“Тавантолгой”-г гацаавал АН хариуцлага хүлээнэ
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойш 14.00 цагт үргэлжлүүлэн хуралдах гэнэ. Хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Бүлгийн үдээс өмнөх хуралдаанаар “Тавантолгойн гэрээний төслийг нягтлах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгийн мэдээллийг сонсчээ. Хамтын тэтгэврийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, нэгдсэн байр суурьт хүрсэн байна. Татварын багц хуулийн ажлын хэсгийн ахлагчаас гишүүн С.Баярцогтыг чөлөөлж, Р.Амаржаргалыг томилсон байна. Засгийн газар Малын хөлийн татварын тухай, Зөвшөөрлийн тухай болон Төрийн албаны тухай хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр оруулж ирэхээр болсон байна.
АН-ын бүлгийн ахлагч Д.Гарамгайбаатар мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Тавантолгойн гэрээний төсөлд АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гаргасан дүгнэлтийг бүлэг дэмжиж байгаа юу?
-Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлтийг хүндэтгэж байгаа. АН-ын бүлэг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага, “Тавантолгой”-н гэрээний төслийн ажлын хэсгийн ахлагчийн мэдээллийг тал бүрээс нь сонссон. Ингээд “Тавантолгой”-н ордод төр 51 хувийг эзэмшихийг дэмжиж байгаа. Энэ нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч туссан.
-Энэ долоо хоногт “Тавантолгой” хэлэлцэх асуудалд тусгагдаагүй байсан. Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах бол?
-УИХ-ын даргын “Тавантолгой”-н гэрээний төслийг нягтлах ажлын хэсгийг 14 хоногийн дотор дүгнэлт гаргах үүрэг өгсөн. Одоо 7 хоног нь өнгөрч байна. Удахгүй дүгнэлтээ гаргаж, УИХ-д оруулж ирэх байх.
-Хэрвээ “Тавантолгой”-н төслийг гацаавал АН хариуцлага хүлээх үү?
-АН хариуцлага хүлээх болно.
Н.Энх
URL: