“Эрэл” ХХК-ийг шалгажээ
Архивын ерөнхий газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Н.Оюунсүрэн, мэргэжилтэн Ө.Батсүрэн, Үндэсний төв архивын зааварлагч-арга зүйч Ж.Ханипа нар “Эрэл” ХХК-ийн архивын үйл ажиллагааг шалгажээ.
Шалгалтанд бичиг хэрэг-архив хариуцсан ажилтан Д.Даваадулам, Барилгын хяналтын албаны инженер М.Батжаргал, мөн тус компаний охин компани болох “Эрэл” тоосгоны үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Энхгэрэл, Хүний нөөцийн менежер Б.Отгон нар хамрагдсан байна.
Шалгалтын үр дүнд байгууллагын архивт эмхлэн цэгцлэгдээгүй байсан задгай баримтуудын заримыг тоо бүртгэлд хамруулж, татан буугдсан нэгжүүдийн баримтыг хүлээн авч бүртгэсэн зэрэг ажлын дэвшилттэй талууд гарчээ.
Гэвч байгууллагын архивын үйл ажиллагааг хууль тогтоомж, заавар, журмын дагуу явуулах нөхцөл хараахан бүрдээгүй, зөрчил дутагдал нэлээд илэрч, архивын ажлыг шалгах шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгахад 100 оноогоор дүгнэгдэхээс 35 оноогоор буюу “Хангалтгүй”, “F” гэсэн үнэлгээгээр дүгнэгдсэн байна.
Цаашид компаний архивын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дараах ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг дурьдсан улсын байцаагчийн дүгнэлт, илтгэх хуудсыг тус компаний удирдлагад хүргүүлсэн байна. Үүнд:
1. Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах;
2. Охин компаниудад өмнөх онуудад хөтлөгдөж дууссан баримт бичгүүдийг ажлын хэрэгцээнд тодорхой хугацаагаар /1-3 жил/ ашиглах шаардлагатай тохиолдолд архив хариуцсан ажилтныг ажиллуулах, зохион байгуулалтын нэгжүүд дээр хадгалагдаж байгаа хөтлөгдөж дууссан хэргүүдийг эмхлэн цэгцлүүлж төв компаний архивт шилжүүлэн бүртгэлд оруулах,
3. Үндэсний төв архивын зааварлагч-арга зүйчээс зөвлөгөө авч зураг, төсөл техникийн баримтын бүртгэл дансыг зааврын дагуу үйлдэж, байгууллагын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комисс /ББНШК/-оор хэлэлцүүлж, Үндэсний төв архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс /ББНШАЗК/-оор батлуулах,
4. Архивын баримтын тооллого явуулах, архивын ажилтны өрөө, хадгаламжийн сангийн байршлыг оновчтой зохион байгуулах, архивын техник хэрэгсэл, халат, маскаар хангах, галын аюулаас болон онцгой байдалд ажиллах төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах,
5. Архиваас олгосон лавлагаа, хуулбар, гадагш түр ашиглуулахаар олгосон баримт, уншлагын танхимд ашиглуулахаар олгосон баримт, архивын дотоодын хэрэгцээнд ашиглуулахаар олгосон баримтын бүртгэлүүд болон, архивын хуулбар баримтын жагсаалтыг тус бүрт нь хөтөлж хэвших,
6. “Хувь хүний нууцын тухай”, “Байгууллагын нууцын тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг судалж, байгууллагын хэмжээнд нууц баримт бичгийн зэрэглэл тогтоож, жагсаалт үйлдэн баталж мөрдөх,
7. Байгууллагын архивын болон албан хэрэг хөтлөлтийн программтай болох,
8. Архивын дүрэм, архивын баримт ашиглуулах журам зэргийг боловсруулж, цахим баримтын ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар тодорхой тусгах,
9. Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн ном, сэтгүүл, гарын авлагаар хангах,
10. Байгууллагын бизнес төлөвлөгөөнд архив, бичиг хэргийн ажилтны саналын дагуу архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын талаар тодорхой заалт, төсөв, зардлыг тусгаж байх,
11. Үндэсний төв архивтай хамтран ажиллаж, мэргэжил-арга зүйн зөвлөгөө авч байх, сургалт зохион байгуулах зэрэг юм байна.
URL: