”Автобусны үнийг нэмсэн нь гал унтраах төдий зүйл” гэв
Том оврын автобусны үнийг өнгөрсөн баасан гарагаас эхлэн албан ёсоор нэмлээ. Ингэснээр их багтаамжийн автобус үндсэн чиглэлд том хүн 400, хүүхэд 200 төгрөг, туслах болон буухиа чиглэлд бага багтаамжийн автобусууд том хүн 500, хүүхэд 200 төгрөг, троллейбус том хүн 200, хүүхэд 100 төгрөгөөр үйлчилнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифын хувьд өнөөдрийн байдлаар нэг зорчигчийг тээвэрлэхэд 535 төгрөгийн зардал гаргаж байгааг албаныхан мэдээлсэн юм. Ийм зардалтайгаар өнөөг хүртэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 400 төгрөг нийслэлийн өмчит автобус компаниуд 300 төгрөгөөр тээвэрлэх нь хүндрэлтэй байгаа аж. Мөн өнгөрсөн оны байдлаар нийтийн тээврийн салбар үнэ тарифын зөрүүнээс үүдэн тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн аж.
Иргэдтэй уулзахад автобусны үнийг нэмснээр микро автобус, таксины үнэ дагаад өсөх вий гэсэн болгоомжлол байгаагаа хэлж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн сард Монголбанкнаас мэдээлснээр автобусны үнийг нэмсэн нь инфляци өсөх шалтгаан болсон билээ. Ямар ч байсан үнийн нэмэгдлийн талаар албаны эх сурвалжийн байр суурийг хүргэхээр нийслэлийн Нийтийн тээврийн газрыг зорьсон юм.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаатай ярилцлаа.
-Зорчих тасалбарын үнийг нэмэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарлахгүй юү?
-Нэг зорчигчийг тээвэрлэх зардал системийн хэмжээнд 535 төгрөг болчихсон. Энэ нь 300 төгрөгөөр үйлчлэхэд 235 төгрөгийн алдагдалд оруулж байна. 400 болгосон ч гэсэн алдагдалтай байх юм. Хэрвээ энэ үнийг бодолгүй 300 төгрөгөөр иргэдийг тээвэрлээд байх юм бол нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд шатахууныхаа зардлыг ч дийлэхээ байх нь. Бас нийтийн тээвэрт ажилладаг хүмүүсийн цалинг өгөхөд ч хэцүү болно.
Тэгэхээр энэ нь үйл ажиллагааны хэвийн байдал алдагдахад хүргэж байна. Тэгэхээр бид өнөөдөр ард түмнийг унаатай байлгах үүднээс эхний ээлжинд гал унтраах маягаар үнэ, тарифийг 400 болгоход хүрлээ. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос 500, 600 төгрөг болгох саналыг удаа дараа тавьж байгаа. Гэхдээ үүнийг хүлээн авах юм бол ард түмний нуруун дээр ирэх ачаа нь хүнд байх болов уу.
-Тээвэрлэх зардал шатахууны үнээс л хамаарч байгаа юу?
-Шатахууны зардлыг тооцохын тулд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нийт байгууллагуудын балансыг аваад үзэхэд 60 гаруй хувь нь зөвхөн шатахууны зардал байдаг. Оны өмнө 1320 төгрөг байсан дизель түлш 1750 төгрөг болчихсон байна шүү дээ. Өнөөдөр нийтийн тээврийн салбар өдөрт 5.6 тонн шатахуун хэрэглэдэг.
-Төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй юү?
-Алдагдалтай ажиллаж байгаатай холбоотойгоор ямар нэгэн татаас өгөөгүй байгаа. Тиймээс нэмэхээс өөр аргагүйд хүрсэн. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч хувийн компаниуд үнээ аль хэдийн 400 болгочихсон байсныг хүн бүхэн мэдэж байгаа. Харин одоо төрийн өмчит компаниуд нэмж байна. Ингээд автобусууд бүгд адил 400 төгрөгөөр зорчигч тээвэрлэнэ.
-Үнэ нэмлээ ч үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах тал дээр дорвитой зүйл хийх хэрэгтэйг иргэдтэй уулзах үеэр сонслоо. Энэ тал дээр юу хийх вэ?
-Зөв л дөө. Ингэхийн тулд бид өнөөдөр мөнгө зараад үйлчилгээгээ сайжруулж болно. Мөн хөрөнгө зарахгүйгээр хийж болох ажлууд ч байна. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах гээд тодорхой хөрөнгө гаргаад ажил хийе гэхээр бас асуудалтай. Яагаад гэхээр дээр хэлсэн нийтийн тээврийнхэн шатахууныхаа үнийг яая гэж байна шүү дээ. Тэгэхээр автобусуудаа засах, нэмж шинэ автобус үйлчилгээнд гаргах боломжгүй.
Одоо иргэд харж байгаа байлгүй. Автобусуудын хаалга, цонх, сандал нь эвдрээд эхэлсэн. Тэгэхээр тодорхой хөрөнгө гаргаад энэ ажлыг хийх гэхээр боломжгүй болоод байгаа. Тиймээс аль болох бид зардал гаргахгүйгээр үйлчилгээгээ сайжруулах боломжийг хайх хэрэгтэй. Жолооч, кондукторын зан харилцаа, угаалга цэвэрлэгээ гэдэг ч юм уу энэ зүйлсийг сайжруулахыг бид тогтмол шаардах болно.
Түүний ярьж буйгаар автобусны үнийг нэмсэн ч нийтийн тээвэр алдагдалтай ажиллах бололтой. Гэхдээ тасалбарын үнийг 400 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхыг эрмэлзэж байгаагаа хэлсэн. Ямар ч байсан нийтийн тээврийн үйлчилгээний хөлс ийнхүү албан ёсоор нэмэгдлээ.
Иргэн И.Цэдэндамба: БҮХ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙХАД АВТОБУС НЭМЭХ НЬ АРГАГҮЙ БИЗ ДЭЭ
-Уг нь үнэ нэмэх нь сайн зүйл биш. Манайхан нэмсэн үнээ эргүүлж буулгадаг биш. Тиймээс төрөөс энэ тал дээр анхаарах хэрэгтэй баймаар. Гэхдээ сүүлийн хэдэн сар юмны үнэ хэрхэн өсөж байгааг харж байгаа байлгүй. Тиймээс автобусны үнэ ч үүнийг дагаад өсөх нь зайлшгүй зүйл байсан биз. Хамгийн гол нь үнийг нэмж болно гэхдээ эргүүлж буулгаж сурмаар л байгаа юм. Би ч яахав нэг үзүүлж харуулах бичигтэй болохоор бараг үнэгүй шахам яваад л байдаг. Харин хүүхдүүд л үнэ нэмсэнд нэлээд бухимдаж байгаа харагддаг юм.
Иргэн Ё.Алтантуяа: АВТОБУС ДҮҮРЭН ХЭРҮҮЛ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ
-Зурагтаар үнэ нэмнэ, нэмэхгүй, 400 болгох нь буруу гээд янз бүрээр мэдээлж байсан. Түүнээсээ ч болдог юм уу автобусаар нил хэрүүл болж байна шүү дээ. Зарим нь ч яахав үнэ нэмэгдэх нь гэсэн бэлтгэлтэй байсан байлгүй. Гол нь үнэ нэмлээ гээд үйлчилгээ нь муу бол хэрэг алга. Одоо хичээл эхэллээ. Автобусанд багтах шингэх газаргүй болтлоо чихэлдэнэ. Ингэж үйлчилснийхээ төлөө үнээ нэмнэ гэдэг хэнд ч таалагдахгүй.
Т.Есөн-Эрдэнэ
URL: