Андын сэтгэл тэрбум доллараас илүү

Халуун салхи хуйсганасан жирийн л нэг амралтын энэ өдөр хэдий ч Монгол-Энэтхэг хоёр улсын харилцаанд шинэ түүхийг эхлүүлээ. Учир нь энэ өдрүүдэд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчилж байна. Энэтхэгийн Ерөнхий сайдын хувьд Монгол Улсад хийсэн анхны түүхэн айлчлал юм. Энэ ч утгаар айлчлал өргөн цар хүрээтэй, чухал ач холбогдолтой болсныг хоёр улсын Ерөнхий сайд нарын хэлэлцээр, санамж бичиг илтгэнэ.

1jg41hcep3ake8nkkjcemmb3tm

Хэлэлцээрийн хүрээнд Агаарын харилцааны тухай, Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай, Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай, уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний, соёлын, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Бабатрон-II Телекобальт иж бүрдэл багаж, Радио эмчилгээний симуляторын хамт бэлэглэхээр болжээ.

60 жилийн дипломат харилцаатай, манай оюуны хөршийн Монголыг чухалчлан үзснийг олон улсын ажиглагчид хэдийнэ тааварласан байна. Тиймээс ч айлчлалын хүрээнд иж бүрэн түншлэлийн харилцаагаа стратегийн түншлэлээр тэлэн өргөжүүлэхээр тохирсон байна. Өнөөдөр тэрбум хүн амтай Энэтхэг улс эдийн засгийн дотоод  өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байгаа. Энэтхэгийн эдийн засаг энэ өсөлт Азид, тэр дундаа Монголд ач тусаа өгөхийг хүндэт зочин үгээр бус үйлдлээрээ  нотоллоо.

Эдийн засагт валютын урсгал татарлаа, хямарлаа гээд байгаа энэ цаг үед Энэтхэг улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд  нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийг авахаар болсон байна. Уг зээлийг дэд бүтэц, хүний нөөцийг хөгжилд зарцуулах аж.

Нөгөөтэйгүүр Энэтхэг Улсын Ерөнхий сайд, ноён Нарендра Модигийн хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үг, үйлдэл дипломат харилцаанаас давсан хувь улстөрчийн сэтгэл хөдлөл, догдлол цухалж байсныг ч онцлох нь хэрэгтэй болов уу.

Тэрбээр аугаа үндэстний эх орон, үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ талархахын зэрэгцээ оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн халуун мэндчилгээг тээж ирснээ чуулганы танхимд хэлсэн үгэндээ онцолж байна лээ.

2014 оны тавдугаар сард Н.Моди Энэтхэгийн Ерөнхий сайдын албанд томилогджээ. Монголд айлчлахын өмнө ч тэрбээр цахим ертөнцөд “Монголд очихыг чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ бол манай дэлхийн гоо үзэсгэлэн зах хязгааргүйг жинхэнэ утгаар нь мэдрэх гайхамшигт улс үндэстэн юм. Аугаа үндэстэн хүн төрөлхтний түүхэн хувь заяанд гүн гүнзгий ул мөрөө үлдээж, хүмүүсийн оюун бодолд өвөрмөц орон зай эзлэн оршдог” хэмээсэн байсан.

Эдүгээ 65 настай Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди улс төрд залуугаасаа хөл тавьж, улстөрч судлаач мэргэжил эзэмшжээ. Тэрбээр цахим ертөнцийн идэвхтэй жиргээч аж. Сая сая дагуултай тэрбээр Монголд ирсэн даруйдаа жиргэж, манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой сэлфидсэн зургаа ч цахим хуудсандаа оруулаад амжсан байна лээ.

Тэрбум анд нөхдийн сэтгэл тэрбум ам.долларыг орлохгүй. Цаашид ч манай хоёр улсын стратегийн түншлэлээрээ харилцаагаа өргөн тэлэх шинэ эринийг дипломат харилцаа тогтоосны хоёр дахь жарны эхлэл дээр Энэтхэгийн Ерөнхий сайдын анхны айлчлал ийнхүү нээлээ.

Н.Энх


URL:

Сэтгэгдэл бичих