З.Энхболд өөрийн “хаанчлал”-ыг тогтоохыг хүсэв үү

20150513031002Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ долоо хоногт  “Оюутолгой”-н далд уурхайн 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхээр “Рио Тинто” групптэй хэлэлцээрийн ширээнд суух нь тодорхой болоод байгаа. Гэсэн ч түүнийг “Оюутолгой”-н ордыг барьцаанд тавьж “Рио Тинто”-оос 5.4 тэрбум ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. Ямартай ч хоёр тал нууцаар гэрээ байгуулахаар болсон гэнэ. Харин нууцаар гэрээ байгуулах болсон нь УИХ-ын дарга З.Энхболдтой холбоотой гэх мэдээлэл чих дэлсээд байна. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд энэ гэрээг мөн л эсэргүүцэж байгаа аж.

Мөн гэсний учир нь УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Тодруулбал, тэрбээр хаврын чуулган эхлэхэд л  “Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” хэмээн хатуухан хэлсэн. Түүгээр ч зогсохгүй хэвлэлд өгсөн ярилцлагууд болон нэвтрүүлэгт оролцох үеэрээ эсэргүүцлээ илэрхийлж, хоёр сая хувьцаа эзэмшигчээс санал аваагүй хэмээн УИХ-д өргөн барьсан Тавантолгойн гэрээний төслийг буцаачихсан юм. Ингэснээр тэрбээр олон нийтэд сайн муугаараа дуудуулсаар байгаа билээ.

Түүний ийнхүү аяглахыг олон нийт өөрийн “хаанчлал”-ыг тогтоохыг оролдож байна гэцгээж байгаа юм. АН-ын даргын хувьд тэрбээр намынхаа 25 жилийн ойн баярын үеэр “АН фракцгүй боллоо” хэмээн тунхагласан нэгэн. Энэ нь ч учиртай байсан биз. Учир нь нам дотроо нэлээд томоохонд тооцогддог “Алтангадас”-ын нөлөөлөл Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаас огцорсны дараа үгүй болсон гэдэг. Түүгээр ч зогсохгүй АН-ынхан өөрсдөө “Алтангадас”-ынхныг “намнах” ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн хэмээн олон нийт дүгнэдэг юм.

Ийнхүү намаа фракцгүй болгосон хэмээн тунхагласан АН-ын дарга Тавантолгойн асуудалд намынхантайгаа биш МАН-ын дарга М.Энхболдтой сэм гар барьсан тухай мэдээлэл ч гарсан. Тэгэхээр энэ удаагийн “Рио Тинто”-той хийх гэрээнд тэр саад учруулахыг үгүйсгэхгүй. Ямартай ч хэвлэлээр гарч байгаа мэдээллээс үзэхэд Оюутолгойтой холбоотой нууцаар байгуулах гэрээнд далд уурхайг хөдөлгөхөд Монголын талаас тодорхой хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тусгаж өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн С.Ганбаатар З.Энхболдтой “нэг тал” болох магадлал өндөр. Тэгэхээр энэ гэрээ удаашрах эсвэл гарын үсэг зурагдахгүй ч байх талтай. Ямартай ч гарын үсэг зурагдахгүй бол З.Энхболд хүссэндээ хүрч Тавантолгойг ч гацаах магадлалтай.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэгэн үе Монголын улстөрд хаанчлалаа тогтоож байсан гэлцдэг. Мөн Ц.Элбэгдоржийг ч ингэж нэрлэн “Хоёр Э-гийн хаанчлал” гэдэг байв. Тэгвэл өдгөө “Гурав дахь Э” Монголын улс төрд бий болж магадгүй нь. “Гурав дахь Э” УИХ-ын дарга З.Энхболд байх эсэх нь түүнээс өөрөөс нь шалтгаална. Түүний хувьд өдгөө намаа, УИХ-ын 75 гишүүнийг удирдаж байгаа. Дээр нь нэмээд тэр эрхэм гүйцэтгэх засаглалыг ч удирдаж магадгүй. Ер нь удирдаж байгаа нь гүйцэтгэх засаглалынхныг зад загнаад гэрээ буцааж байгаагаас ч харагдаж байгаа юм.

Түүнчлэн хаврын чуулган эхлэхийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болсон тухайгаа олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ онцолсон. Гэсэн хэдий ч маргааш нь З.Энхболд хаврын чуулганы нээлтийн үеэр “Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурах гэж оролдсон сайд нарыг огцруулна” гэж мэдэгдсэнээр энэ гэрээ үндсэндээ гацчихаад байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар З.Энхболдын үг “хамгийн” хүчтэй нь болчихоод байна. Магадгүй тэр “хаанчлал”-аа тогтоож чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

С.НАРАН /top.mn/


URL:

Сэтгэгдэл бичих