Хөгжлийн банк Самурай бондын зуучлалын гэрээг Ажлын хэсгийнхнээс яагаад нуув

1430989681554b2b716aab9УИХ-аас Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ ирэх долоо хоногт танилцуулна гэх мэдээллийг өглөө. Уг ажлын хэсгийнхний урьдчилан хэлж байгаагаар Хөгжлийн банкинд нэлээд зөрчилтэй асуудлууд үүсээд байгаа юм.

Тухайлбал, Самурай бондын 30 тэрбум иенээс 5.7 тэрбум иен дутаж байна. Өөрөөр хэлбэл уг Самурай бондын 50 сая ам.долларыг япончуудаас зээлэхдээ зуучилж өгсөн компанид нь шагнал болгож өгсөн байх магадлал байгаа юм.

Ийм ч учраас Чингис, Самурай бондын гэрээгээр хэрэгжсэн, мөн арилжааны банкуудад байршуулж байгаа гэрээг шалгая гэж ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкныхнаас хүссэн ч, зуучлалын гэрээг өгөхгүй байгаа гэж гишүүд нь хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлж байгаагаар Аудитын тайланг үзэхээр Самурай бондын хоёр хувь буюу 5.7 тэрбум иенийг суутгасан гэж бичсэн байсан. Гэтэл бодоод үзэхээр цэвэр 19 хувь нь байгаа юм гэдгийг тодотгосон. Яагаад ийм хэмжээний мөнгө дутах болов гэдэг нь анхаарал татаж байна. Ажлын хэсгийнхний зүгээс Хөгжлийн банкинд хийсэн аудитын дүгнэлтийг хүлээж байгаа гэх. Гэтэл Аудитын ерөнхий газраас албан ёсоор парламентын сайтад ил тавьсан гэсэн тайлбарыг хийсэн юм. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг гурван удаа хуралдаж, холбогдох материалуудыг хүссэн ч, цаг тухай бүрт нь гаргаж өгөхгүй байна гэдгийг удаа дараа хэлсээр байна. Хөгжлийн банк “но”-той болоод материал гаргаж өгөхгүй удаад байна уу, бондын мөнгөний зарцуулалт хуудуутай байна уу гэдэгт улам эргэлзээ төрүүлж эхэллээ.

Хөгжлийн банкны асуудал ид яригдаж буй энэ үед тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Н.Мөнхбат зургаан сая төгрөгийн цалинтай, хагас жилд 10 сая төгрөгийн урамшуулал авдаг. Мөн баяр ёслолын арга хэмжээнд их хэмжээний мөнгө зарцуулсан гэх үгс ажлын хэсгийн гишүүдийн амнаас гарах болов. Ямартай ч ажлын хэсгийнхэн ирэх долоо хоногт Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулах юм.

Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани 30 гаруй тэрбум төгрөг авч, нэг ч км зам тавиагүй гэх зөрчил илэрсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татав. Хөгжлийн банкны хуудаатай асуудлын нэг нь энэ болов уу, аль эсвэл ташаа мэдээлэл үү гэдэг нь шалгалтаар тодорхой боллоо. Б.Гарамгайбаатарын тухайд үүнийг тайлбарлахдаа “Монроуд” компани намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Архангай аймгийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын тендерт ялсан. Тэр замыг өмнө нь Хятадууд барьж байгаад хаяад явсан, 30 гаруй тэрбум төгрөг “Монроуд” компанийн дансанд шилжсэн гэсэн мэдээллийг АТГ өгсөн учир үүнийг сайн хэлж мэдэхгүй. Ер нь тендерт ялсан үнийн дүн нь 30 гаруй тэрбум болсон юм билээ” гэсэн юм.

Хөгжлийн банк 1.5 тэрбумын “Чингис” бонд, 30 тэрбум иений “Самурай” бонд, “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг аваад байгаа. Харамсалтай нь үүнийг үр өгөөж өгөх бүтээн байгуулалтын төсөлд зарцуулж чадав уу, аль эсвэл улстөрчдийн компанийг ивээн тэтгэв үү гэдэг нь шалгалтын дүнгээр илүү тодорхой харагдах биз ээ.

Ц.Цацрал

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих