсэг шалгах хүсэлтэй байгаа аж.

Ингэж үзэж үндэслэл буй учир тэд шалгаж байгаа юм байна. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хэлж байгаагаар бол аль нэг компанийг уг төсөлд оруулах асуудлын тухай бус хөндлөн чиглэлийн төмөр замыг барих 3.1 тэрбум ам.доллар, урагшаа чиглэлийн 268 км төмөр замыг барих нэг тэрбум ам.доллар нийт 4.5 тэрбум ам.долларыг төмөр замд гаргаж чадах компани л Тавантолгойн олборлолтын ажилд оролцох нь зүйтэй гэж харж буй аж.

Хэрэв Засгийн газар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлвэл Тавантолгойн гэрээний төслийг буцааж авна. Санал нийлэхгүй бол төсөл мөн л гацаанд орохоор нөхцөл байдал үүсчихлээ. Яамдууд ч уг гэрээнд өөрсдийн саналаа ирүүлсэн. Уул уурхайн яамны тухайд гэхэд гэрээний төсөл бүхэлдээ Төслийн компанид давуу эрх олгосон, Засгийн газар, холбогдох төрийн байгууллагын эрхийг хязгаарласан байна гэсэн дүгнэлтийг гаргасан байсан. Энэ мэт Тавантолгойн гэрээний төсөлд ажлын хэсэг болон яамдын зүгээс шүүмжлэлтэй хандаж, дүгнэлтээ гаргаж байна. Тиймээс төсөл “босго” давахгүй нь тодорхой болж байх шиг байна.


URL:

Сэтгэгдэл бичих