Цемент, арматурын үнийг тогтоох 43 тэрбум салхинд хийссэн үү?

4-15-3_700x700

Монголбанк Тэнхлэг зууч, Актив зууч болон Монголиан пропертиз судалгааны компаниудтай хамтран нийслэл дэх орон сууцны үнийн судалгааг танилцуулахад өнгөрсөн оныхоос 15.9 хувиар өсчээ. Энэ бол жил орчмын өмнөх судалгаа. Өөрөөр хэлбэл, 2014 оны зургадугаар сард орон сууцны үнэ нэг жилийн өмнөхөөс 16 орчим хувиар нэмэгдсэн байсан гэсэн үг. Одоо ч энэ салбарын үнэ өссөн, буурсан эсэхийг уншигчид хэлүүлэлтгүй мэднэ.

Энэ хугацааг хэлэх учир нь 2013 оны нэгдүгээр сарын 9-нд БХБЯ Монголбанктай хамтран “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрийн хүрээнд барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад 64 тэрбум, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал цемент, арматурын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 265 тэрбум, дэвшилтэт технологи, байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх төслүүдийг дэмжихэд 50 тэрбум, орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох гэсэн хөтөлбөрийн санхүүжилтэд 800 тэрбум төгрөг тавьж баталжээ. Нийт нэг их наяд гаруй төгрөгийг барилгын салбарт 1-3 жилийн хугацаанд үр дүнгээ өгөхөөр санхүүжүүлсэн байна. Хөтөлбөрийг баталж, гэрээг үзэглэснээс хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрөхөд хөтөлбөрийн хэрэгжилтэд эхнээс нь зөрчил гарч, хариуцах эзэнгүй болоход ойрхон байна.

43 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН ГЭВЭЛ…

Хөтөлбөрийн хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Монголбанкнаас барилгын материал үйлдвэрлэгч 58 компанитай 2013 оны хавар 131.6 тэрбум төгрөгийг долоон хувийн хүүтэйгээр олгожээ. Зээл авсан компаниуд барилгын гол нэрийн бүтээгдэхүүн цемент, арматурыг тогтвортой үнэтэйгээр аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх үүрэгтэй байлаа. Энэ нь цаашлаад орон сууцны үнийг тогтворжуулж, бууруулах боломжийг бий болгох байсан юм. Тэр бүр олдоод байхгүй бага хүүтэй зээлийг авсан компаниуд үүргээ умартаж, зориулалтын бусаар зарцуулсан тухай ШӨХТГ-аас мэдэгдсэн юм. Тус газрын дарга Т.Аюурсайхан “Хөтөлбөрт хамрагдсан 58 компаниас 10 нь дангаараа 43.3 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Тодруулбал, гэрээнд цемент, арматурыг компаниуд үйлдвэрлэгчээс авах ёстой гэж заасан ч нийлүүлэгчээс авсан. Хэрэгчлэгчдэд хямд үнээр нийлүүлж барилгын материалын болон орон сууцны үнийг тогтворжуулах арга хэмжээ авах ёстой байсан ч хувьдаа ашигласан компани ч байсан. Улсаас хүү багатай их хэмжээний зээл авчихаад хэрэглэгчдэд нийлүүлэх бус компанидаа ашигласан гэсэн үг. Гэтэл барьсан орон сууцных нь үнэ өндөр хэвээрээ. Зардлаа маш ихээр бууруулж ашгийнхаа хувь хэмжээг нэмж хувьдаа завшсан байдал тогтоогдсон. Гэрээнийхээ бүх заалтыг зөрчсөн аж ахуйн нэгж ч байна” гэсэн. Үүргээ биелүүлээгүй компанийн жагсаалтад “Монос констракшн”, “Монтул”, “Бүрд констракшн”, “Очир ням”, “Мост интернэшнл”, “Орд гео”, “Төмөр транс”, “Таван богд трейд”, “Кью эс си”, “Пума” зэрэг компани байна. ШӨХТГ-аас нэр дурдагдсан компаниудыг тендерийн хар жагсаалтад оруулж, долоо хувийн хүүтэй зээлийг нь одоогийн ханшаар буюу 18-19 хувийн зээлийн хүүгийн зөрүү 12 хувийн хүүг улсад төлөх ёстой хэмээн салбарын яаманд нь мэдэгдэл хүргүүлсэн гэж байв.

Г.Байгалмаа: ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН ГАРСАН

Гэвч Барилга, хот байгуулалтын яамныхан өөр саналтай байна. Тус яамны дэд сайд Г.Байгалмаагаас энэ талаар тодруулахад “Хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг явцын дунд шалгаж зөрчил илрүүлсэн. Түүний мөрөөр бид арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайн үеийн ажлын хэсэгт байсан хурлын протокол дүгнэлтэд зориулалтын бусаар ашигласан гэсэн тэмдэглэгээгүй байдаг юм билээ. Нэг жилийн хугацаанд хэрэгжсэн уг ажлын үр дүн гарсан. Орон сууцны борлуулалт, үнийг тогтвортой барьж чадсан” гэлээ.

Одоогоор төрийн хоёр байгууллага ийнхүү хоёр өөр саналтай байна. Гэвч барилгын материал, орон сууцны үнэ тогтвортой, бүр буурсан гэвэл ташаа ойлголт. Судалгааны байгууллагууд орон сууцны үнэ жил бүр тогтмол 10 гаруй хувиар өссөөр байгааг хэлж байгаа. Валютын ханшны өсөлтийг тооцож болох ч хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас олон тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан компанийн нэрсийг нэгэнт зарласан. Тэд цаашид хэрхэн ажиллах талаар тодруулахад “Манай байгууллага зөрчил илрүүлж холбогдох байгууллагад санал хүргүүлсэн.

Үүнээс илүү эрх мэдэлгүй” гэсэн юм. Тэгвэл улсын мөнгийг тэрбум, тэрбумаар нь хувьдаа ашигласан нөхдийг хэн хариуцах вэ.

Гурван жилийн хугацаанд үр дүнгээ өгөх амлалттай 300 орчим тэрбум төгрөгийн хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байгаа эсэх ч мөн эргэлзээтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих