Газарзүй-геоэкологийн хүрээлэнг бужигнуулах сонирхол
ШУА-ийн харъяа Геоэкологийн хүрээлэнгийн байр буюу эрдэмтэн судлаачдын дунд “Муруй цагаан” хэмээн нэршсэн цагаан байшинг улстөрчид эсвэл энэ салбарын идэж уухдаа гаршсан нөхдүүд онилчихжээ. Энэ байр хотын “А” зэрэглэлийн бүсэд оршдог. Хэн нэгэн эрх мэдэлтэн газрыг нь үнэгүйдүүлж авахаар санаархав уу? Эх орныхоо хөрс, ус, ойн сан, цөлжилтийг судалж байдаг ийм байгууллага Монголд байх хэрэггүй гэсэн гадны эдийн засгийн алуурчдын захиалга уу. Эсвэл төрийн шийдвэрийг дагуулж тонгорох гэсэн энэ салбар дахь шийдсэн хулгайч нарын мэх үү. Түүнийг тойрсон ийм олон асуулт, элдэв хардлагын аль аль нь байна. Уг нь улсынхаа ухаан нь болж учрыг олж хужрыг тунгаах ёстой ШУА гэгч байгууллага тус хүрээлэнгийн дээр нь бий. Гэтэл асуудалд шинжлэх ухаанчаар хандсан юм алга. Тийм чадвараа ч гээчихэж. Удирдаач байх ёстой Академи өөрөө академич нэр зүүсэн утсан хүүхэлдэйнүүдээр дүүрснээс Монголын хөгжилд хөтөч болж ирсэн Геоэкологийн хүрээлэнгийн хувь заяа “хутганы ирэн дээр” ирээд байна. ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдийг цөөрүүлж, хэмнэлтийн горимд шилжүүлэх Шийдлийн Засгийн газрын 27 дугаар тогтоол гарсныг дунд шатанд хэрэгжүүлэгчид ийнхүү самарч эхэлжээ. Газарзүй, Геоэкологийн хүрээлэнг татан буулгаж, шинээр зохион байгуулах ажлыг өөрсдийн танил тал, тойрон хүрээлэгчдээ ажилтай болгох талбар, ашиг олох хэрэгсэл гэж тооцоолсон хүмүүс ч байна. ШУА-д шинэчлэл ингэж л хэрэгжиж, хэрэгжих ч гэж яг үнэндээ бол тэнд эмгэнэлт жүжиг дэглэж эхэлжээ.
ЕЭВЭНГИЙН НЭГ ТАЛЫГ ХОЁР ГЭЖ МОЛИГОДСОН ТОМИЛГООНУУД
Хоёр хүрээлэн нэг болсноор захирлыг шинээр томилох ажил оны эхнээс хэл ам дагуулжээ. Уг нь тус газар 1997 оноос өнөөг хүртэл Ж.Цогтбаатар гэдэг захиралтай явж ирсэн. Эрдэмтэн, нарийн бичгийн дарга нь ч тогтвортой байж, нэр бүхий хоёр хүн ажилласан нь доктор С.Чулуунхуяг 1997-2000 он хүртэл, 2000 оноос өнөөг хүртэл доктор Д.Даш ажиллаж байгаа юм. Ж.Цогтбаатарыг тухайн үеийн Байгаль орчны сайд Ц.Аръяасүрэнгийн тушаалаар томилсноос хойш хэчнээн удаа сонгууль болж, төр засаг солигдоход аль нэг нам дагаж улстөржөөд байдаггүй номын хүн, салбараа мэддэг эрдэмтэн, зөв бодлого явуулж ирсэн гэдэг үндэслэлээр байрнаас нь хөдөлгөөгүй. Түүний удирдсан хугацаанд хүрээлэн нь ШУА-ын шилдэг байгууллагаар удаа дараа шалгарч байв. Тэгвэл нэг баг болж, улс орны хөрс, ус, ашигт малтмалын үнэ цэнэтэй чухал судалгааг гардан хийж ирсэн хамт олон нь ч түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж бас хүндэтгэж энэ удаа ч гэсэн хүрээлэнгийн захирлаар үргэлжлүүлэн ажилуулж өгөхийг ШУА-аас хүссэн нь талаар болжээ. Ингээд дараагийн захирал хэн байв гэвэл, үүрэг гүйцэтгэгчээр томилогдож сар хүрэхгүй хугацаанд ажилласан гэх нэр зүүгээд буцсан МУИС-ийн багш Ч.Сономдагва. Удирдах ажил хийж үзээгүй, эрдэм шинжилгээний ажлын туршлага багатай, хэлний зохих төвшингийн боловсрол хангалтгүй хүн гэнэт захирлаар томилогдож ирсэнд хүрээлэнгийн хамт олон эсэргүүцжээ. Түүнээс татгалзах бас нэг шалтгаан нь ШУА-ийн Геологи, газарзүйн бага чуулганы гишүүнд нэр дэвшүүлэх эрдмийн зөвлөлийн хурлын протоколыг хуурамчаар үйлдэж байсан эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн явдал. Гэтэл ийм хүнийг ШУА нь хүрээлэнгийн захирал хийх чадвартай гээд зүтгүүлээд байж. Яг л еэвэнгийн хоёр тал шиг…Ингээд хурлын шийдвэр, өргөх бичгүүд ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшинд хэдэнтээ хаяглагдаж, нааш цааш бичиг цаас шидэлцэж цөөнгүй хоногийг үджээ. Салбарын яам нь нэг зүйл хэлдэг, ШУА нь бас нэг өөрийг ярьдаг. Дунд нь хүрээлэнгийн хамт олны тэвчээр барагдаж түр хороо хүртэл байгуулжээ. Тэр хооронд Ч.Сономдагва өмнө нь өөрийн тэргүүлж байсан Залуу эрдэмтдийн холбооноос өөрийн найз нөхдийг дуудан авчирч ажилд тавихаар бужигнуулсан байх юм. Салбарын яамнаас хүрээлэнгүүдийг нэгтгэн цомхон бүтэцтэй болгосноор төсөв хэмнэнэ гэсэн байхад шинэхэн захирал нь найз нөхдөө ажилтай болгож орон тоо хэтрүүлснээр үйлчлэгч, харуул гэхчлэн үүднээсээ цэвэрлэгээ хийгээд эхэлжээ. Дээр нь ахмад судлаач, эрдэмтэн, докторуудыг хөгшин, хэрэггүй хэмээн таягдаж хаяхаар зэхэж. Гэтэл геоэкологи барилгын салбар шиг тоосго өргөх биш, тархиа ажиллуулдаг онцгой газар. Хэдий хэмжээний туршлага хуримтлуулж, судалгаа, шинжилгээ хэр хийсэжн зэрэг нь ажлын байрных нь тодорхойлолт, нэг ёсондоо тухайн хүний чадамжийн үзүүлэлт болдог. Үүнийг удирдах ажил хийж үзээгүй, эрдэм шинжилгээний ажлын туршлага багатай хүн яаж ч ойлгох вэ. Ийм л юм болж. Ингээд тэрээр сар хүрэхгүй хугацаанд захирал хийж “тоглоод” буцсан байна. Түүний дараа захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож ирсэн хүн нь н.Жамбалжав.
Тэрээр Залуу эрдэмтдийн холбоо гэх ТББ-д ажилладаг хэсэг бүлэг хүмүүсийг ажилтай болгох гэж байна гэсэн хардлага байгаа юм. Ингээд дахиад л хүрээлэнгийн хамт олон бужигнаж, шаардлага, өргөх бичгүүд түрүүчийн адил яам, тамгын газраар “нисч” эхэлжээ. Олон жил шинжилгээ, судалгаа хийж ирсэн, энэ хүрээлэнг мэргэжлийн байгууллага болгоход эд эс нь болж ирсэн эрдэмтдийг зайлуулж,сайн дурын уран сайханчдыг оруулж ирснээр энэ салбар юу болох вэ. Улсад чухал хувь нэмрээ оруулж ирсэн энэ байгууллагыг алга болгосноор хэн хожих вэ?
ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ЯМАР ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГА ВЭ?
