Эрүүл элэг хөтөлбөрийг эхлүүлнэ
Монгол Улс 100 мянган хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа тѳдийгүй энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй найм дахин их байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудын дүгнэж байгаагаар элэгний хорт хавдар, хатуурлын нас баралт улам нэмэгдэх, нас баралт залуужих төлөвтэй байгаа юм.
Тиймээс ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “ОНОМ” сангаас хамтарч “Эрүүл элэг” хөтөлбөрийг боловсруулж, элэгний С вирүсийг эмчлэх эмчилгээний удирдамж батлагдан гаргах аж. Ингэснээр архаг С гепатитыг бүрэн эмчилж чадах “Harvoni” эм Монгол Улсад бараг 100 дахин хямд үнээр орж ирэх боломж бүрдэх юм байна.
Тэгвэл маргааш буюу энэ сарын 16-ны пүрэв гарагийн 16 цагт “ОНОМ” сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар МУИС-ийн Дугуй заланд оюутан залууст хандан элэгний хепатитийн эрсдлээс хэрхэн сэргийлэх болон өвчтэй хүмүүсийг яаж эмчлэх талаар илтгэл тавих юм.
Мөн энэ сарын 17-ны баасан гарагт 16.00 цагт МҮЭСТО-нд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон тус дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн санаачлагаар ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “Оном” сан хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл элэг хөтөлбөр” -ийн “Эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр”-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар олон нийттэй нээлттэй уулзалт хийхээр болжээ.
URL: