“ГАРЫН ҮСЭГ”-ИЙН ЭРЭЛД…
Бие даагчдын, бас зарим гишүүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл энэ өдрүүдэд “гарын үсэг” болоод байна. Анх О.Баасанхүү гишүүний эхлүүлсэн, улмаар С.Ганбаатар тэргүүтэй бие даагчдаар бүл нэмсэн, удалгүй Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга зэрэг эрх баригчдаар эгнээгээ тэлсэн Ерөнхий сайдыг огцруулах саналтай энэ нь холбоотой. Учир нь, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахад УИХ-ын 39 гишүүний кноп хэрэгтэй байдаг бол огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихад 19 “гарын үсэг” шаардлагатай юм.
Нийт гишүүний дөрөвний нэг нь санаачилсан тохиолдолд л Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцдэг УИХ-ын дэг ийнхүү зарим хүнийг “гарын үсэг”-ийн эрэлд гарахад хүргэжээ.
Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах шалтаг, шалтгаан нь хүн бүрийн хувьд өөр, өөр байгаа бололтой. Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх тохиролцоо явахаас өмнө буюу Ерөнхий сайдыг Дубайд очихоос ч эрт энэ санаачилгаанх О.Баасанхүү гишүүнээс гарсан байдаг. Харин Г.Уянга, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн хувьд Оюутолгойтой холбогдуулж
Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж үзэж байгаагаа хэвлэлийн бага хурлаар зарласан. Хамгийн сүүлд тэдэнтэй нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн гишүүн Ч.Улааны хувьд энэ өдрүүдэд УИХ-ын хэлэлцэж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах юм бол Ерөнхий сайдыг огцруулна гэдгээ өчигдөр чуулганы танхимд мэдэгдлээ. Энэ мэт шалтгаантай Ерөнхий сайдыг огцруулах “фракц”-ынхан өчигдөр үдээс хойш наймуулаа болсон байв. Тэд бол Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, Г.Уянга, С.Ганбаатар, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Улаан нар. 19-үүлээ болоход ахиад 11 “гарын үсэг” хэрэгтэй ч нэмэгдэх магадлал бас байгаа юм.
Сүүлийн үед ярилцлага өгөх бүртээ “Засаг огцрох ёстой, УИХ тарах хэрэгтэй” гэж буй Ж.Энхбаяр тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүдийг ч тэдэнтэй нэгдэж магадгүй гэх яриа таржээ. Нөгөөтэйгүүр, хамтарсан Засгийн газраас яаралтай гарах ёстой гэж үзэж буй МАН-ын гишүүд Оюутолгойн энэхүү хэлэлцээг “далимдуулъя” гэж байгаа гэх. Бас түрүүний засагт сайд хийж байгаад огцорсон Д.Тэрбишдагва, сайдад нэр дэвшээд зэрэг нэмдэгийн даваан дээр татагдсан Н.Батцэрэг нарыг энэ “фракц”-д нэгдэнэ гэх яриа гарчээ.
Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: