Ш.Мягмарсамбуу: Нийтийг эвсүүлэхийн төлөөх С.Зоригийн чанар Монголд их хэрэгтэй байжээ

527-14294901354-20-1_700x700Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан дотны анд нарынх нь нэг Ш.Мягмарсамбуутай ярилц­лаа. Ардчилсан намын төв байрны хойд талд байрладаг С.Зоригийн хөшөөний дэргэд бид уулзав. Тэрээр “News” агентлагт орчуу­лаг­чаар ажилладаг юм.

-Та энэ хөшөөн дээр их ирнэ биз ?

-Ажилдаа явах замдаа хажуугаар нь гарна. Арга хэмжээний үеэр ирнэ. Энэ хөшөөг хийж байхад бид очиж тэгшхэн хөлтэй байхаар нь жаахан майга байсан гэж бодит болгох талаар саналаа хэлж байсан.

Энэ бол жинхэнэ ард түмний хандивын мөнгөөр боссон хөшөө юм шүү дээ.  Аравдугаар сарын 2-нд энэ байшинд /Ардчилсан намын байр/ үймэлдэж байхад хандив эхнээсээ цуглаж байсан. Түүний ерөнхий төрх энэ хөшөөнд сайн буусан. Б.Дэнзэн гэж С.Зоригийн найз, том зураач хийсэн болохоор төрхийг нь сайн гаргасан. Түүний олон сайн найзын нэг нь юм.

-С.Зориг олон найзтай байсан гэдэг. Гэхдээ та түүнээс 10 гаруй насаар ах хүн шүү дээ?

-Ахын сургааль гэх мэт юм түүнд хэлж байсангүй. Тэр үед Их хуралд байсан Зоригтбаатар, өмгөөлөгч С.Нарангэрэл, хуульч Б.Чимид  гуайтай сайн найз байсан. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржтойгоо ч найз байсан. Г.Зоригоо, Л.Баясгалан, Г.Чулуунбат, одоо “Зориг сан”-д байгаа Ганаа бий. Бүгд л түүний найз.

-Та хоёрт хамт нөхөрлөсөн сайхан дурсамж олон байгаа нь мэдээж. Тэр дундаасаа онцлоод манай уншигчидтай хуваалцана уу?

-1990 оноос хойш сөрөг сонин үүсгэхээр болж, тэр талаараа С.Зориг бид хоёр жаахан холбоотой болсон юм. “Ардчилал” сониныг байгуулах үед би дизайнерээр нь ажилласан юм. Сонины макет хийдэг цөөн хүн байсан юм. Тэр үед С.Зориг энэ байшингийн хоёр давхарт суудаг, манай редакц буюу “Новости Монголиа” бас энд байсан болохоор С.Зоригтой танилцаж байсан юм. Намайг түүний дотны найз гээд дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 2 болохоор хэвлэлийнхэн ярилцлага авна гээд ээрээд байдаг юм. Тийм биш. Түүнд багын, сургуулийн, оюутны, Их хурлын гээд олон сайн найз бий. Өөрсдийгөө ч найз гэж хэлэх эрхтэй хүн олон байдаг байх. Миний хувьд С.Зоригийн багт багтаж байсан. Хажууд нь нөмөрлөж байсан гэх үү дээ. Нэг өрөөнд чихэлдээд сууцгаадаг байлаа. Төрийн ордны 409 тоот жижигхэн өрөөнд арваад хүмүүс яаж ийгээд багтаж байсан санагдана.

-Танилцсанаасаа хойш олон жил үерхэж дээ, та хоёр?

-Намайг С.Зоригтой ах нь танилцуулсан юм шүү дээ. С.Баяр бид хоёр “Новости Монголиа” сонинд хамт ажиллаж байсан. Хувьсгалын үед би түүнд ямар аргаар тус болох вэ гэж бодсон. Тэгээд хийж чаддаг юм болохоор сонин хэвлэлийнх нь ажилд оролцоё гээд тэгээд л бид танилцаж үерхээд явсан. Биднийг ойртуулсан нэг зүйл бол сонирхлын хүрээ. Орос сургууль төгссөн учир бид орос хэвлэл, ном уншдаг, түүнийгээ солилцож, энэ талаараа дотно болсон байх.

-Шатар, тамхины жинхэнэ найз байсан гэж таныг сайн мэдэх хүмүүс ярьдаг юм билээ?

-Өө тэр болгон түүний өрөөнд ордоггүй. Мастерууд л шатрыг сайн мэдэх байх. С.Зориг багш байхын л тоглодог байсан. Зарим үед Төмөрхуяг гээд мастерыг хожихын тулд шатрын этүдийг судлаад 16 дахь нүүдлийг хийж овоо хожиж яваад 17 дахиа мартаад хожигдчихлоо гээд амаа барьж байсан санагдана. Түүнтэй тоглодог хүрээ өргөн байсан. Би хааяа л дундуур нь орж тоглоно, заримдаа С.Зоригийг хождог байсан ч түргэн шатарт тэр сайн. Ер нь социал демократууд их шатарчин хүмүүс байсан, одоо ч байгаа.  С.Зоригийг шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгосон нь их учиртай. Монголд их мастер төрүүлнэ гэсэн хөтөлбөр гаргаад анхны мастерийг гаргаж ирсэн. Тэр энэ ажилд нэлээд оролцсон. Бас нэгэн олон улсын хуралд хавтгайг хамгаалах төсөл гээд батлуулах санаатай хөөцөлдөөд байсан. Энэ мэт байгаль хамгаалах ажилд хүртэл идэвхтэй оролцдог байсан. Түүнийг Их хуралд цөөн суудаг, тасалдаг гэж ярьдаг байсан ч тэр чухал зүйлд маш идэвхтэй оролцдог байсан. Тухайлбал, шинэ Үндсэн хуулийг батлалцахад идэвхтэй оролцсон. Үүндээ аймгийн дарга нарыг хүртэл лоббидон татан оролцуулах гэж хичээж байсан санагдана.

-С.Зориг төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан уу. Та энэ тухайд ямар дурсамж сөхөх бол?

-Тэр үед бид төрсөн өдөр, валентины баяр гээд давхиад байхгүй. Эгзэг нь таарвал тэмдэглэчихнэ. Нийлээд алжаалаа тайлахаас биш ажил албаа ярихгүй, чөлөөтэй байдаг байсан. Ном, онигоо гээд тухайн цагт л гарч ирсэн сэдвүүдээр ярилцдаг байж. Тэр тус дэм болъё гэж бодож өрөөндөө биднийг аргацаадаг байсан болов уу. Шинэ юм сэдэхдээ их сайн хүн гэж боддог. С.Зоригийн ажил үйлсийн талаар их сургуулийн найз Б.Чулуунбат, намын нөхдүүд, Ардчилсан холбооныхон сайн ярих байх. Надад найдаад сонины ажилд тавьчихсан болохоор миний ажилд оролцдоггүй, бодсон санаснаа шахдаггүй байсан. Хүний ажилд хэзээ ч оролцдоггүй арга барил нь харагддаг байсан. Бид 1993 онд Германд сөрөг намын хуралд явцгаасан. Тэр үед харж байхад хурлаас тэмдэглэл хөтлөөд дараа нь базаж хэлж байна лээ. Тэгэхэд германууд их нааштай хүлээж авч харагдсан. Тэр үед дөнгөж улс төрд орж байсан манайхан тэмдэглэл хөтөлж байсныг би хараагүй. Санасан сэдсэн зүйлээ дандаа тэмдэглэдэг юм. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг”гэсэн үг хэллэг нь тэмдэглэл, захидалтай нь холбоотой шүү дээ. Ер нь цэгцтэй, төгс хүн байжээ гэж бодогддог.

-Хэдий төрсөн өдөр нь тохиож байгаа ч тэр гунигт түүхийг сөхөхгүй өнгөрч боломгүй. Аравдугаар сарын 2-нд хөшөөнд нь цэцэг өргөөд өнгөрдөг боллоо. Хэргийн талаар сүүлдээ хэн ч сөхөхгүй байх юм. Энэ талаар танд юу бодогдож байна вэ?

-Энэ талаар тодорхой мэдсэн юм алга. Энэ гунигтай өдрөөс хойш Засаг барьж байсан аль ч намд энэ хэргийг нээе, илрүүлье гэсэн хүсэл эрмэлзэл байхгүй гэдэг нь харагддаг. “Зориг сан”-гаас тэр өдрийг Хүчирхийллийн эсрэг өдөр болгоё гэж дэвшүүлж тавьсан ч 10 гаруй жилийн турш ямар ч дэмжлэг авсангүй.

-Таны андыг Ерөнхий сайд болох гэж байсан учраас бусдын гарт амиа алдсан гэх таамаг олон жил явлаа. Та энэ тухайд ямар бодолтой явдаг вэ. Энэ хэр ортой таамаг вэ?

-Үүнийг би сайн мэдэхгүй. Ерөнхий сайд болчихсон хүнийг алаад байдаггүй болов уу. Ямар зорилгоор хэн ашиглав, хөнөөв гэдэг мөрдөн байцаалт дууссан цагт л тодорхой болох байх. Жон Кеннедигийн хэрэг гэхэд л олон жил оньсого таавар мэт явсаар, энэ тухай ил гаргаж тавьсан хүн байхгүй. Олон таамаг гарна гэдэг хэрэг урагшлахгүй байгаагийнх. Ганц нь ч батлагдаагүй таамаг учраас энэ талаар яриад байх хэрэггүй.

-Ардчилсан хувьсгалын төлөө гар бие оролцсон хүмүүс, Ардчилсан намынхан 25 жилийн ойн баяраа саяхан тэмдэглэлээ. С.Зоригийн тэр үеийн улс төрд эзэлсэн орон зай, одоогийнх гээд харьцуулбал?

-С.Зориг бол Ардчилсан холбооны лидер. Улс төрийн орон зайд тодорхой байр суурь эзэлсэн хүн. С.Зориг байхгүй болсноор орон зай нь онгорхой л үлдсэн. Энэ орон зайг хэн эзлэх вэ, ямар лидер гарч ирж эзлэх вэ гэдэг сонин. С.Зоригийг гадаад, дотоодод танина гэдэг нь улс төрд өөрийн гэсэн орон зайг эзэлсэн гэдгийг илтгэж байна.

-Түүний дүү С.Оюун гишүүн,  ах С.Баяр Элчин сайд гээд гэр бүлийнхэнтэй нь та хэр холбоотой байдаг вэ?

-Өө бид гайгүй шүү дээ. С.Зоригийн бүх танил ээжийг нь мама гэдэг байсан. Хувьсгалаас хойш тэдэнд их хүнд байсан. Утас, захидлаар худал, үнэн заналхийлэл, дарамт их ирж байсан. Тэр үед одоогийнх шиг цахим хуудас байсан бол ална тална, зайл майл гэсэн үгээр дүүрсэн  байсан байх. Энэ бол хийх юмгүй  хүмүүсийн ажил, зарим нь нэр хүндийг нь зориуд унагах гэж зохион байгуулалттай хийсэн ажил байсан. Ордны цонхоор шээсэн гэх дуулиан бий. Тэр бол яаж ч бодсон цаанаас зохион байгуулсан л үйлдэл. Гэтэл иймэрхүү юм зарим  жирийн улстөрчийн нэр хүндийг унагах байтугай  өсгөөд явчихдаг тал ч байна. Ийм  болхи, бохир ажиллагаа нэлээд байсан. Тэр Ардчилсан холбооноос гараад хэд хэдэн нам байгуулсан шүү дээ. Бүгд найрамдах намыг байгуулсан. Нийтийг эвлэрүүлж эвсүүлэхийн төлөө л байсан хүн. Тэр одоо амьд сэрүүн байсан бол энэ чанар нь Монголд их хэрэгтэй байжээ.

-Ер нь та сүүлийн үед өрнөж буй нам, улс төрийн үйл явц, улстөрчдийн үйлдлийг сайн ажигладаг болов уу. Монголын улс төрийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцаач?

-Аль ч Засгийн эрх барьсан намынханд тодорхой хөтөлбөр алга. Хөгжүүлье гэхээсээ илүү өөрсдийн амбийцад их хөтлөгдөж байна. Түүнээс биш Ардчилсан холбооны хүчинд хүний эрх, эрх чөлөөний асуудал шийдэгдсэн. Бид дуртай газар руугаа явж, бичиж, уншиж байна. Эрх барьж байгаа хүмүүсийн мэдлэг мэргэжлээс их зүйл хамаардаг байх. Ардчилсан, шинэчилсэн, шийдлийн гээд тодотголтой болж. Энэ тодотгол нь хийж байгаа ажилтай нь таарахгүй  байна. 1970-аад оны үед түүхий эдтэй холбоотой голланд өвчин гэж гаргаж ирсэн гэдэг. Ер нь бол үйлчилгээгээр улс хөгждөггүй л юм байна. Дандаа л үйлчилгээний салбарын юм хийгээд байдаг. Одоо үйлдвэржилтээ хиймээр юм шиг. Хөдөө аж ахуйн жижиг үйлдвэрүүдийг хөгжүүлмээр байна. Боловсрол муу байна. Боловсролтой хүмүүс үйлдвэржилтийг хөгжүүлж болмоор санагддаг. Уг нь 20 гаруй жил болчихоод байхад үйлдвэржилт хөгжжихмөөр юм. Боловсон хүчний асуудал тааруу. АН ч тэр, МАН-ынх ч адил нэг сайд гарч ирээд туршлагатай төрийн ажилтнуудыг халж, өөрсдийнхөө туршлагагүй хүмүүсээр сольж тавьдаг, тэгээд ажил нь урагшаа явдаггүй. Гар цайлгах мөнгө төгрөг яаж хүртэх вэ гэж бодоод байвал ажил нь урагш явахгүй л дээ. Энэ тал дээр С.Зориг их шулуун байсан. Жишээ нь, тэр тамхины мөнгөгүй, минийхээс нэлээд бууддаг байлаа. Өөрийнхөө хэрэг­лээг мэддэг, элдэв шуналгүй ажилладаг Монголын нэн шинэ улс төрийн лидерүүдээс нэгдүгээр хүн нь С.Зориг юм даа. Газар, байшин авчихъя, хэн нэгэнд олгуулчихъя, мөнгө авчихъя гэсэн бодол түүнд огт байгаагүй. 1996 онд “Ардчилсан холбоо эвсэл” сонгуульд ялж байхад М.Энхсайхан намайг танай сонины эрхлэгчээр тавихаар болсон. Тэр үед би С.Зоригоос асуусан чинь “Хүн санал тавьж байхад хүлээж авах хэрэгтэй”гэж байсан. Харин хүмүүс С.Зориг нь түлхээд сонины эрхлэгчээр тавьсан байх гэж боддог. Нээх удаагүй танайхаас гарахад “боль” гэж хэн нэгэнд хэлээгүй. “Сониныг өөрчилж чаджээ” л гэж надад хэлж байсан. Тэр үед Япон руу явахдаа ярилцлага өгч түүндээ намайг оруулсан байсныг хараад баярлаж л байсан. Энэ талаараа С.Зоригт элдэв чанар байгаагүй. Архи, тамхи, шатар гээд хүнд байдаг л зүйл байснаас биш элдэв муу, илүү дутуу юм байсангүй. Хүнд шахалт дарамт үзүүлдэггүй хүн байж дээ.

М.ГАНЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих