“Эвлэрлийн” гэх нууц гэрээ Монголыг 4.2 тэрбум төгрөгийн өрөнд оруулна

1430185271553ee53766dde

Шийдлийн засгийн газар байгуулагдсан цагаас хойш “Оюутолгой” болон “Тавантолгой” хэмээн хоёр том ордыг бүрэн эргэлтэд оруулж, эдийн засгийн хямралыг давах болохоо зарласан.

Н.Алтанхуягийн засгийг түлхэн унагасан хамгийн том шалтаг нь 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, 7 хувь болтол буулгасан явдал юм. Тиймээс Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ахлуулсан шинэ засаг байгуулагдаж хямралтай “дайн” зарласан. Шийдлийн засгийн газар эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд нэн түрүүнд “Оюутолгой” болон “Тавантолгой” хоёрыг эргэлтэд оруулж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой байгаагаа Ерөнхий сайд чуулганы индэр дээрээс хэлсэн.

ЗГ яг одоо “Тавантолгой”-г эргэлтэд оруулахад бэлэн болж хөрөнгө оруулагч талуудаа сонгон шалгаруулсан. Сүүлийн хоёр сарын турш талууд хэлэлцээр хийсний эцэст гэрээний төслөө боловсруулж өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногт чуулганаар тэрхүү гэрээний төслийг нь хэлэлцэнэ. Зарим судлаачдын үзэж буйгаар уг гэрээ нэлээдгүй яарсан шинжтэй, зарим талаараа дутуу дулимаг болсон аж. Магадгүй “Тавантолгой”-гоо “том охиныхоо” араас тавиад туух нь гэсэн хардлага ч нийгэмд үүссэн нь үнэн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт бас нэгэн сонирхол татахуйц гэрээний асуудал хөндөгдөж эхлэв. Тодруулбал, Засгийн газар нууцаар хуралдаж “Рио Тинто” компанитай “Эвлэрлийн гэрээ” гэгчийг байгуулах болсон юм. Энэ талаар анх УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон нийтэд мэдэгдсэн.

Уг “Эвлэрлийн гэрээ”-г нууц гэдгийн учир нь “Оюутолгой”-д яг ямар өөрчлөлт орох гээд байгааг ард түмэн битгий хэл УИХ-ын, Засгийн газрын гишүүд ч мэдэхгүй байна. Бүх мэдээллийг Засгийн газар нууцалж эхлэв. Засгийн газрын гишүүддээ ч яг ямар өөрчлөлт оруулах гэж байгаагаа тарааж өгөөгүй. Зөвхөн ерөнхий танилцуулга хийгээд эдийн засгийн хямралаас гарахын тулд үүнээс өөр арга зам байхгүй, дэмж гэж тулгасан сурагтай.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “Рио Тинто”-той хийж байгаа “Эвлэрлийн нууц гэрээ”-гээр Монголын биш “Рио Тинто”-гийн үр өгөөжийг их хэмжээгээр нэмэгдүүлэх, давуу байдал бий болгох боломжийг нээж өгөх аж. “Оюутолгой” ХК-д ногдуулсан 130 сая.ам долларыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 30 сая.ам доллар болгож бууруулсан. Гэтэл саяны нууц “Эвлэрлийн гэрээ”-гээр 30 сая ам.долларыг цуцалж, “Оюутолгой” ХК зөрчил гаргаагүй эсвэл өршөөл үзүүлэх бололтой. Товчоор хэлбэл Монголын татварын алба буруутай болж хувирав.

Мөн эх сурважлийн мэдээлж буйгаар энэ гэрээний дагуу 4.2 тэрбум долларыг дэлхийн зах зээлээс босгох гэнэ. Энэ зээлийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулна гэж монголчуудад ойлгуулна. Гэвч уг мөнгийг Оюутолгойн бүтээн байгуулалтад биш Рио Тинто татан авч төвлөрүүлж ашиглана. Тэгэхээр Монголын нэрийг барьж босгох 4.2 тэрбум ам.долларын зөвхөн нэг хэсгийг л Оюутолгойд зарцуулж бусдыг нь толгой компани мэдэж зарцуулна гэсэн үг.

“Эвлэрлийн гэрээ” байгуулагдсан тэр цагаас хойш “Оюутолгой” компани манай улсад ашгаа өгөхөө болих гэнэ. Муу гэрээ хийсэн гэж байнга чичлүүлж байгаа С.Баярцогтын гэрээнээс ч дордуулах аж. Тиймээс С.Баярцогт хуралдааны үеэр Ерөнхий сайдтай ширүүхэн маргаан үүсгэсэн байна. Мөн түүнийг “Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүн Г.Тэмүүлэн дэмжиж Ерөнхий сайдтай ам муруйжээ. Үүнээс улбаалан Г.Тэмүүлэн ТУЗ-ын гишүүнээсээ хүртэл татгалзаад амжсан.

Энэ бүх үйл явц ЗГ-аас хийх гэж буй нууц гэрээний асуудлыг улам бүр хурцатгаж байгаа юм. ЗГ ойрын үед нэн яаралтай үүсээд буй нөхцөл байдлын талаар тайлбар өгөх ёстой. Эдийн засгийг хэвэнд оруулах гэж байна хэмээн өнөө маргаашаа харсан шийдвэр гаргавал цаашдаа хэдэн зуун жилээр Монголын ард түмнийг тэжээх томоохон баялагаа бусдын гарт оруулах вий дээ. Ерөнхий сайд чуулган дээр хэлж байсан “Мега төслүүдийг бүгдийг нь УИХ-аар хэлэлцүүлж байж шийд гаргана” гэсэн үгэндээ хүрч нууц гэгдээд буй гэрээний асуудлыг нэн яаралтай ил болгох нь зүйтэй.

Г.Бат


URL:

Сэтгэгдэл бичих