Тендерт шалгаруулсан гээд мөнгө авчээ
Авлигатай тэмцэх газар /АТГ/-т тендерт шалгаруулсан гээд мөнгө авсан албан тушаалтны тухай мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгалт хийхэд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан Н гэгч нь тус аймагт зохион байгуулсан тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд гишүүнээр томилогдож ажиллахдаа ноцтой алдаа гаргасан нь тогтоогдов.
Тендерт шалгарч ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавих явцдаа нэр бүхий компаниудаас зээл нэрийн дор нийт зургаан сая /6.000.000/ төгрөг, эмчилгээний зардалд тусламж болгон хоёр зуун мянган /200.000/ төгрөг авсан байна.
Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйлийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төлбөр авахтай холбогдсон хязгаарлалтыг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн тул Н-д хариуцлага тооцох албан бичгийг АТГ-аас Говьсүмбэр аймгийн Засаг даргад хүргүүлжээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: