Авлигын эсрэг айлгах ТАКТИК
БНХАУ-ын дарга Си Зиньпин албан тушаалаа хүлээж авснаас хойш авлигын эсрэг маш хүчтэй тэмцэл өрнүүлж байгаа юм. Тодруулбал 2012 онд албан тушаалдаа томилогдсоноос хойш авилгийн эсрэг өргөн далайцтай тэмцэл өрнүүлж эхэлсэн билээ. Түүний эхлүүлсэн авлигын эсрэг “Бар болон Үнэгний ан” гэх үйл ажиллагаа нь хятадын төрд авлигын томоохон сүлжээ үүсгэж, олон саяар тоологдох хөрөнгө завшсан албан тушаалтнууд болон тэдний холбоотон, гэр бүл, төрөл садныг толгой дараалан шалгаж, зохих ёсны шийтгэлийг оноож эхлээд байгаа юм.
Харин тэрбээр энэ сарын 15-нд Хубэй мужийн сайд, өндөр албан тушаалтан 70 хүнийг гэр бүлийнх нь хамтаар шоронгоор аялуулж, авлигын хор хөнөөлийн талаарх мэдлэг олгосон байна. Мөн авлигын хэргээр хоригдож буй хүмүүсийг хэрхэн байцааж байгааг харуулсан “Өмнө ба одоо” гэх гэрэл зургуудыг шоронгийн хананд үзүүлэн болгон өлгөж, зургийн тайлбарт “Хэрвээ би авлига авч, ард түмнээ хуураагүй байсан бол өмнөх шигээ сайхан амьдрах байлаа ” гэж бичжээ. Аяллын төгсөлд авлигын хэргээр шоронд хоригдож буй хоригдлуудын сэтгэгдлийг сонсгож, бяцхан уулзалт зохион байгуулжээ.
Хятадын авлигатай тэмцэх байгууллага, Сахилга бат, хяналтын хороо төрийн албан хаагчдыг шоронгийн үйл ажиллагаатай танилцуулж байгаа тухай албан ёсоор өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. Ерөнхийлөгч Си Зиньпин хятадын төрд бугшсан томоохон авлигын сүлжээг үгүй хийхийн тулд бүх шатанд цэвэрлэгээ хийх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа юм. Си Жиньпины энэ бодлогыг авлигын хэрэгт орооцолдвол үлдсэн амьдрал нь хэцүү нөхцөлд торны цаана өнгөрнө гэдгийг харуулсан айлгах “Тактик” хэмээн ажиглагчид үзэж байна.
Г.Бэхи
new.mn
URL: