Очиж гуйдаг байсан бол урьж авчраад гуйдаг болж

1

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Урьд өмнө нь Энэтхэг улсын Засгийн газрын тэргүүн манайд айлчилж байсан тохиолдол үгүй бөгөөд энэ нь анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Анх удаа монголчууд урьсан гэдэг нь бүр ч онцлогтой.

Энэ үеэр хоёр орны Ерөнхий сайд жичдээ уулзалт хийж хүмүүнлэг, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хамтран ажиллах санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнд Агаарын харилцааны тухай, соёлын салбарт 2015-2018 он хүртэл хамтран ажиллах, Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах болон Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах гэх мэт зүйлсийг дурдаж болно.

Буланд шахагдаад байгаа Ч.Сайханбилэгийн цаад зорилго бол зээл тусламж байсан гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу. Тиймээс энэхүү айлчлалын цаад агуулгын хүрээнд Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон. Энэ бол сөгдсөн эдийн засагтай манай улсад маш том хөрөнгө оруулалт. Чухам ямар журмаар хэзээ төлөхийг өнөөдрөөр таах ч юм алга. Ямартай Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдэж байна гэсэн үг.

Ч.Сайханбилэгт өөр арга  байгаагүй. Хөрөнгө оруулагчид бүгд дүрвэсэн. Хэзээ орж ирэх нь тодорхойгүй ийм үед зээлээс өөр боломж үгүй. Энэ мэтээр эх орондоо ахиад гурван орны Ерөнхий сайд уриад гурван тэрбумын зээл авчихвал ч Тавантолгойг эргүүлэх гээд чичрээд байх зүйлгүй, боллоо гэсэн үг. Тавантолгойгоос орж ирэх дөрвөн тэрбум ам.долларын төлөө З.Энхболдтой дайтаад байгаа биз дээ. Тэгэхээр амар хялбарыг нь бодоод одоо гурван орны Ерөнхийн сайдыг урьж, тус бүр нэг тэрбум ам.долларын зээл авчихаар болоод явчихна.

Манайхан нэг хэсэг өөрсдөө бадар барин очдог байсан бол одоо урьж авчраад гуйдаг болжээ. Зардал чигрэгдэл нь ч бага тусах байлгүй. Хэрвээ Ч.Сайханбилэг гадагшаа бадар барихаар явах болбол эх орондоо байтугай өөртөө хэрэггүй болчихсон нөхөд л нуугдаад явчихна. Туйлдсан төсөвт л дарамт болж, татвар төлөгч бидний хаалснаас л мөнгө цусалж байна гэсэн үг. Энэ бүхэнд төрийн мөнгө зарж байхаар  Эх  орондоо урьж авчраад мөнгө гуйгаад байх нь хамаагүй дээр юм байна шүү, Ерөнхий сайд аа.


URL:

Сэтгэгдэл бичих