Урхи
Сонгуулийн чимээ хэдийнэ анирласан энэ үед ил далд PR-ууд замаа алджээ. Хэдийгээр Сонгуулийн хуулийн өөрчлөлт тодорхой болоогүй ч тойрог онилсон нөхөд зүгээр сууж тэвчихээ байв. Тэвчихээ болиод хийсэн үйлдлүүд нь мань мэтийн иргэдийг төөрөгдүүлээд байгааг учир мэдэх улс хэлж байна. Нэг үгээр хэлбэл, төрд ажиллаж буй тойрог сонирхсон “улстөрчид” албаараа дамжуулан PR-даж, тэрийгээ санал суйлах урхи гээд нэрлэчихэж. Ерөөс урхи гэдэг увайгүй утгатай үг л дээ. Я.Цэвэл гуайн тольд урхи гэдгийг “…1. амьтныг оосорлон барих, чангарах гогцоо бүхий оосор, 2. цалам, 3. шилжсэн мэх, ов, муу арга гэжээ.
Монгол үгийг хамгийн ончоор тайлбарласан Я.Цэвэл гуайн “ногоон толь”-ийг гүйцэх толь бичиг өнөө хэр нь гараагүй байгаа. Тийм болохоор хамгийн сонгодог тайлбар нь гэсэн үг.
Сонгогчдод тавьсан урхинаас ил болсон нь ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханых гэж байна. Энэ эрхэм намаа шинэчлэх хөдөлгөөн гээчийг байгуулж, сүүлдээ Хэлмэгдэгсдийн хөшөөн дээр хонон өнжин жагсан байж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Харин МАН засагт нэгдэх үед хамгийн түрүүнд албан тушаалд очсон хүмүүсийн нэгээр тэр тодорсон. Учир нь О.Магнай “…У.Хүрэлсүх муухай” гээд ажлаа өгөөд явчихсан. ШӨХТГ-ын даргын суудал хоосон байсан юм. Энэ албан тушаал Шадар сайдын мэдэлд байдаг болохоор намын бодлогоор мань эрийг тавьсан байж таарна. Намын эсрэг юм яриад байгаа хүнийг дуугүй болгодог нэг технологи нь энэ юм л даа. Өмнө нь ч МАН-ын олон шинэчлэгчид, эсэргүүцэгчид ийм маягаар сураг алдарч байсан. Ингээд ШӨХТГ-ын даргын суудалд суусан Т.Аюурсайхан юуны өмнө О.Магнайтай баг болон ажиллаж байсан хүмүүсийг “цэвэрлэсэн” байдаг. Шинэ дарга болгон хийдэг цэвэрлэгээ болохоор хүмүүс анзаарсан ч үгүй. Үнэндээ тэнд хэн ажиллах нь хүмүүст огт падгүй. Харин Т.Аюурсайхан бидний төлөө юу хийх нь вэ гэдэг л чухал байлаа. Ядаж байхад О.Магнай энэ албыг сонгодог утгаар нь ажиллуулаад харуулчихсан. Өөрөө Монголын хаанаас ч нэр дэвшсэн гарахаар хэмжээний оноог цуглуулчихсан. Ийм хүний араас алба залгуулна гэдэг хүнд нь хүнд. Гэхдээ л боломж бол бий.
Т.Аюурсайхан тэрхүү боломж дээр андуурсан тоглолт хийгээд эхлэв. Ажилд очсон даруйдаа О.Магнайгийн эхлүүлсэн бүхий л акцийг барьж тавьж үзэв. Банкуудын шимтгэл, үүрэн телефоны операторуудын асуудал гээд л. Тэгж тэгж машин ачдаг, дугуй түгждэг нийслэлийн шийдвэртэй барьцалдаад авлаа. Бүр шүүхэд өгөв. Т.Аюурсайханы энэхүү шийдэл эхэндээ яахын аргагүй хүмүүст таалагдсан. Болж дээ л гэцгээж байв. Харин өнөөдөр энэ нь зүгээр л нэг шоу төдий зүйл болж хувирч байгаа нь бидэнд анзаарагдаад эхэллээ. Өөрөөр хэлбэл, Хотын захирагч Э.Бат-Үүлийн хэлээд байсан “… зүгээр л нэг сонгуулийн шоу” болж таарав. Учир мэдэх хүний хэлж байгаагаар, бас судалгааны дүнгээр хүмүүс голдуу Чингэлтэй дүүргийн нутагт л машинаа ачуулж, дугуйг нь түгжүүлдэг юм байна. Энэ дүүргийнхэн бараг л байрныхаа гаднаас машинаа ачуулчихлаа гэсэн мэдээллүүд ч гардаг. Тиймээс энэ дүүргээс Их хуралд нэр дэвшинэ гэж онилсон Т.Аюурсайхан үүнийг хамгийн оновчтой PR гэж үзжээ. Түүнчлэн ШӨХТГ-ын байцаагчдыг энэ асуудлаар маш сайн ажиллаж байгаагаа Чингэлтэйнхэнд харуул гэдэг үүрэг даалгаврыг өгсөн тухай ч яригдаж байна.
Урхи тавьсан дараагийн хүнээр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог нэрлэж болох нь. Түүнийг сайд С.Эрдэнийн хүн гэдэг. Энэ ч үнэн. Өөрөө ч нуудаггүй. Асуух юмаа хэнээс ч ичиж нэрэлхэлгүй сайд руугаа утас цохиод л асуучихна. Мань эрд бас ирэх сонгуулиар дүүрэгт шаанс байгааг “дээрээс” ойлгуулчихаж. Бас өрсөлдөгч бийг ч сануулсан байна. Өрсөлдөгч нь мэдээж хэрэг МАН-ынх. Д.Оросоогийн од гийж, нөгөөхийнх нь гай таарч XVI байрны гэх асуудал босч ирэв. Хажууд нь барилгын нүх ухсанаас хазайлт өгсөн орон сууц. Тэр нүхийг ухсан компанийн захирал нь МАН-ын залуусын нэг. Нөлөө бүхий хүний хүүхэд. Товчхондоо Д.Оросоогийн өрсөлдөгч гэх. Тиймээс л мань Засаг дарга хууль зөрчигчидтэй хатуу тэмцэх мэдэгдлийг газар дээрээс нь хүртэл хийж, хэвлэлийн бага хурал зарласан байна. Харин өрсөлдөгчийнхөө нэрийг зарлахгүй байгаа билээ.
Энэ мэтчилэн их, бага урхи бэлдсэн том, жижиг улстөрчдийн хөдөлгөөн эхэлчихсэн байна. Тэдний олонх Сонгуулийн хууль хүлээж байна. Одоо Их хуралд байгаа улстөрчид нь чуулган завсарлахыг хүлээж буй. Тэдний төлөвлөгөө, PR нь аль эрт бэлэн болчихсон. Мэдээж хэрэг, тэр нь сонгогчдод тавьсан урхи. Тэд урхиа янз бүрээр хийнэ. Сонгогчид урхинд нь байнга ороод сургачихсан. Харин ирэх сонгуулиар яах бол…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: