АСЕМ-д зориулан барьж буй хотхоны бохир усыг Туул голд асгаж байна
Өнөөдөр төрийн ордонд “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг эхэлсэн. Олон жил “аврал эрсэн Туул гол” гэж ярьсаар өдийг хүрч байна. Өнөөдөр ч гэсэн танхимд суугаад хэлэлцэж л байна.
Гэвч танхимын хэлэлцүүлэгтэй зэрэгцэн Туул голын бохирдлын асуудал улам бүр ундарч байна.
Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ-ын Цэвэрлэх байгууламж өдгөө аваарын байдалтай ажиллаж байна. Учир нь Улаанбаатар хотын бохирыг шүүж, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж хэдийнэ насгүй болж тэг зогсолт хийхэд хүрсэн билээ.
Нөхцөл байдлын талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд өнөөдөр газар дээр нь очиж танилцана.
Хамгийн гол асуудал нь цэвэрлэх байгууламжийн цоорсон хэсэгт засвар хийх тохиолдолд нийслэлчүүд бохироо хааш зайлуулах вэ? Хамгийн эхний гарц нь өнөөх л Туул гол болж үлдэх бий вий.
Танхимд хэлэлцэж байгаа асуудал бодит байдал 2 ингэж л эхнээсээ зөрж эхэллээ.
Цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг дахин хөндөнө.
Тэгвэл Туул голтой холбоотой бас нэгэн баримт дэлгэе.
50 гаруй улсын төрийн тэргүүн Монголд ирэх АСЕМ-ын уулзалтанд зориулж төрийн тусгай хамгаалалтын газарт нэгэн хотхон сүндэрлэж буй. Энэ бол “АСЕМ Виллаж” хотхон юм. “Нарны гэрлээр буюу сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа хангадаг, байгаль орчинд ээлтэй эко хаус” гэх чамин чимэгтэй төрийн тэргүүнүүдийн байрлах энэхүү зочид буудал, хотхоныг МCS групп барьж байгаа гэж эх сурвалж хэлж буй.
Мэдээж төрийн өндөр дээд хэмжээний уулзалт Монголд болж байгаа нь дэлхий дахинд Монголыг сурталчилах маш том боломж учраас бүх талаар бэлтгэл ажлыг сайн хангах хэрэгтэй ч төсвөөс хичнээн хэмжээний төгрөг гарч баригдаж буй нь тодорхойгүй.
Богд уулын арын зам, “Скай ресорт”-ын баруун талд “АСЕМ виллаж” хотхоныг барих ажил эхэлсэн бөгөөд хамгийн харамсалтай нь бохир усаа шууд Туул голд цутгаж буй дүр зураг байна.
Хэдийгээр ашиглалтанд ороогүй ч барилгын явцад ашиглагдсан бохироо шууд Туул голд нийлүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ?
Аврал эрсэн Туул голын бодит дүр төрх ийм байна, танхимд суугаад хэлэлцэгчид ээ?
Г.Эрдэм
ugluu.mn
URL: