Нүдээ аниад л 21 мянгыг тараах юм байгаа биз
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.
-Ирэх оны төсвийг УИХ их шуурхай хэлэлцэж байна. Орлого, зарлага бүр дээр гишүүн болгон нухацтай хандаж байгаа гэвэл худлаа болно байх. Харин та төсвийн төсөл дээр тун идэвхтэй ажиллаж байгаа гишүүдийн нэг юм байна?
-Орлого, зарлага нь их зөрүүтэй алдагдал ихтэй төсвийн төслийг Засгийн газар УИХ-д оруулж ирсэн юм. Тэгээд УИХ-аас санаачлагчид нь буцааж, Засгийн газар долоо хоногт засаад дахин оруулж ирснийг бид хэлэлцээд явж байна. Одоо хэлэлцэхээс өөр арга байхгүй, улс орны амин чухал асуудал учраас. Хэлэлцэх, батлах өөрийн хугацаатай, хуультай асуудал. Гол нь Төсвийн байнгын хороо л их ажиллаж байна. Хоёр ч ажлын хэсэг байгууллаа. Би хоёр ажлын хэсэгт хоёуланд нь орж ажиллаж байгаа. Нэг ажлын хэсэг нь Онцгой албан татварын тухай хуульд оруулах өөрчлөлтөөр, нөгөөх нь төсөвт хэмнэж болох зардал юу байгааг тогтоох зорилготой юм. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгүүд бүтэн сууж ажиллалаа. Нэг ёсондоо Засгийн газрын хийх ажлыг хийгээд өгч байна шүү дээ. Гэхдээ Сангийн яамтай хамтарсан шиг хамтарч байна.
Нэгэнт надтай ярилцаж байгаа учраас би өөрийнхөө юу хийж буйг болон хүмүүст юу нь хэрэгтэйг шууд ярья, болох уу?
-Тийм ээ. Онцгой албан татварын тухай хууль, автомашины гаалийн татварыг нэмэх асуудлыг хүмүүс их анхааралтай харж байна. Олон ч хүний эрх ашиг ард нь хөндөгдөх бололтой.
-Би бол онцгой албан татвар байх нь зүйтэй, харин дотор нь олон шатлал, ялгааг харгалзах ёстой гэж бодож байгаа юм. Нэгдүгээрт, манай улс Япон, Солонгосын хуучин машины бааз болох нь, хоёрдугаарт, үнэ багатайг нь бодоод машиныг сэлбэг болгон задалж оруулж ирдэг. Тэр нь эвдэрч гэмтэх, осол гаргахаас эхлээд олон сөрөг талтай. Ийм зүйлүүдийг хязгаарлах нь зөв. Бид олон талаас нь авч үзэж байгаад өндөр үнэтэй, цилиндр нь 3500 шоо метрээс дээш багтаамжтай, хүчтэй машинуудад ногдуулах хураамжийг 3000 ам.доллар байхаар тогтоосон. Дундаас дээш орлоготой иргэд заавал хүний хуучин сэг унаж байх албагүй гэж үзэн бензин бага иддэг, ахуйн хэрэглээнд тохирсон тэрэгнүүдийн хуучинд нь татвар тогтоосон. Харин шинэ тэргэнд татвар ногдуулахгүй. Хятад улс гэхэд суудлын тэрэгнүүдийг асар олноор нь үйлдвэрлэж байна. Үнэ нь бага, ядах нь ээ баруун талдаа жолоотой. Бид өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй мөртлөө Хятадын юм пүү, паа гээд байх шаардлагагүй. Хятадууд зураг төслөөр хийсэн, шатахуун бага иддэг машин 3500-6000 мянган ам.долларын үнэтэй байна. Тийм машинуудыг би ажилчдадаа авч өгсөн. Ийм шинэ машинууд оруулаад ирэхэд татвар авахгүй байж болно шүү дээ. 1992 онд П.Жасрай гуайн Засгийн газрын үед, намайг унаа тэрэгний наймаа хийдэг байхад шинэ тэрэгний гаалийн татварыг тэглэж байсан. Тэрийг одоо давтья. Автомашины паркаа шинэчилье гэдэг санаачилгыг би гаргаад гишүүд дэмжсэн л дээ.
-Гишүүд дэмжсэн гэнэ ээ? МАН-ын бүлэг хуралдаад автомашины татвар, хураамжид огт өөрчлөлт оруулахгүй байя гэж үзсэн юм биш үү?
-Үгүй. Харамсалтай нь Засгийн газар л төслөө татья гэж яриад байгаа юм билээ. Одоо энийг татах хэрэггүй л дээ. Том, хүнд,тансаг хэрэглээний машинуудад 3000 ам.доллар хүртэл татвар тавилаа.Туулах чадвар сайтай жипнүүдэд нэг удаагийн татварыг нь өндөрсгөөд өгчихлөө. Хамгийн гол нь Хятадаас ч бай, хаанаас ч бай хамаагүй шинэ тэрэг оруулж ирэхэд 1.7-оос доош багтаамжтай тэргийг татваргүй болгоод өглөө шүү дээ. Энэ бол машины худалдаа эрхэлдэг хүмүүст үнэхээр тустай. Хүн болгон том машин унах албагүй, шаардлага байхгүй. Хамгийн гол нь хүмүүс шинэ машин хямдаар унах боломжийг л нээгээд өглөө.
-Онцгой албан татварын тухай хуулийг өөрчилснөөр хэдий хэмжээний орлого олохоор Засгийн газар тооцоолсон байсан бэ. Одоо ингээд ялгаа, шатлалтай болгоод өөрчлөхөөр төсөвт төвлөрөх орлого багасах уу?
-Засгийн газар хэдээр ч тооцоолсон байлаа даа. Одоо л лав тэрнийх нь тавин хувь танагдсан. Мөн тэмдэгтийн хураамжийг өөрчилж байгаа ш дээ. Тэндээс олох орлогын бас тавин хувь нь хасагдаж байгаа. 1993 оноос хойш бид тэмдэгтийн хураамжид ямар ч өөрчлөлт хийгээгүй гэдэг зөв үндэслэл шүү. Ер нь энэ Монгол Улсад амьдарч байгаа хэн ч эрхээ эдлээд үүргээ биелүүлэх ёстой. Нэг удаагийн зөвшөөрөл авахад тэмдэгтийн хураамж төлөх л ёстой. Аль ч оронд байдаг зүйл. Тэрийг төлж чадахгүй бол ямар юмных нь бизнес хийдэг юм? Эх орноо бас хүн болгон бодох хэрэгтэй, энэ чинь ердөө 76 хүний санаа тавих асуудал биш шүү.
-Жил болгоны төсөв хэлэлцэх үеэр Татварын багц хуульд заавал өөрчлөлт оруулж таардаг. Өөр ямар татвар, хураамжийг өөрчлөх гэж байна даа?
-Шатахуун импортоор оруулж ирдэг, үндсэндээ 5-6 компани байдаг аа даа. Шунхлай, Магнай трейд, Петровис, Сод Монгол гээд… Тэдний нэг удаагийн тэмдэгтийн хураамжийг нэмж байгаа. Татвар биш шүү хүүе. Тэмдэгтийн хураамж. Манайхан татвар, тэмдэгтийн хураамжийг ялгахгүй юм. Тэд чинь татвараа төлдгөөрөө төлнө ш дээ, нөгөө гаалийн, аж ахуйн нэгжийн, нэмэгдсэн өртгийн гээд. Харин нэг удаагийн тэмдэгтийн хураамжийг жишээлбэл, 100 сая болгосон. Гурван жилд нэг удаа ийм хэмжээгээр төлнө. Засгийн газрыг дандаа муу хэлж болохгүй, сайн юм бас хийж байна шүү. Юу гэхээр спирт үйлдвэрлэгчдийг төр хараандаа оруулна гэсэн байна. Энэ туйлын зөв. Одоо бол хараа хяналтаас гарсан. Тэдний нэг удаагийн хураамжийг бас 100 сая төгрөг болгоно.
-Архи, пиво үйлдвэрлэгчид биш, спирт үйлдвэрлэгчид үү?
-Тийм, тусдаа ойлголт шүү. Спирт үйлдвэрлэгчид. Бас үйлдвэрлэдэг спирт нь ангилалтай, дээд, дунд, доод гээд. Спирт үйлдвэрлэгчид төрийн хяналтад байх нь зүйтэй. Гурван жилд нэг удаа хураамж төлөх ёстой. Гэхдээ аймгийн төвд жижигхэн спиртийн үйлдвэртэй хүн байлаа гэхэд тэрнээс тийм өндөр хураамж нэхэхгүй л дээ. Гэх мэт олон ангилж байна. Томуудтай нь том ярья, дундчуудтай нь дунд ярья. Жижгүүдтэй нь бол бараг юм ярихгүй өнгөрч байна. Товчхон хэлэхэд ийм.
-Төсвийн орлого, зарлага хол зөрүүтэй байна. Хэр ойртуулж батлах бол?
-Нэлээд алдагдалтай төсөв баталж таарах нь. Яагаад гэхээр уул уурхайн салбараас орж ирэх орлого баттай, тодорхой биш. Тавантолгойгоос орлого орж ирнэ гэж байгаа ч ямар компани хөрөнгө оруулагч болох нь тодорхойгүй л байна. Тэгээд манай Засгийн газар баахан тоо тавиад ороод ирж. Ядахад ирэх он маань сонгуулийн өмнөх жил юм. Сонгуулийн амлалтаа биелүүлэх гээд их сандралдаж л байна. Тэгээд алдагдалтай ч хамаагүй төсөв батлах гээд л сууж байна даа.
-Аймшигтай юу?
-Аймшигтай… Тэгээд хоёр намын дарга энэ талаар ярилцахаар болж байна. Иргэн бүрт сар тутам 21 мянган төгрөг өгдгөөрөө өгье. Нөгөө олон хүүхэдтэй эхийн мөнгө, хүүхдийн мөнгө зэргээ татаж авья гэж байна.
-Тэглээ ч нэг их хэмнэлт болохгүй байлгүй дээ.
-Үгүй яахав, одонтой эхчүүдийн мөнгө гэхэд жаран хэдэн тэрбум төгрөг.
-Хүүхдийн мөнгө АН-ын санаачилга. Хоёр нам өөр өөрсдийн санаачилгаа хамгаалах гээд нэг нэгэндээ барьцаа тулгадаг шүү дээ. Тэгээд эцэст нь аль алиныхаа санаачилгыг дэмжихээс аргагүй болдог. Энэ удаа бас тэгэх юм биш үү. Тэгээд төсвийн халамж хумигдах биш, тэлээд л байдаг.
-Тийм. Эхчүүдэд мөнгө өгөөд. Иргэн бүрт сар болгон 21 мянгыг тараагаад. Дахиад дээр нь хүүхдийн мөнгө өгөх юм бол ёстой дампуурсан төсөв болно. Тэгэхээр өнөөдөр хоёр намын дарга ярилцаад тохиролцох байлгүй дээ.
-Гэтэл зөвхөн сар бүрийн 21 мянган төгрөгийг тараахад л 805 тэрбум төгрөг шаардлагатай шүү дээ. Нэг иргэн сар бүр 21 мянгыг аваад үнэндээ идэж, уухад л өгөөд дуусна. Түүгээр орлогожиж, хөрөнгөжих нь юу л бол. Харин 805 тэрбум төгрөгийг арай өөр зүйлд хөрөнгө оруулалт болговол үр дүн нь илүү байж таараа. Та бизнесмэн хүний хувьд энэ их мөнгөөр юу хийж болохыг тооцоолж л байгаа байх?
-Найман зуун тэрбум төгрөг гэдэг чинь Улаанбаатарыг ямар ч утаагүй болгож дөнгөх их мөнгө шүү дээ. Жишээлэхэд, Налайхын уурхайг түшиглээд утаагүй түлшний үйлдвэр барьчихья л даа. Бизнесийнхэнд мөнгийг нь өгөөд бариулчих. Бүтээгдэхүүнээ өөрийн өртгөөс нь хямдаар нийслэлчүүдэд өгсөн ч яадаг юм бэ. Түүхий нүүрснээс хямдхан өгөөд зөв хэрэглээнд хүмүүсээ дасга. Төрд мөнгө байгаа бол алдагдлыг нь нэг хэсэгтээ даагаад яваг л дээ. Нэг ийм түлшний үйлдвэр барихад 800 тэрбум ч ихдэнэ дээ. Үсрээд л 50 тэрбумаар үйлдвэр барина. Өчнөөн айлын орон сууц барьж болно. Үгүй ядахад хараагүй, дүлий иргэддээ орон сууц эхний ээлжинд бариад өг. Цаашлаад нийслэлийн гэр хорооллыг барилгажуулаад хүмүүст урт хугацааны зээлээр өгөөч.
-Энэ бүхнийг гишүүд мэдэж байгаа. Харин улс төрийн амлалтаасаа няцах зориг, зүрхгүйдээ ингээд зүтгээд байгаа биз дээ?
-Тийм. Хоёр нам энэ асуудлаар нэлээд юм болох шинжтэй байна.
-Одоо уучлал гуйгаад амлалтаасаа буцья гэж тухайлбал, та санал гаргаач.
-Анх би гишүүн болоод л энэ тухай хэлж байсан. Сонгуулийн дараахан 2008 оны хямрал залгачихсан шүү дээ. Тэр үед л одоо уучлал гуйгаад больчих оо гэж хэлж байсан. Тэгэхэд л шийдсэн бол одоо ийм хүнд байдалд орохгүй байсан. Ард түмэн ойлгох байсан юм. Хоёр нам бүлгээрээ ярилцаж байгаад л уучлал гуйж татгалзсан бол өнөөдөр иймдээ тулахгүй байсан. Одоо бол сайхан их тоо тэнгэрээс татаж авчирч тавьчихаад л эх үүсвэр ч үгүй сууж байна. Гээд яахав одоо нүдээ аньж байгаад л 21 мянгыг тараах юм байгаа биз дээ.
-Та нар ч яахав нүдээ аньчихдаг юм байж. Дараа нь нүдээ нээх үед байдал бүр хэцүүдсэн байна гэхээс айж л байгаа биз дээ. Тэр их бэлэн мөнгө зах зээл рүү ороод ирэхээр эрэлт ихэснэ. Нөгөө талд нийлүүлэлт нь гүйцэхгүй. Урьд нь 500 төгрөгөөр авч байсан бараа, бүтээгдэхүүнээ 1000 төгрөгөөр авдаг болж таарна.
-Ер нь манай улс хөгжихөд хэцүү байна. Яагаад гэхээр бүх хүнс, өргөн хэрэглээний бараагаа гаднаас худалдаж авдаг. Одоо бид өөрсдөө юу хийж чадаж байна гэхээр жаахан гурил. Махаа өөрсдөө бэлтгэчихэж байна. Ухаан нь 9-ийн тос хийж чадахгүй. Хүрз хийж чадахгүй. Талх хийлээ гэхэд л дотор нь ордог исгэгчийг гаднаас авна. Бараагаа гаднаас авдаг нь хэвээрээ, хэрэглэдэг нь хэвээрээ. Ийм зах зээл дээр 21 мянгыг тараахаар эхэн үедээ ч сайхан л байх. Яваандаа юмны үнэ өснө… Гэхдээ одоо иргэдэд хэрэгтэй юм л ярья. Жишээлбэл “Эрдэнэт”-ийг хүмүүс их сонирхдог.
-“Эрдэнэт”-ээс олох орлогыг уу?
-“Эрдэнэт” үйлдвэрээс 240 орчим тэрбум төгрөг орно гэж тооцоолсон. Гэхдээ янз бүрийн татвар нь нийлээд л ийм хэмжээтэй болох юм. Иргэдийн 21 мянгыг олгох “Хүний хөгжил сан”-д төвлөрөх орлого биш. “Хүний хөгжил сан”-гийн эх үүсвэрүүдийг хуулиар нарийн заачихсан байдаг. “Эрдэнэт” үйлдвэрээс төсөвт орох орлого бол “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх орлогын төрөлд хамаарахгүй. Тэгэхээр “Эрдэнэт”-ээс иргэдэд найдвар байхгүй ээ гэсэн үг.
Мөн би Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-ын 57, 40 дүгээр тогтоолыг эргэн харах ажлын хэсэгт орсон. Одоо УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нэг тогтоол гарна. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах гэж байгаа. Өчигдөр байнгын хороон дээр Баярцогт сайдтай ярьсан, хүлээж авч байна лээ. Гэрээ хэрэгжих явцын дунд нэг талын санаачилгаар гэрээг задалж, дахин ярьж болох тухай заалт байдаг. Энэ дагуу давуу талаа ашиглахаас өөр замгүй.
-Гэрээнд юуг өөрчлөхийг тодруулахгүй юу?
-Нөгөө л миний анхнаас нь ярьж явсан зүйлс. Нөөц ашигласны татварыг нэмэх шаардлагатай. Чилид л гэхэд нөөц ашигласны төлбөр 16 хувьтай байна уу даа. Мөн Монголын талын хувийг нэмэх 30 жилийг наашлуулах ёстой. Тэгвэл алсдаа нөгөө 805 тэрбумыг босгох асуудал нааштай болно гэсэн үг. Тавантолгой бол яахав. Хөрөнгө оруулагч нь тодорхой болчихвол урьдчилгаа авах биз. 2011 онд гэж төлөвлөсөн, тэр нь болоогүй байна. Ерөнхий сайд онолын улстөрч биш бизнесмэн хүн. Яаж мөнгө босгохыг мэдэж байгаа гэж найдаж байна.
-Жил, жилийн төсөвт гишүүдийн тойргийн мөнгө гэсэн асуудал босч ирдэг. Энэ жил харин бага яригдаж байна. 805 тэрбумын дуулианд дарагдаад байна уу. Эсвэл та нар ичдэг болоод мөнгө авахаа байсан уу?
-Үгүй, гишүүд тойргийн мөнгө авахаа больсон. Хоёр намын мөрийн хөтөлбөрийг харж байгаад л тойргийн хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа.
Өнөөдөр төсвийн орлогын 70 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж өгдөг. Эндээс төрийн бүх үйлчилгээ, ажлыг санхүүжүүлээд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хийгээд явна гэвэл буруу. Ер нь яваандаа төсвөөс төрийн үйлчилгээ, албан хаагчдыг цалинжуулаад бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг уул уурхайн орлогоос санхүүжүүлдэг болох ёстой. Өөрөөр хэлбэл, төсвөөс эмч багш, цагдаагаа цалинжуулаад явья. Зам, дэд бүтцээ төсвөөс санхүүжүүлдгээ больё л гэсэн үг. Харин нэг гэгээтэй зүйл хэлэхэд Засгийн газраас “Их өсөлт”-ийн үеийн стратеги гээд маш сайхан хөтөлбөрийг УИХ-д оруулж ирлээ. Ойрын жилүүдэд уул уурхайг дагаж гарах эдийн засгийн их өсөлтийг яаж зөв жолоодох вэ гэдэг стратеги юм. Энэ их чухал зүйл шүү.
Ярилцсан З.БОРГИЛМАА
URL: