Аялгуут усан оргилуур бүхий танктай хөшөөний талбайн нээлт болно

32_6a824f3fc492e372ee3981a1bce7262cbeb9b5cc

Дэлхий дахинаа компанийн нийгмийн хариуцлага гэх нэр томъёог мэддэг, хэрэглэдэг болоод 30 гаруй жил болжээ. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг нь асрамжийн хүүхдүүдийг нэг өдөр хооллож, зуданд нэрвэгдсэн малчдад ганц нэг удаа тусламж үзүүлэхээс илүүтэй улс орны нийгмийн тогтвортой хөгжилд оруулж буй бодит хувь нэмрийг компанийн нийгмийн хариуцлага гэж тодорхойлдог байна.

Өөрөөр хэлбэл компани нь тогтвортой үйл ажиллагаа явуулж, цаг хугацаанд нь татвараа төлдөг, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллах төдийгүй хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй, нийгмийн хөгжил, дэвшилд хувь нэмэрээ оруулахад чиглэгдсэн байдлыг хэлж байгаа хэрэг.

Манай үндэсний компаниудын нийгэмд чиглэсэн дорвитой ажлуудыг хийж гүйцэтгэж байгаагийн нэг жишээ нь “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Зайсан Толгой дахь Танктай хөшөө бүхий дурсгалын цогцолборыг өөрийн хөрөнгөөр сэргээн засварласан явдал юм. Танктай хөшөөний талбай Аялгуут усан оргилуур, түргэн хоолны ресторануудыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн бүтээн байгуулсан нь иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахуйц ажил болжээ. Тус бүтээн байгуулалтыг 2014-2015 онд 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн тухай албаны хүн мэдээллэсэн юм.

Тус цогцолборын тохижилт, сэргээн засварлалтын ажлыг хийж эхлэхэд иргэдийн зүгээс түүхэн, дурсгалт газар хувийн компанийн мэдэлд очлоо, зарлаа гэх мэт шүүмжлэлд их өртөж байсан ч бүтээн байгуулалт дууссаны дараа Улаанбаатарчуудын амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой, тохь тухтай болсонд иргэд талархаж байна.

Тус талбайд хөгжмийн хэмнэлээр ажиллах “Аялгуут усан оргилуур”, зургаан төрлийн түргэн хоолны газар, залуучуудын бие биедээ сэтгэлээ илчлэн хайрын баталгаагаа цоожлох “Хайрын цоож” зүүдэг хэсгийг байршуулж өгсөн ба Танктай хөшөөний эргэн тойронд мод тарьж, зүлэгжүүлсэн байна.

Оюуны Ундраа Групп, Хан-Уул дүүрэгтэй хамтран 2015 оны 06 сарын 01-ний өдөр “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Танктай хөшөөний талбайн нээлтийн өдөрлөгийг зохион байгуулагдах тул хүүхэд багачууд, эцэг эхчүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Өдөрлөгөөр хүүхэд, багачуудад зориулсан урлагийн тоглолт, хайртай үлгэрийн баатартайгаа уулзах, төрөл бүрийн уралдаан, тоглоомонд оролцож авъяас, чадвараа сорих зэрэг бүтэн өдрийн хөтөлбөртэй ба өдөрлөгийн үеэр хүүхэд багачуудын дуртай ундаа, амттан, мөхөөлдөс, бэлгийн худалдааг зохион байгуулах юм байна.

Б.Батсүх


URL:

Сэтгэгдэл бичих