Хамгийн залуу улс төрийн хоригдол ба хуурамч Банчин эрдэнийн хувилгаан

74022ea2a1091abbe3e9fd4c8922bba6Банчин эрдэнийн хувилгаан дүр нь цаг хугацааны хувьд III Далай ламтай нэгэн цаг үед /1470-1550-иад он/ Дашилхүмбэ хийдийн хамба, Шарын шашны их шинэтгэгч, аугаа сэтгэгч Зонхов Лувсандагвын шавь Хайдүвжэ-ийн залгамжлагч Авид бурхны хувилгаан дүр хэмээн эдүгээ хүртэл 11 дүр үе дараалан тодорсон юм.

Бурхны шашны түүхэн сурвалжуудад Банчин эрдэнэ, Далай лам хоёрыг шарын шашны “Наран Саран хоёр” хэмээн дүгнэсэн нь олонтаа байдаг билээ.

Түүний Бурхны шашныг Шар малгайтны урсгалд гүйцэтгэсэн үүргийг товчхондоо шарын шашны оюун санааны удирдагч хэмээн тодорхойлсон нь Гандан лавран төвтэй Төвдийн төрийн тэргүүний чиг үүргийг үүрч асан Далай ламын институцээс онц ялгаатай байсныг илтгэнэ. Гэндэндүба-ийн гэгээний хойд дүр болох Далай ламын олон дүрүүд, Банчин эрдэнийн хувилгаан төрөл тутмын залгамжлагчид нь шарын шашныг оройлон тэтгэгчдийн бие биесийн хойд дүрийг тодруулах зэргээр бие биеийн үгүй дутууг нөхөн ирсэн байдаг. Банчин эрдэнийн үе үеийн хувилгаад Монголын бурхны шашны шар малгайтны урсгалын тэргүүн Жэвзун дарнатын хувилгаантай багш шавын барилдлага тогтоож ирсэн нь Монголын бурхны шашны түүхэнд түүхэн ул мөрөө үлдээсэн билээ.

Банчин эрдэнийн XI дүрийн хувилгаан Гэндэн Чойжи Нима-гийн эмгэнэлт хувь заяа буюу дэлхий дээрх хамгийн залуу улс төрийн хоригдол.

Хэдхэн хоногийн өмнө буюу 2015 оны 04-дүгээр сарын 25-нд дэлхий даяар хамгийн залуу улс төрийн хоригдол хэмээгдэх болсон, Дээрхийн гэгээн XIV Далай ламаас XI Банчин эрдэнийн хувилгаан мөн хэмээн тодруулан, батламжилсан XI Банчин лам, Гэндэн Чойжи нима/ 1989.04.25-?/-гийн 26 насны ойг дэлхийн бурхны шашинтнууд, хүний эрхийн байгууллагууд тэмдэглэн өнгөрүүллээ. 1995 оны 05-р сарын 17 ны өдрөөс өдгөөг хүртэл эцэг эхийн хамт сураггүй болсон Гэндэн Чойжи нимагийн төрсөн өдөр дэлхий дахины анхаарлын төвд болж өнгөрөхдөө “Гэндэн Чойжи нимааг сулла” гэсэн шаардлага, түүнийг суллаасай гэсэн горьдлого , ердийн хэв ёсны хүмүүнлэг хүмүүсийн дуу хоолойтой хоршин болж өнгөрлөө.

Өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 1995 оны 05-р сарын 14-нд Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц бээр тухайн үед зургаахан настай байсан Гэндэн Чойжи нимааг Х Банчин ламын хойд дүр хэмээн зарласан юм. Ердөө 3 хоногийн дараа буюу 1995 оны 05- сарын 17-нд Хятадын засаг захиргааны шийдвэр оролцоотойгоор түүнийг эцэг эхийн хамт ор сураггүй алга болгосон билээ. Түүнээс өдгөөг хүртэл тэдний хувь заяа хэрхсэн болон ер нь амьд эсэх тухай ямар ч мэдээлэлгүй байсаар иржээ. Энэ хугацаанд АНУ, Европын холбооны хүний эрхийн байгууллагууд, НҮБ-ын сураггүй алга бологсод болон болон хүчирхийллийн дор амьдрагсдын эрхийг хамгаалах ажлын хэсэг, хүний эрхийн төрийн бус байгууллагууд удаа дараа XI Банчин эрдэнийн хувь заяа, одоогийн нөхцөл байдлын талаарх барин тавих баримттай мэдээлэл өгөхийг шаарддаг ч амжилтад хүрээгүй л байна. Удаа дараа шаардсаны эцэст сураггүй алга болсон бяцхан хүүгийн стерео бичлэг, түүний эцэг эхийн “Бид энх тунх жаргалтай амьдарч байна, бид гадаад ертөнцтэй холбогдох хүсэлгүйгээр үл барам бидэнд саад болохыг хүсэхгүй байна” гэх мэтийг сонсгодог байна.

