Хорихоос оргосон зургаан хүүхдийн хоёр нь олдлоо

-Үлдсэн дөрвийг эрэн сурвалжилсаар байна-

ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр ангиас зургаан хоригдол енгерегч ням гаригт оргосон тухай мэдээлэл тархаад байгаа. Мэдээллийн мөрөөр манай сонины сурвалжлах хэсэг өчигдөр 11 цагийн орчим Зайсан дахь хүүхдийн хорих ангийг зорин очлоо. Биднийг очиход гадна нь үүдний жижүүрээс өөр хүн үгүй байсан бөгөөд болсон явдлын талаар тодруулахыг хүссэн ч энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв. Мөн тус ангийн жижүүр”ШШГЕГ-аас зөвшөөрөл авсан үед л дарга нар яриа өгдөг. Тийм болохоор тэндээс зөвшөөрөл авах хэрэгтэй” гэв.

Хоёр хүүхэд нь хотын бүсээс олдоод байна
Ингээд ШШГЕГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн, дэслэгч Х.Баясгалантай уулзаж дараах асуултад хариулт авлаа.

-Зургаан хүүхэд оргосон гэсэн. Яг хэдний өдөр, хэдэн цагийн үед болсон хэрэг вэ?
-Долдугаар сарын 31-ний 14 цагийн орчим Зайсан дахь хүүхдийн хорих 411 дүгээр ангиас хүмүүжигч зургаан хүүхэд оргосон хэрэг гарсан. Одоогийн байдлаар хоёрыг нь хотын бүсээс олоод байна.

-Хотын яг аль бүсээс олсон бэ?
-Олдсон хоёр хүүхдийн нэгийг ньНийслэлийн хөдөлгөөнт эргүүлийнхэн оргосон өдөрт нь Сансарын тунель орчмоос барьсан. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч ням гаригийн орой баривчилсан гэсэн үг. Харин нөгөө хүүхдийг нь өчигдөр /наймдугаар сарын 1-ний өдөр/ тус ангийн дэд дарга О.Билгүүн олоод байна.

-Хэд орчим насны хүүхдүүд вэ. Яаж байгаад оргосон талаар мэдээлэл бий юу?
-Оргосон зургаан хүүхдүүд 16-18 насныхан. Хашаан дотроо цэвэрлэгээний ажил хийж байх үедээ оргосон гэсэн мэдээлэл бий.

-Хүүхдүүд яаж оргов. Хорих ангийн дотоод хяналт чанга байх ёстой биз дээ?
-Хэрхэн оргосон талаар хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч ерөнхий газраас тус ангид дотоод шалгалт хийж байгаа.

-Үлдсэн дөрвөн хүүхдийн талаар сураг гарч байна уу?
-Нөгөө дөрвийг нь хайх эрлийн баг гарсан байгаа. Тэдгээр оргодлуудыг Цагдаагийн ерөнхий газартай хамтран эрэн сурвалжилж байна гэв.

Оргосон зургаан хүүхдийн тав нь хулгайн хэргээр ял эдэлж байжээ
Ямартаа ч оргосон зургаан хүүхдийн хоёр ийнхүү олдсон байна. Харин үлдсэн хүүхдүүдийг хайх эрлийн баг 411 дүгээр ангийн дэд дарга, хошууч О.Билгүүнээр ахлуулан ажиллаж байгаа аж. Дээрх хоёр оргодлыг барих үед ямар нэг зэвсгийн чанартай зүйл биеэс нь гараагүй гэнэ. Дашрамд дурдахад, оргосон зургаан хүүхдийн ихэнхи нь хулгайн хэргээр ял эдэлж байсан байна. Тодруулбал, таван хүүхэд нь хулгай, нэг хүүхэд нь хүчингийн хэргээр хорих ангид ийн ял эдэлж байгаад оргожээ.

Хорих 411 дүгээр ангид 27 хүүхэд хүмүүждэг
Хүүхдийн хорих 411 дүгээр анги 1948 онд БНМАУ-ын Дотоод яамны 582 тоот тогтоолоор Улаанбаатарт байгуулагджээ. Түүнээс хойш хэд, хэдэн удаа байрлалаа сольсны эцэст 1995 онд Зайсанд суурьшсан аж. Насанд хүрээгүйчүүдийн хорих тус ангид одоогоор 27 хүүхэд хүмүүжиж байгаа юм байна. Харин тэдгээр хүүхдийн зургаа нь ийн оргож, олны дунд хэрэг мандуулж орхилоо.

Цэцэг цэврүү шиг хүүхэд ахуй насаа өргөст торны цаана өнгөрөөнө гэдэг үнэхээр хэцүү нь ойлгомжтой. Гэхдээ л хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээх ёстойгоо тэд ухамсарласан байлтай.

Гэвч яагаад оргов?
Хоригдол ч гэсэн хүн. Тэд эрүүл орчин нөхцөлд хүмүүжих эрхтэй. Харин энэ эрхээ хоригдолууд эдэлж чадаж байгаа болов уу. Өнгөрсөн онд ШШГЕГ-ын харьяа хорих анги, баривчлах байр, ялтны ахуйн нөхцөл нь шаардлагад нийцэж байгаа эсэхэд шалгалт хийсэн байдаг. Энэ шалгалтад цөөнгүй хорих анги бүдэрсэний нэг нь Хүүхдийн 411 дүгээр хорих анги юм. Шалгалтаар хоригдож байгаа ялтаны цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, цагаан хэрэглэл нь хиртэй бохир, гал тогоонд ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, ажлын хувцасгүй, хүнсний агуулах нь эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй, халдваргүйжүүлэх бодисын нөөцгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

С.Ван
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих