АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЛЭЭ
УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүллээ.
УИХ-д суудалтай улс төрийн намууд, УИХ-ын гишүүд сонгуулийн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж байгаа ч сонгуулийн тогтолцоон дээр зарчмын өөр өөр байр суурийг илэрхийлж байна. Иймд ард нийтээсээ асуусны үндсэн дээр тогтвортой, удаан хугацаанд мөрдөгдөх сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна. Ард түмнээсээ асуух нь ардчиллын дээд хэлбэр бөгөөд ард түмний шийдвэр хамгийн зөв байдаг. Энэ нь тогтоолын төслийг боловсруулах практик шаардлага, үндэслэл юм гэж төсөл санаачлагчид үзэж байна. Уг тогтоолын төсөлд тусгаснаар сонгогчид нэр дэвшигчийг шууд сонгох тогтолцоо болон холимог тогтолцооны алийг сонгохоо өөрсдөө шийдэх ёстой юм.
Тогтоолын төсөл батлагдсанаар ямар нэг сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд сонгуулийн тогтолцоо тогтвортой болох, улс төрийн нам, төрийн байгууллагад итгэх олон түмний итгэл сайжрах, ард нийтийн санал асуулгаар аливаа асуудлыг шийдвэрлэдэг улс төрийн шинэ соёл бүрдэх, хэт намчирхал, улстөржилт багасах, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль тойрсон маргааныг бус улс орны эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд илүү цаг заваа зарцуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дагавар гарна гэж үзэж байна.
URL: