Түүхээ үгүйсгэсэн дипломат албаны 100 жилийн ой
Тулгар төрийнхөө 2220 жилийн ойг тэмдэглэж буй Монгол Улс дөнгөж 100 жилийн өмнө л дипломат албатай болсон гэвэл харийнхан баярлаж, харин эх түүх маань гомдох байх. Дэлхийн улс орнууд түүхээ урагшлуулан баталгаажуулахын тулд судалгаа, шинжилгээний олон ажил эхлүүлж, ил далд тэмцэлдэж байхад манайхан эсрэгээр нь эх түүхээ ухрааж, гуйвуулж бусдын идэш болох зам руу хазайж байдаг.
Түүний нэг жишээ нь Гадаад харилцааны яамны санаачилгаар дипломат алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэж буй явдал юм. Чингисийн монголчууд өнөөдөр дэлхий дахинаа “Алтан гэрэгэ”-ээр тогтоосон дипломат харилцаа, “Торгоны зам”- аар алдаршсан олон улсын худалдаа, бизнесийн хөгжлийнхөө түүхийг мартаж, хонины сүүлний ой тэмдэглэж байгааг юу гэх вэ. Монголчууд Хүннү улсын үеэс гадаад харилцаа, худалдааны чиглэлд анхны шан татсаныг түүхийн олон эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Энэ талаар түүхч, судлаачдаас дэвшүүлсэн санал ч бий.
Тухайлбал, 2000 гаруй жилийн өмнөөс ашиглагдаж ирсэн Хятадын эртний Хан улсын нийслэл Чанань /Иань/ хотоос гараагаа эхэлсэн “Торгоны их зам”-ыг монголчууд хяналтандаа байлгаж, улмаар тогтвортой ашиглаж Хятадын Ганьсу муж, Синьцзянаар өртөөлөн Дундад Азийн улс орныг дамжиж Энэтхэг, Перс, Араб, Газрын дундад тэнгис, Франц хүрдэг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
“Торгоны их зам” дорно, өрнө, өмнө, умард зүгийг холбосон худалдаа, Элчин харилцаа, технологи, шинжлэх ухаан, соёлын дэлхийн гол судас, нэг ёсондоо гүүр болж байсан байдаг. Монголчууд түүнийг худалдааны замаас гадна буян үйлдэх, ариун мөргөлийн, хар элсний зам, түмэн уртийн зам гэхчлэн янз бүрээр нэрлэж нэрлэдэг. Марко Поло Монгол уруу аялж ирэхдээ торгоны замаар ирсэн учраас түүний нэрээр нэрлэх нь ч бий. Тэр бүү хэл, Македоны Александрын цэргийн зүтгэлтнүүдийн нэг Неарх Энэтхэгийн хөндийд торго, хоргой ачсан жингийн урт цуваатай олон тааралдсан тухайгаа тэмдэглэн үлдээсэн.
Монголч эрдэмтэн С.Н.Рубенко МЭӨ I-II зууны үед Торгоны зам хойд талаараа Хами, Турфан, Урумчийг дайран, Төмөр нуур /Иссык-куль/ Ферган, Согд нутгаар Бактри уруу Мевр, Хамаданыг дамжин Дюра, Геранк, Памир улмаар цааш өрнө зүг оддог байсныг тэмдэглээд, энэхүү замаар Хятад болон Хүн улсад бага Азийн ба эртний Грек, Ромын бараа нэвтэрч байсныг бичиж үлдээжээ.
Дэлхийн улс орнууд өөрийн ашиглаж байснаар нэрлэж байсан бол монголчууд шиг энэ замыг бүхий л төрлөөр ашиглаж чадсан нь хараахан үгүй. Монголчууд Хүннү гүрний үеэс гадаад харилцаа хөгжүүлснийг үгүйсгэж байгаа бол Модунь хаанаас Уди хаанд илгээсэн “Цагаан хэрэмнээс хойш нум сумтны нутаг, түүнээс урагш Хятадын нутаг” гэсэн утга бүхий захидлыг саная. Энэ тухайн үед үүссэн дипломат харилцааны эхлэл биш гэж үү.
Чингис хааны үед бий болгосон “Алтан гэрэгэ”-г ч мартаж бас боломгүй. Төрийн элч, төлөөлөгчдөд олгодог алт мөнгө, төмөр, модон гэрэгэ тухайн хүний зэрэг дэв, цол хэргэм, ямар асуудлаар очиж буйг илтгэхийн зэрэгцээ монголчуудын гадаад харилцааны нүүр царай болж байв. Гэтэл энэ түүхийг манай Гадаад харилцааны яамны санаачилгаар тэмдэглэн өнгөрүүлж буй дипломат албаны 100 жилийн ой арчиж орхилоо.
Ийм байх нь сайд Г.Занданшатарын эрх ашигт нийцэж байгаа юм уу. Ардын хувьсгалын 90 жилийн ойг тодотгох зорилготой Ардын намын сонирхолд тааруулсан хэрэг үү гээд асуулт гарна. Ингэж үзэхэд хилсдүүлсэн болохгүй байх. Нөгөөтэйгүүр, дипломат албаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудалд бодлогын зөвлөгөө өгөх, хамтран ажиллахаар өнгөрсөн жил Гадаад харилцааны яамтай гэрээ байгуулсан ШУА-ийнхны ажилд өгөх үнэлгээ болох биз. Бүхэл бүтэн улсын ШУА нь эх түүхээ мэддэггүй, мэдсэн ч аль нэг намын эрх ашигт нийцүүлэн засч, будлиулж байдаг дарга, сайд нарт үйлчилж байгаа нь өөрөө ичгэвтэр юм.
Чингис хааны “Алтан гэрэгэ”-г мэдэхгүй нэг ч монгол хүн, тэр тусмаа Гадаад харилцааны үе үеийн сайд нар дотор лав байхгүй. Одоо салбарын яамыг тэргүүлж буй сайд Г.Занданшатар гэхэд л Монгол Улсыг гадаадад сурталчлах, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, урлаг, спорт болон нийгмийн бусад салбарт гадаад орнуудтай харилцах, гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийг дэмжин урамшуулах зорилготой Гадаад харилцааны сайдын нэрэмжит “Алтан Гэрэгэ” шагналыг 2009 онд бий болгосон.
Тэр үеэр хэлсэн үгэндээ “Эзэн Чингис хаан “Алтан Гэрэгэ” хэмээх эрхэмсэг агаад ёсорхог баталгаа тэмдгийг элч төлөөлөгчиддөө Монгол төрийн алтан аргамжийг бататгах үйлсэд чин шударга хүчин зүтгэхийг даалган соёрхож байсан билээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг анх удаа гардуулах ёслол өнөөдөр болж байна. Энэ ёслол шинэ оны босгон дээр, Монгол Улсын дипломат албаны баярын өдөр тохиож байгаа нь бүүр ч их бэлэгшээлтэй юм” хэмээгээд уг шагналын ууган эздээр Йоркийн хунтайж Эндрью, Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Янагасива Токужи, Нидерландын “Монгол сайхан” санг тодруулан шагнал гардуулж байсан нь саяхан.
Гэтэл өнөөдөр түүнийгээ мартчихсан дипломат албаны 100 жилийн ой тэмдэглээд тууж явна. 1911 оноос эхлүүлсэн дипломат харилцаа Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх ёстой юу гэвэл мэдээж. Гэхдээ манай улсын дипломат харилцааны эхлэл мөн үү гэвэл үгүй. Түүхийн зөвхөн нэг хэсэг, түүхийн нэгэн шинэ үед дипломат харилцаагаа шинэчилж, өргөтгөсөн хэлбэр гэж ойлгож болох юм. Түүнчлэн тулгар төрийн 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийг тэмдэглэж байгаа нь өөр хоорондоо зөрчилдөж толгой эргүүлдэг.
Тодорхойгүй, эмх цэгцгүй энэ байдлаас түүхийн хувьд ч, улс төрийн хувьд ч гарах цаг болжээ. Тухайлбал, Монгол Улс 2220 жилийн өмнө ч, 805 жилийн өмнө ч төртэй байсан нь маргашгүй үнэн. Түүхийн хэсэгхэн хугацаанд эрх чөлөөгөө алдсан ч төрийн залгамж халаа, тусгаар тогтнолын баталгаа байсаар ирсэн. Ардын хувьсгалын 90, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил гэж онцлох шаардлагагүй баймаар. Өнөөдөр олон ой давхацсан жил байдаг, цаашид ч байх ёстой юм шигээр улстөрчид ярьж, ард түмэн олон хоногийн амралтын өдөрт бялууран итгэж үнэмшиж байна.
Гэхдээ эрх мэдэлтнүүдийн зүгээс энэ олон ойн баярыг бодлогоор давхцуулсан гэвэл үнэнд илүү ойртох биз. Түүнээс гадна бүсийн наадам, аймаг, сумын ойн баярууд шил шилээ дарж, сайд, дарга нар баахан төсөв, шагнал батлуулж аваад тойрогтоо очиж, сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг албан бусаар эхлүүлэв. Тэмдэглэлт ой, баяр наадам зохион байгуулах санаачилгын цаана улсаас төсөв зардал гаргуулж мөнгө угаах гэсэн бодлого явагдаж байна гэсэн хардлага бий. Хардахаас ч аргагүй юм.
Ч.Үл-Олдох
URL: