Алжаал тайлах яруу найраг
Эр хүн чамд
Дайраад одсон морины чинь тах зүрхээр минь гоёлоон хийж
Дэгсхэн насны минь дэндүү чамин гоёлыг чи уландаан гишгэчиж
Давтаж нүдсэн сэлэм шиг сэтгэл минь нэлмийн хоцорч
Дутуу татсан тамхины чинь иш шиг би газарт налмайн үлдэж
Эвлэрч уучилшгүй хясланд зүрх минь мөнхөд тарчилж
Эвдэрхий балгас шиг сэтгэл минь он цагийн нугачаанд эмтэрч
Эр хүн чиний эрээ цээргүй гоёлд бүсгүй би нурмайж
Эгэл хорвоогийн өдрүүдийг уйтайяа өнгөрөөсөөр
Сүүтэгнэж гүйсэн газрын чинь сүүдэр нь би болж
Сүлбэж орхисон зүүний минь гогцоо нь чи болж
Мордож гуядсан морины чинь ташуур нь би болж
Мөрөөдөж хүлээсэн хүслийн минь хяслан нь чи болжээ
Даарч байна би чиний хүйтэн сүүдэрт гуниж
Даварч байна чи зүүний минь сүвэгчээс гарахгүйдээ бардаж
Өвдөж байна ташуур чинь тас няс хийх бүрд
Өлсгөж байна чи хүсэлд минь хясал хургаасаар
Эгэлгүй нэгэн уул болон сүмбэрлэ эр хүн чи
Эрэг хавьцаа нь ургаж хад болон чамайг өндөрлөе би!
Асгарч урсах нулимсаан горхи болгон нэмэрлэе чамд
Асгарч урсах нулимсаан горхи болгон нэмэрлэе чамд
Аагиж шатсан сэтгэлээрээн агь хүж болгон чимье чамайг
Алаг нүднийхээн гунигтай мэлмийг чамд ухаад өгье!
Алаг дэлхийг эргэлдтэл чи түүгээр гоё! (сэтгэл чинь сэмрэхгүй бол)
Энэ ертөнцийн бүх гоо үзэсгэлэнгээр өөрийгөөн чим! (чи хүсвэл)
Эргэн тойрноон харахад чинь дэр хийж, өлмий дор чинь өөрийгөөн зулъя би!
“Эр хүн бол, эр хүн шиг л бай” Б.Ринчин
Эр хүн бол, эр хүн шиг бай.
Үлээхэд наашаа,өрвийхөд нь цаашаа
Тийм тоглоом бүү бол.
Нохой бурахад
Ноцохоос нь бүү ай.
Эр зориг гаргаж
Эрслэн алдаад бай.
Эр хүн бол,эр хүн шиг бай.
Хоосон олон үг дэмий
Хотол олонд тустай
Бүтээлт үйлс эрийн чимэг.
Чин зориг барьж
Чинээгээрээ зүтгэж,
Санаснаа бүтээгээд сагсууран бүү хөөр.
Эр хүн бол,эр хүн шиг бай.
Зөв гэж бодвол зүрхтэй бай.
Үнэний төлөө үхэхээс бүү ай.
Журам алдаж,нэр хугарснаас
Зуу дахин үхсэн нь дээр бий.
Царай алдаж биеэ бузарлаад
Амьд явсны хэрэг чамд
Ашигтай гэж бодвол дэмий.
Эр хүн бол,эр хүн шиг л бай.
Энэ ертөнцийн жаргалаас эрх чөлөөгөө өгвөл
Эр биш ээ, эрэнцэр.
Жаргалын төлөө биеэ худалдвал
Шившгийн муу тэр ээ.
Гуйж явсан ч яамай,
Эрх чөлөөгөө л бүү алд.
Эр хүн бол эр хүн шиг бай.
Тэмцэлд зоригтой бол,
Тэнгэр хүмүүс хэн ч дарж чяадахгүй чамайг.
Догшин их салхинд дайруулавч
Хуга татуулахаас хулчийж бөрийдөггүй
Хатан царс мод шиг бай.
URL: