Хөшигийн хөндийд казино байгуулж Дубайгаас жуулчид татна
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийсэн байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдаж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд ажиллаж, Олон улсын нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцсан юм. Японы Хөгжлийн албан ёсны туслалцааны Зээлийн гэрээ УИХ-аар соёрхон батлагдсан. Хоёрдугаар шатны зээлийн асуудал энэ долоо хоногт УИХ-аар орж шийдэгдэх юм. Төслийн санхүүжүүлэгч нь Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага бол төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгарч 49.5 тэрбум иенийн үнийн дүнтэй гэрээг байгуулан ажиллаж байна.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг санхүүжүүлж буй Япон Улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 2018 оноос эхэлнэ. Энэхүү зээлийг уг нисэх буудлын үйл ажиллагааны орлогоос эргэн төлөхийн тулд үр ашигтай ажиллуулах хамгийн оновчтой менежментийг сонгох нь нэн чухал. Мөн нисэх онгоцны шинэ буудлын Зорчигч үйлчилгээний барилгын төлөвлөлтийн шатанд жилдээ 12 сая хүртэл зорчигч хүлээн авч үйлчлэх боломжтой болгон өргөтгөх боломжийг тооцсоноос гадна дахин нэмэлт зурвас барих зай талбайг төлөвлөсөн. Хэдийгээр нэмэлт зурвасыг барих төлөвлөлтийг хийсэн боловч уг зурвасыг барих газрын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна. Иймээс нисэх онгоцны шинэ буудлын ирээдүйн хөгжлийг бүрэн хангахуйц зай талбайг тусгай хэрэгцээнд авах шаардлагатай” гэж байв.
Энэ саналаа бүлгийн хуралдаа илүү тодотгон тайлбарлаж өгчээ. Тодруулбал, Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулж казино байгуулах санал гаргасан байна. Дубай хотын нисэх буудлын орчимд казино байдаг бөгөөд олон сая жуулчин, тэр дундаа хятадууд олноор очиж тоглодог байна. Хэрэв Улаанбаатарын нисэх буудлын хажууд Дубайн хэмжээний том казино байгуулчихвал Хятадын жуулчид илүү ойр учир манайд ирж тоглох боломжтой. Дубайн олон сая жуулчдыг Монгол руу татах боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд бүлгийн гишүүддээ санал болгосон байна. Иймд УИХ-аар хэлэлцэж буй Казино байгуулах тухай хуулийн төсөлд тусгасан хоёр газар казино байгуулахын нэгийг Хөшигийн хөндийд байгуулж болох юм гэж гишүүд ярилцсан байна.
Мөн бүлгийн гишүүддээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд айлчлал хийсэн үр дүнгээ танилцуулжээ. Тэрээр өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд энэ тухайгаа дэлгэрэнгүй танилцуулсан учир энд дурдсангүй. Ямар боловч бүлгийн гишүүд нь айлчлалын үр дүнг сайшааж баяр хүргэсэн гэнэ. Олон улсын хэвлэлийн хуудаст нь улс орны эдийн засагт өгөөжтэй айлчлал болсныг тэмдэглэсэн байгааг онцолсон байна. Айлчлалын үеэр АНЭУ руу нэг сая малын мах экспортлохоор тохирсныг онцолж махаа нөөшилсэн хэлбэрээр гаргахаар болсон гээд дээжийг нь бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэвлэлийнхэнд үзүүллээ. Махыг жижиг гялгар уутанд савласан бөгөөд өөр хэд хэдэн савлагаатайгаар Эмирт рүү экспортод гаргах юм байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ингэж хариулав.
-Оюутолгойн төлөвлөгөөнд тав хоногийн дотор Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчинтөгөлдөр болно гэсэн. Энэ талаар Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ. Гэрээг яг хэзээ үзэглэх вэ?
-Оюутолгой төсөл одоо УИХ болон Засгийн газрын мэдлийн асуудал биш болсон. Компанийн мэдэлд бүрэн шилжсэн гэдгийг Ерөнхий сайд тодорхой хэлсэн. Сангийн сайд зурна гэсэн ойлголт байхгүй. Засгийн газраас энэ талаар дахин тодорхой мэдээлэл хийнэ гэсэн.
-Ерөнхий сайдын Эмиртэд зурсан баримт бичгийг АН-ын бүлэг төлөвлөгөө гэж үзэж байгаа юу, гэрээ гэжүзэж байгаа юу?
-Ерөнхий сайд албан ёсоор гэрээ биш гэдгээ хэлсэн. Ерөнхий сайдын хэлсэнчлэн төлөвлөгөө гэж үзэж байгаа.
-Хүнд үйлдвэрийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд их хэмжээний санхүүжилт шаардагдах байх. Үүнийгхэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээр зургаан тэрбум орчим ам.долларын хөрөнгө босгох эрх нь нээгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, 14-15 арилжааны банкинд зургаа орчим тэрбум ам.долларын хөрөнгө босгож болох эрх нээгдэж байгаа хэрэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хаха Дубайгаас уу? Заавал Дубайгаас нь юув л?