Манай улсад 1990 оноос өмнө ХХААЯ-ны Усны хайгуул төсөл, эрдэм шинжилгээний институт, Газар зохион байгуулах зураг төслийн институт, БОХУХ-ны Ой, ангийн эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэн ажиллаж байв. Ардчиллын дараа Байгаль орчны хяналтын улсын хорооны харьяанд шилжүүлж, Усны бодлогын хүрээлэн, Газрын бодлогын хүрээлэн, ой, ан судлалын хүрээлэн нэрээр зохион байгуулж байсан түүхтэй аж. Харин шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор тэдгээрийг нэгтгэж, ШУА-ийн харъяанд Геоэкологийн хүрээлэнг шинээр зохион байгуулжээ. Дотроо Усны нөөц, ус ашиглалтын салбар, Ойн нөөц, ой хамгааллын салбар, Газрын нөөц, газар ашиглалтын салбар, Экологийн судалгааны салбар, Цөлжилтийн судалгааны төв, Усны чанарын шинжилгээний лаборатори гэсэн бүтцээр ажилладаг. Тус хүрээлэн Монгол орны байгалийн янз бүрийн бүс нутгийн экологийн онцлог, газар, газрын хэвлий, түүний дээрх ой, ус, ургамлын нөөцийн төлөв байдал, тэдгээрийн хувьсал өөрчлөлтийг тодорхойлж, сөрөг нөлөөллийг бууруулах, тэнцвэрт байдлыг хадгалах, зохистой ашиглалт, нөхөн сэргээх гээд олон чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг байгууллага юм. Гэтэл одоо улстөрчдийн гар хөл болсон хэсэг хүн, тэдэнд үйлчилдэг ТББ, холбоо гэхчлэн байгууллагын мэдэлд шилжүүлэх гэж байна. Төр, засгийн нүд, чих болж байдаг эрдэм шинжилгээний байгууллага ийм замаар явбал хэнд ямар ашиг авчрах болж байна аа?
“МУРУЙ ЦАГААН”-Ы ГАЗАРТ ШУНАСАН УУ, ЭСВЭЛ?
Энэ бүхний эцэст ийм л эргэлзээ төрөхөөр байна. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан ШУА-ийн харъяа Геоэкологийн хүрээлэнгийн байр буюу эрдэмтэн судлаачдын дунд “Муруй цагаан” хэмээн нэршсэн энэхүү цагаан байшинг улстөрчид эсвэл энэ салбарын идэж уухдаа гаршсан нөхдүүд онилчихжээ гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Энэ байр хотын “А” зэрэглэлийн бүсэд оршдог. Хэн нэгэн эрх мэдэлтэн газрыг нь үнэгүйдүүлж авахын тулд явуулж байгаа бодлого гэмээр. Уг нь энэ хүрээлэнгийн жинхэнэ харъяалал бол ШУА гэх шинжлэх ухаанч бус байгууллага бус БОНХЯ байхаар юм. 1990-ээд онд анх байгуулсан шаардлага, шалтгаан, бүтэц зохион байгуулалт тийм байж. Одоо тэр л байранд тавьж гэмээ нь энэ салбарын бүх ажлын уялдаа холбоог хангаж, төр, засгийн бодлогод “нүд” орохоор. Хэсэг бүлэг хүний шунал орсон тэрхүү “Муруй цагаан” байр нь ч гэсэн тухайн үеийн баримт бичгүүдийг сөхөөд үзэхэд Байгаль орчны яамны байр байсан юм билээ. Алийн болгон төр бодлогынхоо нүдийг таглаж, чихээ тайрч байхав. Тэгэхээр байсан юмыг байранд нь тавьж, баланд дурласан баавгай шиг мухар сохроор дайрч байгаа хүмүүсийнхээ учрыг олж хужрыг тунгаамаар юм.
Өнөөдөр тэнд байдал ямар байгаа вэ гэвэл Геоэкологийн хүрээлэн устаж алга болох, тэнд ажиллаж байсан эрдэмтэн судлаачид тарж хувийн компани, эсвэл Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын аль нэг байгууллагын ажилтан болох ийм л аюул нүүрлэж. Оронд нь улстөрчдийн захиалгыг биелүүлэгчид, ШУА-ийн нэрээр түр орлон тоглогчид Геоэкологийн хүрээлэнд нэг хэсэгтээ эзэн сууна. Улс оронд хэрэгтэй судалгааны ажил ч зогсоно, байр нь ч дуртай нэгний өмч болно. Хотын “А” зэрэглэл дэх газар нь үнэтэй учраас захиалагч нь ч тодорхой. Нөхцөл байдал ийм л байна.
Л.ХЭРЛЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene odoo teneg dash-iig yariad bn uu?