УЛСЫН БААТРААР АХЛУУЛСАН УЛААНБААТАРЫН УДИРДЛАГУУДАД БОДИТ ҮНЭН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭХИЙГ ЗОРИЛО
Эрхэм нийслэлийн удирдлагуудын амрыг эрье!
Улаанбаатар хотын удирдлагууд болох Э.Бат-Үүл, Д.Баттулга нар МАН-д хандан сүржин мэдэгдэл гарган ажлаас хойш татаж байгаа тухай дурьджээ. Мөн энэхүү ил захидалд УИХ-ын гишүүн миний нэр голлох хойш татагчаар дуудагдсан тул зохих ёсны хариуг та бүхэнд өгөх нь зүйтэй гэж үзлээ. Мөн иргэд, олон нийтэд ч гэсэн бодит байдал ямар байгаа талаар мэдээлэх нь зүйтэй гэж шийдлээ.
НЭГДҮГЭЭРТ: Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувьд Д.Сумъяабазар миний бие Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
ХОЁРДУГААРТ: Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд миний бие болон манай намын зүгээс нийслэлийн дахин төлөвлөлтийн асуудлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ, эхнээс нь ажлаа хийх бололцоогоор ханган өнөөдрийг хүргэлээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулиас хойш 3 жил буюу ойролцоогоор 1001 өдөр өнгөрч нийт сонгуульт хугацаа дуусахад нэгхэн жил үлдээд байгаа тул дүгнэлт хийх, үр дүн харах цаг нэгэнт болсон гэж үзэж байна.
ГУРАВДУГААРТ: Миний сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн иргэд төдийгүй нийслэлийн иргэдээс дахин төлөвлөлтийн асуудлаар надад санал гомдлоо илэрхийлэн хандаж эхэлсэн юм.
Ийм учраас УИХ-ын гишүүнийхээ үүргийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүргийн 16-н байршил дээр дахин төлөвлөлтөнд хамрагдсан иргэдтэй УИХ-ын гишүүд, НИТХ- ын МАН-ын бүлгийн төлөөлөгчидтэй хамтран уулзалт хийж иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудтай газар дээр нь танилцлаа.
16 байршил дээр биеэр очин танилцаж иргэдтэй уулзахад дараах дүр зураг харагдаж байсныг Нийслэлийн эрхэм удирдлагууд та бүхэнд тоймлон хүргэе.
-Ардчилсан намын 2012 оны сонгуулиар амласан инженерийн шугамд бүрэн холбогдсон хауст амьдрах гэсэн иргэдийн итгэл маш том хүлээлт болон хувирсан байна.
-Дахин төлөвлөлтийн ажлын явц хэт удаашралтай байгаа нь иргэдэд бухимдал үүсгэж байна.
-Дахин төлөвлөлтөд хамрагдах байршилд байгаа иргэд хашаа байшиндаа сүүлийн 1-2 жилд засвар үйлчилгээ хийгээгүй тул өвөл нь зутарч, зун нь бороо ус гоожин хүндхэн нөхцөлд амьдарч тохь тух алдаж байна.
-Өөрийн эзэмшлийн өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй гацаанд ороод байна.
-Дахин төлөвлөлтөд орох хүлээлтээс үүдээд эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын шаардлага хангахгүй бохирдолтой орчинд амьдарч байна.
-Зарим иргэд газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гэрээ хийсэн компанидаа өгсөн тохиолдол байна. Ийм нэн хүнд асуудлууд үүсээд байгаа учраас иргэд “Төр засаг хаана байна” гэсэн асуултаар бухимдлаа илэрхийлж парламентын гишүүн надад хандсан юм.
2012 оны сонгуулиар Улсын баатар Э.Бат- Үүл та манлайлан нийслэлийн гэр хорооллын өрх бүрийг тансаг хауст оруулах болно гэсэн иргэдийн “загатнасан газар маажсан” амлалтыг өгч байсныг нийслэлчүүд төдийгүй монголчууд мартаагүй байгаа. Үүнийгээ хийгээсэй гэсэндээ ч иргэд сонголтоо танд, таны тэргүүлдэг нийслэлийн Ардчилсан намд өгсөн. Улстөрчийн хувьд, нийслэлийг төлөөлдөг УИХ-ын гишүүний хувьд би ч нийслэлчүүдтэйгээ адил хүлээсэн.
Гэхдээ 1001 өдөр өнгөрөөд байхад тансаг хауст амьдрах иргэдийн маань итгэл бухимдал, гомдлоор солигдож, таны гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал “Мянга нэгэн шөнийн үлгэр” болох гээд байгааг УИХ-ын гишүүний хувьд сануулан хэлэх нь зүйн хэрэг биз ээ. Би энэ үүргийнхээ л дагуу нөхцөл байдлыг газар дээр нь очиж танилцан дүгнэсэн, та бүхэндээ Ташуур болон хүч нэмэх үүднээс ажилласан болохоос та бүхний улстөржсөн өнцгөөр өөнтөгчлөн харсан шиг тушаа болох гэж яваагүйгээ сануулан хэлж байна.
Одоо миний гар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүдэн гарсан гомдол, бухимдлаа илэрхийлсэн 180 гаруй өргөдөл, хүсэлт байна. Үүний дийлэнх нь зөвхөн иргэдийн газрыг нь үнэлээд дээр нь шударга хөдөлмөрөөрөө босгосон байшин, үл хөдлөх хөрөнгийг нь зохих түвшинд үнэлэхгүй байгаад гомдолтой байгаагаа бичсэн байна. Иргэд маань харь оронд хар ажил хийн хөлсөө урсган олсон мөнгөөрөө газар, хашаа байшингаа босгож түүн дээрээ гутал засвар, хүнсний дэлгүүр, үсчин, цайны газар гэх мэтээр амьжиргааныхаа өдөр тутмын эх үүсвэрийг олох жижиг бизнес эрхэлж байсан тухайгаа бичжээ. Мөн газар чөлөөлөх гэрээ хийгээд барилгын ажил эхлэхгүй удаашралтай байна гэх гомдол маш их байна.
Ганцхан жишээ дурдахад л Дамбадаржаад ах дүү хоёрын тэр хавьдаа л байхгүй тохилог хаусыг дахин төлөвлөлт хийнэ хэмээн нурааж. Ингээд ах дүү 2 үр хүүхдүүдийн хамт гэр хөлслөн амьдарч байх хугацаандаа хоёулаа нас барж өнөөдөр үр хүүхдүүд нь хэрхэх учраа олохгүй хүндхэн нөхцөлд ороод байна.
Нөхцөл байдал ийм байхад түмнээ төлөөлөн төрд суугаа би дуугүй суух ёстой гэж бодохгүй байна.
Хүний эрхийн үндэсний болон Эмнести Интернэшнл олон байгууллагуудаас гэр хорооллын төлөвлөлт нь хүний эрхийг ноцтой байгаа тухай албан тоот ирүүлсэн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн тул хотын удирдлагууд та бүхэн үзсэн биз ээ.
Бодит нөхцөл байдлыг газар дээр нь очиж танилцахад иймэрхүү дүр зураг харагдаж байна. Иймд та бүхнийг хий улстөржих биш бодит байдалтай газар дээр нь хамтран танилцаж ажиллахыг хүсч байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Д.СУМЪЯАБАЗАР
URL: