Түр орлон “тоглогчид”

159855-13042015-1428890666-912633534-1Түр гэдэг ер нь яг хэдий хэр гэсэн үг юм бол. Түр гарчхаад ирье, түр уулзаадахъя, түр зээлүүлээч, түр зуурын бороотой гэхчлэн түр гэдэг нь богинохон үргэлжлэх хугацааг хэлдэг гэж бид ойлгодог. Гэтэл манай төрийн албанд түр гэж очоод мөнхрөх дөхдөг үзэгдэл газар авчээ.

Ялангуяа Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төрийг бараг тэр чигт нь түр орлон гүйцэтгэгчдээр дүүргэх шахсан. Зарим салбарт яамны Төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагынх нь удирдлагууд гээд тэр чигтээ түр орлон тоглогч байв.

Өнгөрсөн жил гаргасан нэг судалгаагаар 2012 оны долдугаар сараас 2013 оны арванхоёрдугаар сарын байдлаар зөвхөн төрийн удирдах албан тушаалд 996 хүнийг томилсны 493 нь “түр орлон гүйцэтгэгч” байсан. Тэдгээрээс 253 нь бүтэн хоёр жил хагасын хугацаанд жинхэлж чадалгүй “түр орлон гүйцэтгэгч” чимэгтэйгээ Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газарт шилжиж иржээ.

Түр орлон гүйцэтгэгч хуулиараа ямар нэг шийдвэр гаргах, элдэв томилгоо хийх эрхгүй. Өөрөөр хэлбэл, эзгүй байгаа албан тушаалыг түр хугацаагаар манаж байх л үүрэгтэй гэсэн үг. Гэтэл манайд түр орлон гүйцэтгэгч жинхэлсэн дарга нараасаа эрх мэдлээр дутахын зовлон байхгүй. Хална солино, тушаал шийдвэр гаргана, төсөв хөрөнгө хуваарилна гээд.

Түүнээс нь болоод түр орлонгууд төрийн албан хаагчдыг ажлаас халлаа гэх гомдол Ерөнхий сайдын чихнээс хонх уяад эхэлжээ.

Эрүүл мэнд, спортын яам болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар түр орлон гүйцэтгэгч. Тийм болохоор Эрүүл мэнд, спортын яамны таван газрын дарга, мөн хэлтсийн дарга нар төрд жинхэлж чадаагүй. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам ч ялгаагүй, найман газрын дарга нар нь мөн л түр орлон гүйцэтгэгч гэсэн гуншинтай төрийн алба залгуулж байгаа учраас тэдний гаргасан шийдвэрүүд ийн гомдол дагуулаад байгаа хэрэг. Түр орлон гүйцэтгэгч дарга нарын түр байх хугацаандаа гаргасан шийдвэрүүдийн улмаас иргэнд хохирол учирсан бол хариуцлагыг хэн хүлээх вэ. Хууль бус жишиг бий болгосон Ерөнхий сайд уу, эсвэл түүнийг үлгэр жишээ дуурайсан түр орлон гүйцэтгэгчид үү.

Энэ өөрчлөлт нь төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч” нэрээр төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд байхгүй иргэдийг шууд томилох буюу намын нөхөд, нутгийн хүн, найзын хүүхэд, танилын эхнэр гэхчилэн албан тушаалын хуваарилалтыг бүх шатанд хийх боломжийг бүрэн дүүрэн нээж өгсөн.

Тухайлбал, Улсын дээд шүүхийн Иргэний танхимд өнгөрсөн оны байдлаар хөдөлмөрийн эрх зүйн маргаанаар 181 хэрэг маргааныг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцжээ. Тодруулбал, дээрх хэргийн нэхэмжлэл бүгд “ажлаас үндэслэлгүй халагдсан” агуулгатай байсан юм. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцэж, 65.7 хувь буюу 119 нэхэмжлэл нь ажилтнуудын талд гарсан аж. Ингэснээр хууль бусаар халагдсан ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн байна.

Энэ бол өнгөрсөн онд Улсын дээд шүүхийн Иргэний танхимд дээрх төрлөөр хянан шийдвэрлэсэн маргааныг тойм. “Халагдаж, томилогдож л байдаг алба шүү дээ” гэж бодож болох юм. Гэвч халсан, халагдсан хоёр хүний хоорондын маргаан мэт харагдах энэ үзэгдлээс үүдэн гарах таагүй үр дагавар олон. Улстөржилтөөс үүдэн төрийн алба түүнийг дагаж савладгаас болж өнгөрсөн онд гэхэд ажлаас үндэслэлгүй халагдсан албан хаагчдын нөхөн төлбөрт 400 орчим сая төгрөг өгчээ. Харамсалтай нь энэ мөнгө хууль бусаар доод шатныхаа албан хаагчийг халах хуудуутай шийдвэр гаргасан хэн нэгэн даргаас бус, татвар төлөгч та бидний халааснаас гардаг. Үүний тодорхой хувь нь түр орлон гүйцэтгэгчийн “түр” шийдвэрийн уршиг гэж ойлгож болно.

Өмнөх Засгийн газрын үед түр орлон гүйцэтгэгчийнхээ тоогоор толгой цохиж байсан нь Хөдөлмөрийн яам. Сайд, дэд сайдаас бусад нь буюу Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар нь түр орлох л үүрэгтэй 2015 онтой золгосон. Тиймээс өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд бодлого боловсруулдаг яамныхаа хэрэгжүүлэгч хөл гар болдог нийслэл, аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежууд бүгд түр орлон гүйцэтгэгч толгойтой байжээ.

Харин саяхан Хөдөлмөрийн шинэ сайд С.Чинзориг тушаал гаргаад дээрх түр орлонгуудыг чөлөөлж, ажлын байранд нь сонгон шалгаруулалт зарлахаар болсон. Гэвч түүний энэ шийдвэр олон хүнд таалагдахгүй бололтой. Ялангуяа хууль тогтоох дээд байгууллагын толгой дээр суугаа эрхэм спикер З.Энхболд төрийн албан хаагчдыг хоморголон халж байна хэмээн шүүмжлэхдээ асуудалд намын даргын байрнаас хандаж буйгаа ч нуугаагүй. Хамгийн гол нь тэдгээр түр орлон гүйцэтгэгчдийг анх томилсон шийдвэр нь хууль бус гэдгийг Ардчилсан намын одоогийн дарга огт дурдсангүй.

Өмнөх дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод удаагүй байхдаа Засгийн газрын 26 дугаар тогтоол гэж гаргасан. Уг тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д засвар хийж “төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг тухайн байгууллага дотроос буюу төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд гаднаас тодорхой шаардлага хангасан иргэнийг томилон албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” хэмээн өөрчилж орхисон байдаг. Энэ өөрчлөлт нь төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч” нэрээр төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд байхгүй иргэдийг шууд томилох буюу намын нөхөд, нутгийн хүн, найзын хүүхэд, танилын эхнэр гэхчилэн албан тушаалын хуваарилалтыг бүх шатанд хийх боломжийг бүрэн дүүрэн нээж өгсөн.

Гэхдээ Засгийн газрын 26 тоот тогтоол буюу төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр иргэний “түр орлон гүйцэтгэгч” нэрийн дор томилох боломж олгосон шийдвэр нь Үндсэн хуулийн 1.2 дэх хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 45.1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийн дотор тогтоол, захирамж гаргах…” гэж заасныг зөрчсөн, эсэх асуудлаар Цэц маргаан үүсгэж, тогтоол 2013 оны дөрөвдүгээр сард хүчингүй болсон. Хэдийгээр тогтоол нь хүчингүй болсон ч түүнийг үндэслэн томилогдсон түр орлон гүйцэтгэгчид албан тушаалдаа хэвээр үлдсэнд л гол парадокс байгаа юм. Учир нь тэднийг анх томилохдоо үндэслэсэн Засгийн газрын тогтоол хүчингүй болсон тул хуулийн хүрээнд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэж үзэх аргагүй аж.

Тэгээд ч Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг хангалттай тодорхой зохицуулсан байдаг. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж байгаа.

Мөн төрийн албан тушаалын сул орон тоо гарсан нөхцөлд тухайн албан тушаалыг хууль тогтоомжийн дагуу нөхөх хүртэл хугацаанд төрийн албыг тасралтгүй хэвийн явуулах үүднээс албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын 2011 оны 62 тогтоолоор батлагдсан журмыг баримтлах бөгөөд ингэхдээ хэн нэгэн иргэнээр биш, тухайн байгууллагад нь ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэхээр заасныг бөөнөөрөө халагдлаа хэмээн гомдол нэхээд буй хүмүүсийг анх томилсон сайд нь үл ойшоосны уршиг ийн гарч буй юм.

Б.Даваатогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: анхаа Огноо: 13 April 2015

бүр тавьж болдоггүйл юм блгүй дээ болж бвал тэгээд бүр болгохл бсан бх. арын хаалгаар орсон нөхөдл бүр болох нь амархан бх даа

Нэр: балхаа Огноо: 13 April 2015

юу ч ойлгосонгүй яагаад түр гэж ажлаа хийж чадахгүй болхоор жинхэлэхгүй бга юм болвуу

Нэр: CHINJEE Огноо: 13 April 2015

HAANA TIIM SO YM BGAD BNA YU GEJ OILGOH UU

Сэтгэгдэл бичих