2009 оны 10-р сарын 18-нд Хятадын коммунист намын үндэсний нэгдмэл фронтын орлогч сайд Цу Вейдийн мэдэгдлийг ХБНГУ-ын хүний эрхийн байгууллын тайланд дурджээ. Энэ нь үнэхээр сонирхол татууштай бөгөөд басхүү айдас хүрмээр мэдэгдэл байсан талаар Европ даяар шуугьсан байдаг. Энэ нь дараах болно. Үүнд: “Далай лам хутагт хувилгаадын түүхэн болоод шашны зан үйлийг огт хэрэггүй зүйл болгон хувиргалаа, тиймээс Гэдэн Чойжи нимааг хувилгаан хэмээн хүлээн зөвшөөрсөн нь хууль бус бөгөөд хүчингүй… энэ бол бидний хүүхэд, нэгэн Төвд хүүхэд, манай иргэн, /Tibetan center for human and democracy, www.tchrd.org өдгөөг хүртэл бид түүнийг эрүүл өсгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Далай ламын хууль бусаар хүлээн зөвшөөрсөн хүү мэдээж Хятадад эрүүл өсөж байгаа. Тэр ирээдүйд Хятад Төвдөд сайн үйл бүтээх болно” гэжээ

Энэ мэтээр олон жил башир мэх сэдэх завсартаа түүнийг “Улсын найдвартай хамгаалалтад байгаа” хэмээх үгээр улигладаг байна.

Хятадын засаг захиргааны удаа дараагийн дээрх мэдэгдлүүд нь орчин тойрноо эрүүл нүдээр харж чаддаг аливаа мэдээлэлд рациональ дүгнэлт хийх чадвар, боломжтой хүмүүсийн хувьд нялхасын наадгай мэт сонсогдовч, харамсалтай нь Хятадын засаг захиргааныхны ярьдгаас бусад нь бүгд худал гэж сэтгэдэг, аливаа мэдээлэлд ухаалаг дүн шинжилгээ хийх боломж чадваргүй товчхондоо дэлхий хэмээх их далайн захад нэгэнтээ хүрч үл үзсэн “Худгийн мэлхий” мэт хүмүүст л үнэн сонсогдох боломжтой юм. Ёр нь соёлт хүн төрөлхтөн хүний логик, танин мэдэхүйн хэлбэр, сэтгэхүйн боломж, хуулиудыг нээсэн тэртээ олон зуунд ч аливаа мэдээлэл мэдлэгийг хайрцаглах бусармаг үзэл байсаар ирсэн байдаг.

Зургаахан настай бяцхан хүүгийн аймшигтай хувь заяаны эргүүлэг зөвхөн түүний эцэг эхийг зовлонд живүүлээд зогсоогүй юм. Хятадын засаг захиргааны улс төрийн сэдэл шийдлийн хооронд XI Банчинг тодруулах комиссыг байгуулж байсан бөгөөд тухайн үеийн Дашлхүмбэ хийдийн хамба, тодруулах комиссын тэргүүн Жадрал ренбүүчи нь 2001 онд 5-р сараас хойш 6 жилийн хорих ялаар шийтгүүлснээс хойш хувь заяа нь бүрхэг замаар орсон гэдэг. Хорих ялаар шийтгүүлсэн шалтгаан нь “улсын нууц задруулсан” гэдэг аж.

Угтаа Далай ламаас бурхны шашныг уламжлал, жаяг ёсыг үл хэрэглэсэн, улс төрийн зорилгоор тодруулсан Жанцанноров гэгчийг өдгөө бүс нутгийн хувьд хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор энх тайвны мөргөл, Энх тайвны төлөөх хурал зэрэг арга хэмжээ зохиож байсан. Монголоос Гандантэгчилэн хийдээс ч оролцож л байсан.

Гайхалтай нь Хятадын засаг захиргаанаас зохион байгуулалттайгаар өргөмжилсөн XI Банчин Эрдэнийн хувилгаан гэгдэх Жанцанноров нь Төвдөд болж буй хүчирхийлэл, хүний эрх зөрчигдөж буй үйл явдлуудад өчүүхэн ч эмзэглэдэггүй бөгөөд энэ нь түүний бие даасан байр суурь гэж огтоос байхгүй мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Лхасад болсон 2008 оны тайван жагсаал эцэстээ хүчирхийллээр төгссөний дараа Хятадын засаг захиргаанаас Банчин эрдэнийн хувилгаан гэгдэх Жанцанноровыг Төвдийн ӨЗО-ны хилийн дагуу дагуух хот тосгодоор айлчлуулсан боловч түүнийг Төвдүүд төдийлөн тааламжтай хүлээн аваагүй юм. Банчин эрдэнийн хойд дүрийг ийнхүү дөнгөж төрсөн нярайд нэр өгөхтэй адил хөнгөнд үзэж буй нь хятадын Засгийн газраас явуулж буй алсын бодлоготой арга хэмжээ бөгөөд Манж Чин гүрний үед ч ийм завхрал гарч байсан тухай түүхэнд бичигдсэн байна.

Судлаач хүний өнцгөөс хархад Бээжин дараах бодлого баримталж буй мэт санагдана.

Үүнд:

Оюун санаагаа Бээжингээс тэтгүүлдэг Банчин Богдтой байх нь их гүрний Төвдүүдийн итгэл үнэмшил, оюун санааны үнэт зүйлийн орон зайг эзлэх Далай лам болон түүний тодруулан батламжилсан хутагт хувилгаадын байр суурийг ор мөргүй алга болгох, улмаар эх газрын Төвдүүдийг Драмсалагаас үүрд зааглах.

Банчин эрдэнийн урьд урьдын дүрүүд Далай лам, Халхын Богд Жавзундамба болон бусад хувилгаадын хойд дүрийг нэр төдий тодруулснаар эх газрын Төвд, Хөхнуур, Өвөрмонголд Буддын шашныг Коммунист маягийн цоо шинэ институцийг төлөвшүүлэх.

Гадаад ертөнцөд Буддын шашныг зүй ёсоор хүлээн зөвшөөрч, зарим талаар хүний шүтэн бишрэх эрхийг хангаж буй хэмээн харагдахын зорилт болгож байна гэж үзэж болохоор байна.

Хэн нэгэн өөрийн онцгой авьяас чадвар, оюун санааны болоод бие махбодын боломж, чадлаа үнэлэн өөрийгөө өргөмжлөх, сурталчлах нь хүний эрхийг эрхэмлэж дээдэлдэг эрүүл нийгэмд бол бололцоотой зүйл. Гэвч Буддын шашны хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах нь 1290 оноос эхлэлтэй өнө удан жилийн түүхтэй билээ.

Өдгөө дэлхий даяар Хятадууд хуурамчаар тодруулсан, дашрамд нь өөртэй нь нас чацуу Гэндэн Чойжи нима /XIV Далай ламаас тодруулаад, одоо сураггүй алга болж, эсвэл шоронд хоригдож байгаа./ гийн эрх ноцтой зөрчигдсөн хэмээн дэлхийн олон улс орнуудын парламент, хүний эрхийн байгууллагуудын анхаарлаа хандуулсаар байна. Банчин эрдэнийн хувилгаан дүрийн асуудал угтаа 1600-аад оны эхэнд Монголчуудтай бас л холбогддог. Дашилхүмбэ хийдийн тэргүүн, Банчин эрдэнэ хэмээх алдрыг Ойрдын Гүүш хаан өгсөн байдаг ба энэ тухай Монголчууд төдийлөн их ярьдаггүй юм.

Бурхны шашны хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах зан үйл нь ийнхүү олон зуун элээж төлөвшсөн, ердийн мэдлэгийн гэхээс илүү танин мэдэхүйн хөгжлийн дээд орчинд хүрсэн гэгээрсэн оюун санааны үр дүн болон төлөвших явцдаа өөрийн өвөрмөц хэв шинж, дэг жаяг, эрэмбэ дараа, сүсэгтний итгэл бишрэлийг өөрийн эрхгүй төрүүлэхүйц авир чанартай болж иржээ. Хятадууд соёлоор дамжуулан өөрийн эрхшээлд оруулах бодлогоо хэрэгжүүлэхийн тулд уламжлалт шашны ашиглан өөрийн зэвсэг мэт бусдад тулгах үйлдэл гарсаар байгаа юм. Түүний нэгэн жишээ бол Далай ламын хэрэгт идэвхтэй оролцож хойд дүрийг нь хүртэл тодрох ёстой гэж амьд сэрүүн байхад нь элдвээр мэдэгдэх болсон байдаг. Эрхэм уншигчдад хутагт хувилгаадыг тодруулдаг жаяг ёсны тухай өгүүлэхэд нэлээн цаг орох тул XIV Далай ламын саяхан хэлсэн үгээр төгсгөе. Та бүхэн Далай ламын хэлсэн дараах үгийг яг эсрэгээр нь ойлгоход л Бурхны шашны хутагт хувилгаан тодруулдаг олон зууны уламжлал хэв ёс нь хоттой хониноос аль таалагдсанаа зүслэн авдаг шиг хэрэг бус болохыг ойлгоно биз “Хятадууд Мао Зэдүн, Дэн Сяопин хоёрын хойд дүрийг тодруулчхаад дараа нь миний хойд дүрийн тухай ярих нь зохистой хэмээжээ”.


URL:

Нэр: Anonymous Огноо: 20 May 2015

“Хятадууд Мао Зэдүн, Дэн Сяопин хоёрын хойд дүрийг тодруулчхаад дараа нь миний хойд дүрийн тухай ярих нь зохистой хэмээжээ”.

Сэтгэгдэл бичих