Компаниуд хөрөнгийн захаас мөнгө босгож эхэллээ
Хуртай, нартай зуны өдрүүдийн хөрөнгийн бирж дээрх арилжааны мэдээ ч өнгө алаг байна. ТОП-20 индекс ялимгүй хэмжээгээр өсч, буурч зах зээлийн үнэлгээ ч өөрчлөгдсөөр. Монголчуудын хөрөнгийн захын талаарх мэдлэг, мэдээлэл өргөжиж арилжаанд оролцогчид нэмэгджээ. Хөрөнгийн биржийн гишүүн байгууллагын тоо өсч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид ч хошуурах болсон байна. Харин үндэсний компаниуд аль нэг банкнаас зээл авахаар хөөцөлдөх биш хөрөнгийн захаас мөнгө босгох аргыг эрэлхийлж эхэллээ. Тэдний нэг нь “Силикат” ХК-ийн зах зээлд нэмж гаргаж буй хувьцаа. Нэг бүр нь 225 төгрөгийн үнэтэй 16,222,300 ширхэг хувьцаагаар компани гурван тэрбум 650 сая төгрөгийн хөрөнгө босгож үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилготой. Шинээр гаргаж буй хувьцааны 20 хувийг олон нийтэд санал болгосон бөгөөд захиалгаа өчигдрөөс авч эхэлсэн. Олон нийтэд санал болгосон хувьцааны арилжааг энэ сарын 9-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин үлдсэн 80 хувийг мөн брокер дилерийн компаниар дамжуулан захиалан авах юм байна. Компанийн тухай товч танилцуулахад, 1966 онд шохой, силикат тоосгоны үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдаж, Монгол Улсын ханын материалын хэрэгцээний 25 хувийг дангаараа хангаж байсан томоохон үйлдвэр юм. Тус компани өнөөдрийн байдлаар шохой, хөнгөн блок үйлдвэрлэж дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Компани нэмж хувьцаа гаргахад андерртайтераар нь “Би Ди Сек” ажиллажээ.
Ийнхүү олон жилийн түүхтэй үндэсний ууган компани дотоодын захаас хөрөнгө босгох их аянд мордсон бол түүний араас хөрөнгийн захаас мөнгө босгох дотоодын өөр нэг компани бэлтгэл ажилдаа орсон байна. Энэ нь “Жаст групп”-ын охин компани болон “Жаст Агро”-гийн төлөвлөгөө юм. Тэд “Мах” нэртэй бондыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж, мах бэлтгэлийн ажлыг сайжруулах техник технлогио сайжруулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасныг зөвшөөрсөн байна.
“Мах” бонд 12 сарын хугацаатай, жилийн 16,2 хувийн хүүтэй, нэг бүр нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнээр гурван сая ширхгийг арилжах ажээ. Тус компани нь хоногт 10710 толгой мал нядлах, 19200 тонн мах хадгалах хүчин чадалтай үйлдвэрийг 11 аймгийг хамруулан байгуулсан юм байна. Монгол Улсын хэмжээнд мах бэлтгэлийн 32,3, мах махан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадлын 30, махны экспортын 22,8 хувийг дангаараа гүйцэтгэдэг байна. Монголын хөрөнгийн бирж дээр компани бонд гаргасан хоёр дахь тохиолдол “Мах” боллоо. Өмнө нь “Монинжбар” компани 2008 онд “Бүтээн байгуулалт” нэртэй бондыг гаргаж байжээ.
Харин Засгийн газар одоогийн байдлаар Төрийн 4000 айлыг орон сууцжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэхээр бонд гаргаад байгаа юм. Энэ дашрамд нэмж дуулгахад, одоогоор Монгол Улс том, жижиг нийлсэн махны 35 орчим үйлдвэртэй юм байна. Эдгээр компани жилд 90 орчим мянган тонн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах хүчин чадалтай аж. Харин эргэлтийн хөрөнгө тааруу учраас хүчин чадлын гуравны нэг хувийг л ашиглаж, хотын махны хэрэгцээний 30 орчим хувийг хангадаг байна.
Санхүүгийн зах зээлийн хос морины нэгийг хөрөнгийн зах гэдэг. Банкны салбар дангаараа шахуу Монголын санхүүгийн зах зээлийг нуруун дээр үүрч яваа гэх нь бий. Тэгвэл энэ хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж хөрөнгө босгох оновчтой зөв хэлбэрт ийн шилжих болсон байна. Компаниуд үнэт цаас, бонд гаргаж байгаагийн зэрэгцээ Засгийн газар зарим хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр бонд гаргаад буй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөрийг санхүүжүүлэхээр бонд гаргасан байгаа. Засгийн газрын бонд бусад үнэт цаасыг бодвол найдвартай байдаг тул хөрөнгө оруулагчид ч авах дуртай. Орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой уг бондоор 72 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн. Энэ сарын 8-ны өдөр болох үнэт цаасны арилжаагаар үлдсэн 17,01 тэрбум төгрөгийг бондыг арилжина. Цаашид Засгийн газар хэд хэдэн салбарт зориулан бонд гаргах юм. УИХ-аас 2011 оны тавдугаар сарын 27-ны өдөр баталсан “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолд ноолуурын салбарт 100 тэрбум төгрөг, ноосны салбарт 50 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөг, нийт 300 тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн газарт даалгасан юм.
Сүүлийн үеийн үнэт цаасны арилжааны мэдээнээс харахад үнийн дүн хэдийгээр бага ч зарим хувьцааны үнэ чамгүй өссөн байгаа юм. Үүний нэг нь өдөр тутмын арилжааг үргэлж өнгөлж байдаг “Хөх ган” ХК-ийн хувьцаа юм. Хөрөнгийн зах гэдэг бол удаан хугацааны туршид өгөөжөө өгдөг цагаан зангиатнуудын бизнесийн талбар гэгддэг. Тиймдээ ч өнгөрсөн жилийн яг өдийд 116 төгрөгийн ханштай байсан хувьцаа өдгөө 270 орчим төгрөг болж үнэ нь хоёр дахин өсчээ. Энэ компани төмөр бэлдцийн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд хувьцааны ханш ийн өссөнөөр компанийн зах зээлийн үнэлгээ 27,355,740,390 төгрөг болжээ. 2008 онд анх хөрөнгийн биржид бүртгүүлж, 101 сая 317 мянга 557 ширхэг хувьцаа гаргасны 30 хувийг нь олон нийтэд санал болгож байсан байна. Нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй энгийн хувьцаагаар эднийх нийтдээ гурван тэрбум 39 сая 526 мянга 710 төгрөг босгож үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Хөрөнгийн биржээс авсан мэдээллээр компани 2010 оны ногдол ашгаа одоогийн байдлаар тараагаагүй байна.
“Ремикон” хувьцааны үнэ мөн дээрхийн адил өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өсчээ. Жилийн өмнөхөн хувьцаа 75 төгрөгөөр арилжаалагдаж байсан бол өдгөө 136 орчим төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн хавар гуравдугаар сард тус компанийн хувьцаа хамгийн өндөр төвшиндөө 145 төгрөгт хүрч байжээ. Үнэ хэдий өндөр биш ч өдөр тутмын арилжаанд нэлээд идэвхтэй оролцдог зарим хувьцаануудын ханшийг сонирхуулахад ийм байна.
Харин жилийн өмнөөс нэлээд эрэлт хэрэгцээтэй болсон уул уурхайн компаниудын ханш ямар байгааг сонирхъё. Уул уурхайн хувьцаануудын хамгийн эрэлттэй, хамгийн өндөр үнэтэй нь “Тавантолгой” ХК-ийн хувьцаа байдаг. Энэ хувьцааг задалж зарахаар шийдвэрлэсэн болохоор одоогийн байдлаар арилжаанд оролцуулахгүй байх шийдвэрийг холбогдох албаныхан гаргаад байгаа. Эрэлт ихтэй ч хэтэрхий өндөр үнэтэй хувьцааг задалж зарах нь хувьцааг улам идэвхжүүлэх зорилготой гэдэг. Тиймдээ ч чамгүй үнэтэй энэхүү хувьцааг задалж зарахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. “Тавантолгой” ХК-ийн хувьцааны араас “Шивээ-Овоо”, “Багануур”, “Адуунчулуун”, “Шарын гол” гэх мэт нүүрсний уурхайн хувьцаанууд бас чиг эрэлттэй хувьцаагаар тодордог. Хамгийн сүүлийн арилжаагаар “Баян тээг” нүүрсний уурхайн хувьцаа 50 000, “Шивээ овоо” 26 000, “Багануур” 19 800, “Адуунчулуун” 9250, “Шарын гол” 16200 төгрөг гэсэн ханштай байлаа.
Б.СҮРЭН
URL: