“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫН” СТРАТЕГИ

АЛЕКСАНДР ВЛАДИМИРОВ      /ОХУ-ын Цэргийн шинжээч­дийн Коллегийн дэд ерөнхийлөгч, Улс төрийн ухааны доктор, хошууч генерал/

 

АНУ-ын “зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын” стратеги нь “Америк мөрөөдлийг бүгдэд” гэсэн америкийн геополитикийн төслийг улс төр, эдийн засаг, мэдээлэл болон соёл судлалын технологийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх зорилготой бөгөөд одоо энэ зорилгод нийцсэн санхүү, мэдээлэл, хүчний нэгдмэл хүрээг нэгэнт байгуулж дуусч байна. Өнөөдрийн байдлаар тэд “үндэсний эсэргүүцлийн сүүлчийн голомтуудын устгах” зорилгыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд өөрсдийн гол арга хэрэгслүүдийг нэвтрүүлж байна. Үүнд: *нэгд, худалдан авах-зарах харилцааг дэлхий нийтийг хамарсан, ноёрхогч систем, дэлхийн цорын ганц суурь үнэт зүйл болгон хувиргаж байгаа.

*хоёрдугаарт, тухайн улс орны, орон нутгийн элит давхаргыг өөрийнх нь ард түмнээс холдуулж, дэлхийн мөнгө-санхүүгийн эрх мэдлийн захиргаанд оруулж байна.

*гуравдугаарт, ард түмнийх нь эрхийг, тэр дундаа, бие даасан хараат бус улс төрийн субъектын хувьд хасан танаж, мөн эрх мэдлийн цорын ганц хууль ёсны эх үүсвэр гэх чанарыг нь устгаж байна.

Судалгааны дүнгээс үзэхэд, энэ ерөнхий стратегийн хүрээнд Оросын эсрэг явуулсан дайнд “хамгийн зөв”, хамгийн үр ашигтай технологи нь “Зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын стратеги 1” байлаа.

Эмх замбараагүй байдал, аюул заналхийлэл, тохиолдлын давамгайлал нь ямар ч дайны бодит байдал, салшгүй нэг хэсэг, онцлог нь байдаг гэдгийг онцлох нь зөв байх.“Зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын стратеги 2” ямар ч үндэстний түрэмгийлэгчийг эсэргүүцэх чадвар, хүсэл зоригийг алдагдуулахад чиглэсэн системчилсэн стратеги юм.

“Зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын стратегийг” эзлэн дагуулахаар зорьж буй ямар ч түвшний объект дээр хэрэглэж болно.Энэ аргачлал нь төр улсад ч, их гүрэн болон соёл иргэншилд ч адилхан үр дүнтэй байдаг.Дээрх дүгнэлтийн үндэслэлтэй гэдгийг дараахь жишээнүүдээр нотолж болно.

“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫН” СТРАТЕГИЙГ ИХ ГҮРЭН БОЛОН СОЁЛ ИРГЭНШИЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

Энэ стратегийн үндсэн агуулга нь сүйтгэгч саад бэрхшээлүүдийг зохион байгуулалтай нэгдэл болон түүхэн төлөвшсөн харилцааны систем бүхий тухайн объектын оршихуйд (удирдлагын болон засаг захиргааны системд) нэвтрүүлэх, үүний дараа үүсэх задрал юм.Энэ технологийн илүү хөгжингүй төрөл нь системийн болон дэд системийн элементүүдийн агуулга, үй ажиллагааны тэмдгийг нь өөрчлөн, цоо шинээр төрүүлэх явдал.

Зорилго нь бол дайсандаа эсэргүүцэл үзүүлэх хүсэл зориггүй болгоод зогсохгүй түүнийг “эзлэгдэж буй шинэ орон зай, нөөц” гэх шинэ үүрэг ролио ухамсарлан, баяр хөөртэйгээр хүлээж авах болтол нь ментал төвшинд цоо шинээр төрүүлэх юм. Энэ бүхэн үндэстний оршихуйг бүхэлд нь тогтворгүйжүүлж, нийгмийг нь задалснаар, үндэстнийг “амжилтад хүрэхийн” тулд юу ч хийхээс буцахгүй, “бие даасан, атомжсон, тусгаар бодгалийн анхдагч шөл” болгон хувиргаснаар, өөрөөр хэлбэл, хяналтад хялбархан орох, эзлэн түрэмгийлэхэд баяртайгаар хүлээн авах болгосноор хэрэгждэг. Энэ стратегийг хэрэгжүүлэхийн тулд үндсэн гурван асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үздэг. Үүнд:

*эхнийх нь – суурь үндэстний үнэт зүйлсийн бүтэц, ашиг сонирхол, хэмжүүрт өөрчлөлт оруулах,

*хоёр дахь нь – “цаг хугацааны хэлхээг” таслах, өөрөөр хэлбэл, үе хоорондын тасралтыг илэрхий болгох,

*гурав дахь нь – эх орондоо амьдрахад тэвчишгүй хэцүү болгох, үүнтэй зэрэгцүүлэн улс төрийн өөр дэглэмийн үед боломж нь нээгдэх “харийн оршихуйн үнэт зүйлсээр” даллах.

“Соёл иргэншил”, “улс орон”, “төр улс” гэсэн метасистем дэх систем (подсистем)-ийг өөрчлөх технологийн хувьд үндэстний суурь үнэт зүйлсийн системийг өөрчлөх, дахин төрүүлэх, цаг хугацааны хэлхээг задлах, үндэстний эсэргүүцэл үзүүлэх үндэслэлийг байхгүй болгох, үндэстний түүхийн ой санамжийг хоослох, тэгэхдээ нэн тэргүүнд соёл болон түүхэн уламжлалыг нь устгах зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ үндэсний соёлыг шинэчлэн төрүүлэх, үндэстний амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх замаар хэрэгжүүлдэг. Энэ тохиолдолд дайралтад өртөх гол объект нь “эзлэгдэж буй” ард түмний үндэсний соёл болон үндэсний ухамсар болдог байна.Нөлөөллийн энэ чиглэл, арга зүй нь дайны шинэ технологи, арга хэрэгслүүдийн дундаас хамгийн харгис нь юм.Учир нь бүрэн устгалд орж, дахин шинээр төлөвшдөг зүйл нь үндэстнийг үндэстэн болгодог, ард түмнийг ард түмэн болгон төлөвшүүлдэг, соёл иргэншлийг соёл иргэншил болгон хувиргадаг бүхэн байдагт оршино.

Үндэсний соёлын тэмдгийг өөрчлөх үндсэн технологи нь амьдралын болон соёлын бүхий л илрэлийг таваарлаг (сольж болох, гадны хөндий) хэлбэртэй болгосноор үндэстний уламжлалт ариун, үнэт зүйлс нь ховор сонин бараа таваар төдийхөн болж хувирдаг. Үүнтэй холбоотойгоор Александр Панарин “Өнөөг хүртэл соёл хоёрдмол шинжтэй байлаа: зах зээл дээр зарж борлуулагддаг зүйлстэй зэрэгцэн түүнд хувийн болон нийгмийн ач холбогдол бүхий үнэт зүйлсийг гадуурхан салгах аргагүй фонд агуулагдаж байлаа. Эрүүл ямар ч соёлд хайр сэтгэл, онгод эрмэлзэл, гоо үзэсгэлэн, шударга үнэн нь худалдагдашгүй шинжтэй байдаг.Мөн түүнчлэн худалдаж боломгүй нийтийн шинжтэй үнэт зүйлс бол төрөлх хэл, эцэг өвгөдийн ариун дагшин газар, үндэстний газар нутаг, үндэсний ашиг сонирхол, иргэний болон цэргийн үүрэг байдаг.Гэтэл энэ бүхнийг хуучирч үеэ өнгөрөөсөн хог новш, хувь хүний жинхэнэ эрх чөлөөнд саад болдог зүйлс гэж одоо зарлаж байна” хэмээн бичжээ.Түүхэн бүх уламжлал, ард түмний өөрийнх нь түүх ч дайралт доромжлол, гутаалт гуйвуулалтад өртөж, доог тохууны бай болдог.Үндэстэнд түүний урьд өмнийн амьдрал нь тэнэг алдаа, утга учиргүй үйл явдлуудын хэлхээ, түүхэн азгүйтэл байсан гэж үнэмшүүлж, “өндөр үр ашигтайгаа түүхэн нотолсон” шинэ загвараар амьдарч сурах хэрэгтэй гэж заана.Мөн ард түмний мянган жилийн настай соёл нь төөрөгдлийн илрэл, тиймээс та нар одоо энэ уламжлалт түүхэн байдлаараа хэнд ч хэрэггүй, хэрэггүй төдийгүй “үндэстний сайн сайхан амьдралын төлөөх хөдөлгөөнийг сааруулж байгаа” болохоор бүр хортой гэж сурталдана.

Үүнээс гадна хувь хүний өөрийнхөө өнгөрсөн амьдрал, ёс суртахуун, өөрийн ард түмний түүхийн талаарх дотоод тодорхойлолтыг ямар ч сонголтгүйгээр олон нийтийн болон хувь хүний ухамсрын төсөөллөөр дарангуйлж, “Аугаа хүчирхэг Зах зээл” л олгож чадах, оршихуйн цорын ганц, өвөрмөц зөв зорилго болох “хэрэглээний баялгийг эзэмшихийн төлөө амжилтад хүрэх” гэсэн амьдралын хэв маягийн төсөөллөөр сольдог.

Хүний өнгөрсөн туршлагын өвөрмөц бүхнийг автоматаар “арилгадаг” шинэ, төгс үнэт зүйл бол зах зээл гэж зарладаг.

Хүн төрөлхтний түүхийн мянга мянган жилийн турш хуримтлагдан боловсорсон нийтлэг үнэн, түгээмэл чанаруудыг зайлшгүй хэрэгцээтэй бус, үнэн бодитой бус хэмээн сурталдах нь нийт хүн төрөлхтний ёс суртахууны үнэт зүйлс алдагдах, эрх үүрэг болон эрх мэдэлд хандах ёс зүйт хандлага, ухамсраа гээхэд зайлшгүй хүргэнэ. Энэ бүхэн алдагдсанаар “ёс суртахууны үүрэг” гэх ойлголт ч хэрэгцээгүй болж устахаас гадна бүх нийтийн хувиа хичээх явдлыг төрүүлнэ.Амьдралын хамгийн чухал үнэт зүйл нь хувь хүний амьд үлдэх эрмэлзэл байх болно.Энэ хандлага нь үндэстний төдийгүй соёл иргэншлийн ч түүхэн ирээдүйг зайлшгүй гажуудуулна, учир нь тэдгээрийн хэрэгцээтэй, эсэх асуудлыг зүгээр л “авчихаж” байгаа юм.

Эх оронд нь ард түмнийх нь эрхийг, тэр дундаа бие даасан, хараат бус улс төрийн эрх баригчийн болон хууль ёсны эзний эрхийг танан гажуудуулах гол технологи нь дараахь маягаар илэрдэг.

*ард түмнийг хүчээр люмпенжүүлэх

*улс орны улс төрийн амьдралыг “кланчлах”

*”эрх баригчдын засаг захиргааны нөөцийн” хүчирхэгжилтийг бий болгох, чингэснээр тэд ард түмний хүсэл сонирхлыг харгалзахгүйгээр хүссэн үр дүндээ хүрэх боломжтой болдог.

Соёл иргэншил, улс орон, төрийг метасистемийн хувьд өөрчлөн төрүүлэх арга зүйн талаар хийсэн судалгаа нь чухам энд л эдгээр системийг өөрчлөх, дахин шинээр төрүүлэх асуудлууд шийдвэрлэгддэг гэдгийг харуулж байна.Үүний үр дүнд нийгэм хагарч, төр болон төрт ёсны хандлага гэмт хэргийн шинжтэй болж эрүүждэг.

Метасистем болгонд хэд хэдэн дэд систем байдгаас удирдлага, хангалт, гүйцэтгэл болон хяналтын системүүд нэн чухалд тооцогддог.

Удирдлагын систем гэдэг нь төрийн удирдлагын дээд түвшин, энэ бол улс орны Ерөнхийлөгч, түүний засаг захиргаа, холбооны улсын ерөнхийлөгчийн босоо тэнхлэг юм.Энэ систем нь зорилгыг тодорхойлж, хөгжлийн стратеги, чиг баримжаа, ашиг сонирхол, хэмжүүрийг тогтоож, төрийн бодлогын үзэл суртлын үндэс болон үйл ажиллагааны суурь алгоритмуудыг боловсруулж байх үүрэгтэй.

Хангалтын систем гэдэгт бидний ардын аж ахуй гэж нэрлэж заншсан бүхэн, мөн төрийн нийгмийн бодлогын хүрээтэй холбоотой түүний дэд системүүд (соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, олон нийтийн улс төрийн хүрээ г.м.) багтдаг.

Гүйцэтгэлийн систем гэдэг бол Засгийн газраас эхлээд орон нутгийн засаг захиргаа хүртэлх гүйцэтгэх засаглалын вертикаль бүтэц юм.Төлөвлөлт (төсөл боловсруулах) болон тодорхой бодлогын хэрэгжилт, хөгжлийн үе шатуудтай холбоотой бүхий л оператив ажиллагааг гүйцэтгэдэг.

Хяналтын систем нь төрийн аюулгүй байдлыг хангагч хүчний байгууллага, нэн тэргүүнд Арми юм.

Дээр дурдагдсан технологиуд нь энэ бүтцүүдийн тэнцвэрийг алдагдуулж, дахин шинээр төрүүлэхэд чиглэгддэг.Үндэстэн болон түүний элит хэсгийн ой санамж, ухамсраас тухайн орны эсрэг явуулж буй дайны талаарх мэдлэг, мэдрэмжийг арилгах нь технологи амжилттай хэрэгжихийн баталгаа, технологийг нэвтрүүлэхийн өмнөх чухал бэлтгэл ажил болдог байна.

Дээд удирдлагын системийг эмх замбараагүй болгохын тулд дараахь арга хэмжээг авдаг. Үүнд: төрийн зорилт зорилгын тэргүүлэх чиглэлийг өөрчлөх, түүний аппаратыг мэргэжлийн бус, ажиллах чадваргүй боловсон хүчнээр дүүргэх, түүний гишүүдийн дунд хяналтгүй, хувийн хариуцлагагүй байх уур амьсгалыг бүтэн бий болгох, мөн түүнчлэн тэдний зүгээс ард иргэд болон төрийн бүтцийн аль ч шатанд хүчирхийлэл үйлдэх боломжтой болгох. Туйлын эрх мэдэл нь туйлын завхралд хүргэдэг, харин өнөөдрийн эрх баригчдын “яахаас ч буцахгүй байдал” байдал нь түр зуурынх гэдэг нь илэрхий харагддаг болохоор гишүүдийг нь ханаж цаддаггүй гэмт хэрэгтнүүд болгодог.

Гүйцэтгэх системийг эмх замбараагүй болгохын тулд дээрх арга хэрэгслийг бүх шатанд ашиглахаас гадна үндэсний зорилт зорилгын хэрэгжилтийг сольж холих, хэлэлцүүлэх, эрх мэдлийн бүхий л түвшинд функцийн зорилтоо хэрэгжүүлэхэд л хүргэх зэрэг аргуудыг бас хэрэглэдэг. Төрийн өөрийнх нь эрх мэдлийн асуудлыг хязгааргүй хэлэлцэн мэтгэлцэхэд бүх бүтцийг (гарын доорх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон “тэжээвэр мэргэжилтнүүдээр” дамжуулан), ард иргэдийг татан оруулснаар иргэдийн толгойд холион бантан үүсч, төр юу хийх ёстойг, ард иргэд түүнээс юуг шаардах боломжтой, бас үүрэгтэй гэдгээ ялгаж салгах чадваргүй болно. Үүний үрээр улс оронд ард түмэн, төр хоёр холдон хөндийрөх, бүрэн дайсагналцах байдал үүснэ.

Хангалтын системийг эмх замбараагүй болгох технологид дараахь үйл ажиллагаанууд багтана. Үүнд:

•           Эдийн засагт – нийгэмд зайлшгүй хэрэгтэй салбаруудыг түүний үндсэн чиглэлүүдээс шахан зайлуулах, мөн түүнчлэн үндэсний хөгжил нь ашиггүй байхаар нөхцөл байдлыг үүсгэх, шударга үйлдвэрлэлийг эрхлэх боломжгүй буюу ашиггүй зүйл болгох,

•           Нийгмийн амьдралын хүрээнд – хүн амын дийлэнх хэсэг нь Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрхүүдээ эдлэх боломжгүй болгох,

•           Соёлын хүрээнд – хүчээр “баруунжуулж”, үндэсний ариун зүйлс, үнэт зүйлс, түүхэн үндэс угсааг устган өөрчлөх, хүний өөрөө сэтгэх чадварыг устгаж, ухамсарт нь амьд үлдэхийн төлөө зөвхөн хувиа хичээх үзлийг хүчээр суулгаж өгөх, хамт олноороо оршихуйн үнэт зүйлсийг байхгүй болгох,

•           Олон нийтийн улс төрийн хүрээнд – түүний улс төрийн спектрыг бүрмөсөн арчих, шинэ хурц лидерүүд төрж гарах боломжийг хаах, улс оронд албан ёсоор оршиж байгаа улс төрийн хүчнүүдийг бүхэлд нь амархан худалдагддаг, эрх баригчдаас хараат болгох, улс төрийн хэвийн үйл явцыг зохион байгуулах боломжгүй болгох г.м.

Нийгмийн амьдралыг эмх замбараагүйтүүлэхийг дотоод болон гадаад “хий гаргах”-д, эсхүл системийн уурын клапан “хэт халсан” нөхцөлд хий гаргах зорилгоор ашиглаж болно.

Тухайлбал, АНУ-д дэлхий дахиныг бүрэн ноёлох гэсэн бодлогын эсрэг халалтыг “даяаршлыг эсэргүүцэгчид”, “ногоонтнууд”-ын зохион байгуулалттай эмх замбараагүй байдлыг үүсгэн “сулладаг” бол Европын улс орнууд хуримтлагдсан халалтаа хөлбөмбөгийн фанатууд, үндэсний үзэлтнүүдийг зохион байгуулан санхүүжүүлж гадагшлуулдаг.

Судалгааны дүнгээс үзэхэд эдгээр технологи нь “хий гаргах” үүргээс гадна агуулгаараа бол хүнлэг бус бас нэгэн асуудлыг шийдвэрлэдэг.Ингэснээр ард иргэдийг, ялангуяа залуусыг бүр эхнээс нь нийгмийн хөдөлгөөнгүй, идэвхгүй, үйлдвэр аж ахуй дээр сайн дураараа ажиллахаас эхлээд цэрэгт алба хаах хүртэл нийгмийн баримжаатай ямар ч ажилд оролцох чадваргүй болгодог.

Хяналтын системийг эмх замбараагүй болгохдоо төрийн боловсон хүчний эрүүжсэн бодлогоор хүчний байгууллагуудыг гэмт бүлэглэлүүдтэй шууд эвцэлдүүлэх, аюулгүй байдлыг хангах болон нийгмийн хэв журмыг сахиулах байгууллагуудад үзэл санааны янхандалтыг нэвтрүүлэх, мөн түүнчлэн хүчний байгууллагуудаа өөрчлөн шинэчлэх, тэдгээрийн дээр чадварлаг иргэний хяналтыг тогтоох төрийн бодлого, эрмэлзэлгүй байлгах гэсэн аргуудыг хэрэглэдэг.

Оросын өнөөгийн байдалд, “шинэ үг ч үгүй, үзэл санаа ч үгүй, бодлого ч үгүй, хүмүүс ч үгүй” энэ байдалд, мөн энэ бүхнийг муу найруулгатай жүжиг гэж үзэж буй ард түмний үнэлгээнд бүхэлд нь дүн шинжлэл хийж үзвэл энэ бүхэн нь нэг талаас бидэн дээр “энхийн нөхцөл дэх дайн” гэдэг орчин үеийн технологийг хэрэглэсний үр, нөгөө талаас бол манай төр, нийгэм болон соёл иргэншлийн бусад бүтцийг бараг бүхэлдээ ажиллагаагүй, чадваргүй болсоны илрэл юм.

Орчин үеийн нөхцөлд Оросын эсрэг явуулж буй “энхийн нөхцөл дэх дайн” технологийн амжилтад хүрэх үндсэн хэрэгсэл нь манай үндэсний удирдагч элитүүд, харин арга зүй нь болохоор тэднийг дахин төрүүлэх алхам болжээ.Үндэсний элитүүдийг дахин төрүүлэх нь үндэсний лидерүүдийг дахин төрүүлэхээс эхэлдэг.

Энэ дахин төрөлтийг нэг л арга барилаар гүйцэтгэдэг. Энд: албан ёсоор хүндэтгэл үзүүлэх, олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөх, хувийн болон гэр бүлийнх нь аюулгүй байдал, гадаад дахь хөрөнгө болон хөрөнгө оруулалтын аюулгүй байдалд баталгаа гаргах, “сонгомол” хүмүүсийн супер-элит клубт элсүүлэх, “түүхэнд оруулж буй хувь нэмэр тань” мөнхөрнө гэж байнга сануулах, энэ хүрээд байгаа төвшинд улс орны үндэсний ашиг сонирхол тийм ч чухал биш, учир нь та бол энэ дэлхийг удирдалцахаар төрсөн хүн гэж үнэмшүүлэх гэх мэт аргууд багтана.

Иймэрхүү маягаар дахин төрсөн лидерүүд зөвхөн өөрт нь үнэнч, өөрийнх нь ойр байхын төлөө, албан тушаал эд баялгийн төлөө төр, нийгмийн эсрэг ямар ч гэмт хэрэг хийхээс буцахгүй хүмүүсийг л төрийн өндөр албан тушаалд тавьдаг.Зөвхөн ийм маягаар л шинээр төрсөн эрх мэдлийн залгамж чанар хангагдаж, түүний “ахмад дайчдын” аюулгүй тухлаг байдал ч баталгаажина.

Үүнээс гадна улс оронд ирээдүйн удирдах боловсон хүчнийг бэлдэх ажиллагаа хийгддэг.Тэдэнд багаас нь, сургуулийн ширээний ард байхаас нь “үр ашигтай, өндөр зохион байгуулалттай үйлдвэрлэл явуулахад хүний (ер нь нийгмийн ямар ч) хүчин зүйл хортой болох” тухай ойлголтыг суулгаж өгдөг ба ингэснээр эдийн засгийн хүмүүсийн амьдралыг хангах дэд систем гэх үндсэн зориулалтыг гажуудуулдаг.

Энэ бодлого нь төрийн үндсэн бүх системүүдэд (тэр дундаа хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллагууд, цэрэг армид) явагддаг болохоор тун удалгүй сөрөг үзүүлэлттэй боловсон хүчний сонголт (энэ нь муу нь бүр илүү муугаа сонгон дэвшүүлэх гэсэн үг) хийгдэж, нөхцөл байдал эргэлт буцалтгүй шинжтэй болсоноор ёс суртахуунтай байх нь дутагдалд тооцогдож, харин төрийн бүх шат бүрэн эрүүждэг.

Орчин үеийн Оросын философич А.Панарин ийм маягийн “боловсон хүчний сонголт, байршуулалтыг” дүгнэхдээ “Нэр дэвшигч нь өөрийнхөө ард түмний хорсол зэвүүцлийг хэдий чинээ их төрүүлнэ гадаадын ивээгчдээс төдий чинээ их хараат байх тул мөн хэмжээгээр буулт хийхэд бэлэн байдаг.Орон нутгийн ашиг сонирхлоос “хөндийрөх” нийтлэг хууль нь дотоод улс төрийн бодлогыг ч үндсээр нь өөрчилдөг.Сонгодог ойлголтоор бол өөрийнхөө ард түмэнтэй ямар нэгэн шижмээр холбоотой, түүнээс хараат, түүний хүсэл хэрэгцээг тооцдог улс төрийн элитийн үйл ажиллагааг дотоод улс төрд авч үздэг.Энэ үүднээс авч үзэх юм бол өнөөгийн элитүүдийн нийгмийн бодлого нь утгагүй үзэгдлүүдийн театр юм” гэсэн байна.

Судалгааны дүнгээс үзэхэд яг эндээс л, тодруулбал, үндэсний элитыг шинээр төрүүлснээр, төрийг үүсгэгч болон удирдагч системүүдийн генийг өөрчлөн төрүүлснээр улс орон дахь өнөөгийн нөхцөл байдлыг бий болгожээ.

Оросын эсрэг явуулж буй өнөөгийн дайны үндсэн зэвсэг нь мэдээлэл, харин түүнийг дамжуулах, хүргэх хэрэгсэл нь – дахин шинээр мэндэлсэн үндэсний хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд юм.

Бид дээрх тодорхойлолтыг үнэн болохыг нотолсон жишээнүүдийн талаар, баримжаагаа алдсан, худалдагдсан хэвлэл, мэдээллийн хэрэгслийн тухай өдөр болгон сонсож, уншиж, харж байна.Эдгээр үндэсний гэх ХМХ-үүд маань харийнхны бидний эсрэг ашиглаж буй зэвсэг атал үүнд төр засаг огт сэтгэл зовохгүй байна.

“Зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын” технологийн цаашдын алгоритм улам өссөөр байна. Тухайлбал, ард түмэн болон төр хоёрын хөндийрөл улам нэмэгдэж, хэсэг хугацааны дараа ард түмэн “өөрчлөлтийг”, “хүчтэй хатуу гарыг” хүсэх болно, харин энэ үед нь ард түмэнд “хэн буруутай болох”, мөн “юуг хэрхэн хийхийг зааж өгөх” ба чингэхдээ “манай соёл иргэншсэн дайснуудад” юу хэрэгтэй байна түүнийгээ л хийлгэдэг.

Зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын технологийг төр улсын төвшинд хэрэгжүүлэх нь

Урьд нь Югослав улс байсан нутаг дэвсгэр дээр өрнөсөн нөхцөл байдлын хөгжилд, “энхийг тогтоох” гэсэн анхдагч оролдлогуудаас эхлээд НАТО-гийн шууд харгислал, Милошевичийг “хүлээлгэн өгсөн”, түүнийг шүүсэн хүртэлх үйл явдалд дүн шинжлэл хийж үзэхэд эдгээр үйл явдлаас Өрнөдийнхний бүс нутаг дахь стратегийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд ашигладаг “зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын” технологийн хэрэгжилт бүрэн дүүрэн харагдана.

Чингэхдээ бүс нутгийн хэмжээний “зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын” технологид, мөн төр улсын дотоод зөрчил мөргөлдөөнд дараахь элементүүд ашиглагддаг. Үүнд: эрх барьж буй хууль ёсны засаг захиргааг эсэргүүцэгч, тархай бутархай улс төрийн хүчнүүдийг нэгтгэх, сөрөг хүчнийг нэгдсэн удирдлагатай болгож, тэдэнд тохирох үндэсний төвийг сахигч лидерийг хайх (томилох), удирдлагын субъектэд (харгислагч) ашигтай улс орны ирээдүйн зураглалыг боловсруулж өгөх, сөрөг хүчний оператив, стратеги, тактикийн зорилтуудыг тодорхойлж өгөх, албан ёсны засаг төрийг унагасны дараа амьдрал бүх талаараа сайжрана гэж “эзлэгдэж” буй орны хүн амыг горьдоон далласан, сөрөг хүчний үйл ажиллагааг үндэслэлтэй болгох хөтөлбөрийг боловсруулж өгөх, сөрөг хүчний үйл ажиллагааны зохион байгуулалт болон оператив ажиллагааны арга зүйг гаргаж өгөх, “сөрөг хүчнийг” идэвхтэй “эсэргүүцэгч” болгон шилжүүлж энэ үйл явцын удирдлагыг гартаа шууд авах, төрийн томоохон лидерүүдийн өөртөө болон хүчний байгууллагуудад итгэх итгэлийг алга болгох, олон нийтэд нөлөө бүхий хэсэг бүлгийн итгэлийг олж авах, сөрөг хүчнийг дэмжих гадаад буюу олон улсын дэмжлэгийг өргөжүүлэхдээ хууль ёсны засаг төрийг бусад орны эдийн засаг, улс төр, цэргийн тусламжаас тусгаарлах ажлыг нэгэн зэрэг явуулах, гадаад холбоотон бүхий удирдлагын элитүүдийг айлгах, эсхүл “худалдан авах”, зэвсэгт хүчирхийлэлд ил тодоор бэлтгэх, улс орны нөхцөл байдлыг ил тодоор тогтворгүйжүүлэх, хулгай дээрэм, хорлон сүйтгэх ажиллагааг өөгшүүлэх, алдар хүндтэй хүний амь насанд халдах, үндэстэн хоорондын мөргөлдөөнийн өдөөх зэрэг хууль бус бүхий л ажиллагааг хөхиүлэн дэмжих, банк санхүү, тээврийн салбарын үйл ажиллагааг доголдуулан зогсоох гэх мэтээр ард иргэдийн дунд төрдөө итгэх итгэлийг үгүй болгож, айлган үймээх, цэргийн эргэлт, “ардчилсан сонгууль”, эсхүл өөр аргаар төрийн эрх баригчдыг солих, улс орны байдлыг тогтвортой болгохгүйн тулд, мөн тоглоомын хүүхэлдэйгээ хянах боломжгүй болохоос сэргийлэн дотоод зөрчил тэмцлийг дэвэргэсээр байх, шаардлагатай үед улс орон руу хөндлөнгөөс зэвсэглэн цөмөрч, эзлэн авч шууд удирдах зэрэг багтдаг.

Иймэрхүү маягаар Югославын жишээн дээр туршин боловсруулсан “зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын” технологи нь өөрийн өндөр үр ашигтайг харуулж, мөн барууны улс төрийн технологичдын санаанд таарахгүй бодлого явуулж буй дэлхийн аль ч улс оронд хэрэглэж болно гэдгээ нотолсон билээ.

 

Орчуулсан Т.ОЮУ


URL:

Сэтгэгдэл бичих