150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулагдана
БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан хэмээх төрийн бус байгууллагын урилгаар монголын хэсэг сэтгүүлч өмнөд хөршийн Бээжин, Циндао, Күнзийн нутгаар 10 хоног аялаад ирлээ. Нэг талаар аялал гэж байгаа боловч бидний хэдэн нөхөд Бээжин хотын Ардын их сургуульд Хятадын хэвлэл мэдээллийн чиг хандлагын талаарх сургалтад хамрагдсан билээ. Сэтгүүлчдийн багыг МАН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Г.Ганбаяр ахалж явсан.
Манай багийнхан Бээжинд газардсан даруйдаа Хятадын Энхтайван хөгжлийн сангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Юү Шиао Шиуантай уулзлаа. Уулзалтын үеэр нэгэн чухал асуудал хөндөгдсөн. Тодруулбал, Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр Монголд 150 ортой, хоёр давхар хүүхдийн эмнэлгийг барихаар болжээ. Уг асуудлыг өнгөрсөн жилээс хойш ярьсан бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын ажлын суурь тавигдаж байгаа гэнэ. Харин монголоос очсон сэтгүүлч бидэнд шинэхэн хийгээд гэнэтийн мэдээ байлаа. Өнгөрсөн жил тус сангийн урилгаар сэтгүүлчид ирсэн бөгөөд энэ үеэр Г.Ганбаяр дарга Монголд хүүхдийн эмнэлэг барих саналыг анх тавьжээ. Учир нь Хятадын Энхтайван хөгжлийн сан нь хөрш орнуудтайгаа хамтарч ажиллах, тэр дундаа нийгэмлэг, хүмүүнлэгийн ажлыг түлхүү зохион байгуулдаг юм байна. Түүнчлэн өмнө нь Монголд хэд, хэдэн удаа үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй харааны бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй хагалгаа хийсэн удаатай аж. Тэр ч үүднээс Г.Ганбаяр дарга Монголд хамгийн их тулгамдаад буй хүүхдийн эмнэлэг байгуулахад туслахыг хүссэн байна. Гэвч тус сангийн зүгээс ямар нэгэн тодорхой хариу хэлээгүй байна. Харин хэдэн сарын дараа Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Юү Шиао Шиуан Монголд ирж, Чингэлтэй дүүрэгт ажилласан бөгөөд Монголд хүүхдийн эмнэлэг нэн шаардлагатай гэдгийг ойлгосон. Тиймээс Г.Ганбаяр даргын саналыг хүлээн авч 150 ортой, хоёр давхар хүүхдийн эмнэлэг байгуулах төслийг эхлүүлсэн хэмээн хатагтай Юү Шиао Шиуан хэлсэн.
Уг нь Энхтайван хөгжлийн сангаас Монгол Улстай сургалт болон боловсролын салбарт хамтарч ажиллах санал тавьж байжээ. Харин тус сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Юү Шиао Шиуан Монголд ирж эрүүл мэнд, эмнэлгийн талд хамтарч ажиллах шаардлагатай гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн газар шорооны ажил эхэлсэн байна. Удахгүй барилгын шавь тавих нээлтийн ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах гэнэ. Энэхүү арга хэмжээнд Хятадын Энхтайван хөгжлийн сангийн төлөөлөгчид ирж оролцохоор болжээ. Энхтайван хөгжлийн сан нь хөрш орнуудтай хамтын ажиллагаатай байдаг хэмээн дээр дурьдсан. Тэр ч үүднээс Мьянмар улстай мөн хамтарч ажиллаж байгаа аж. Тус улсын эмч нарт хагалгаа хийх сургалт явуулсан байна. Мөн Мьянмар улсад нүдний томоохон эмнэлэг байгуулахаар ажиллаж байгаа аж. Үүнээс гадна Лоас, Пакистан зэрэг улстай боловсролын салбарт хамтарч ажилладаг байна. Сүүлийн жилүүдэд зөвхөн Азийн орнууд гэлтгүй Европын орнуудтай хамтарч ажиллаж байгаа гэнэ. Тэр дундаа Африкийн ядуу буурай орнуудад хүмүүнлэгийн ажлыг амжилттай явуулж эхэлжээ.
Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хатагтай Юү Шиао Шиуан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Манай сан хүмүүнлэгийн салбарт илүү анхаарч ажилладаг. Бид Азийн орнууд гэлтгүй, Европын орнуудтай хамтарч ажиллаж байна. Мөн бидний зорилго бол Хятад орныг дэлхийн нийтэд таниулах. Тэр ч утгаараа Хятад улсыг дэлхийн нийтэд таниулах гарц хайж байна. Мөн манай сан НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох зөвшөөрөл авсан. Энхтайван хөгжлийн сан байгуулагдаад удаагүй ч НҮБ биднийг үнэлэх болсон. Бидний хийсэн ажлыг хүлээн зөвшөөрч байна. Дэлхий нийтээр дэмжиж байна. Эмнэлэг сургуулийн чиглэлээс гадна ард түмэнд илүү үр өгөөж өгөх салбарт орж ажиллах зорилготой” хэмээн онцолсон.
Харин МАН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Ганбаяр “ Бид богино хугацаанд чамгүй ажил амжуулсан гэж бодож байна. Бидний гол зорилго хоёр орны хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах. Өнгөрсөн жил би сэтгүүлчдийн багийг ахалж явахдаа Монголд хүүхдийн эмнэлэг байгуулах санал тавьж байсан. Энэхүү санал маань төсөл болж, төсөл нь хөрсөн дээр бууж байгаад баяртай байна. Эмнэлгийн хувьд гурван дүүргийн 1000 гаруй өрх айлын хамрах юм. Ирэх намар ашиглалтад оруулахыг хичээж байна. Цаашид тус эмнэлэгт иж бүрэн техник технологийг суурилуулна. Зүгээр нэг эмнэлэг бус эмчилгээ, оношлогооны төв болгохоор зорьж байгаа” гэлээ.
Дэлхийн 171 оронд салбартай ССТV
Нэгэнт сэтгүүлчдээс аяллын баг бүрдсэн тул хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар орох нь аяллын гол зорилгын нэг байв. Тиймээс бид Хятадын томоохон хэвлэл мэдээлэл ССТV-ийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Тус телевиз байгуулагдаад 57 жил амжилттай ажиллаж иржээ. Хятадын телевиз үзэгчдийн нийт 95 хувь нь ССТV-г үздэг гэх судалгаа байдаг аж. Тус телевиз нь 171 оронд салбартай, таван хэлээр мэдээ нэвтрүүлгээ цацдаг байна. Мөн сүүлийн жилүүдэд шинэ техник, технологийг ашиглаж эхэлсэн байна. CCTV-д 440 гаруй хүн ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн шинэ хэвлэл мэдээллийн төвлөрсөн редакц байгуулжээ. Энэ нь нэг үгээр хэлбэл бүх мэдээ, нэвтрүүлгээ гар утсаар дамжуулж хүргэхийг хэлж буй аж. Хятад улс анх 1994 онд интернэтэд холбогдсон байна. Өнгөрсөн жил Хятад улс интернэтэд холбогдсон 20 жилийн ойгоо тэмдэглэжээ. Тус улсын нийт хүн амийн тал гаруй хувийг интернэт хэрэглэгчид эзлэдэг байна. Телевиз үзэгчдийн тоо олон ч гэлээ сүүлийн жилүүдэд интернэт хэрэглэгчид хэд дахин илүү гэх судалгаа гарчээ. Тэгэхээр өнөөдрийн Хятад улсад интернэт хэрэглэгчид илүүрхэж байгаа гэсэн үг. Тэд телевизийг гар утсаараа орлуулах болжээ. Тэр утгаараа Хятадын хэвлэл мэдээллийнхэн интернэт хэрэглэгчдээ тал талаас нь судалдаг байна. Дээр хэлсэнчлэн Хятад улсын нийт хүн амын тэн хагас нь интернэт хэрэглэгчид. Харин тэдний 80 хувь нь гар утсаараа интернэтэд холбогддог байна. Мөн насны хувьд 20-35 насны залуучууд байдаг аж. Мөн тус телевиз нь We chat сувгаар мэдээллээ цацдаг гэж байгаа. CCTV-г интернэтээр үзэх үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа ч байгууллагын зүгээс телевиз, интернэт үзэгчдийн хамтад нь нэмэгдүүлэх талд анхаарч, судалж байгаа гэнэ. Энэ мэт мэдээллийг авч телевизийн байртай танилцлаа. 57 жил болсны хувьд нэлээн хуучирсан харагдсан. Харин удахгүй шинэхэн байрандаа орно хэмээн телевизийнхэн хэлсэн.
Гар утасны телевиз
Хятад улсад интернэтийн эрин үе жинэхэнэ утгаараа иржээ. Интернэт хэрэглэгчдийн 80 гаруй хувь гар утсаа ашиглаж байгаа. Тиймээс Хятадын Синхуа агентлаг хэрэглэгчиддээ зориулж 2009 онд Mobile Tv-ийг нээжээ. Хятдад гудамж, талбай автобус ер нь хаана ч явсан бүгд утсаараа оролдоно. Тэр тусмаа дэлхийн брэнд болох iphono утсыг ихэнх хэрэглэгчид нь барьсан харагдсан. Mobile Tv-ийн хувьд мөн л асар том бүтэцтэй байгууллага. Эднийх одоохондоо хоёр хэл буюу Хятад, Англи хэл дээр мэдээгээ цацдаг байна. 100 гаруй ажилчидтай бөгөөд зах зээл хариуцсан тусдаа баг ажилладаг байна. Олон мэдээ нэвтрүүлэг бэлтгэхээс гадна хүүхэлдэйн кино, эдийн засгийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэдэг байна. Түүнчлэн 24 цаг тасралтгүй эдийн засгийн шууд нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг аж. Нэг зүйлийг онцлоход гар утасны мэдээ мэдээлэл нь тухайн жанар төрлөөсөө хамаарч үнэ төлбөртэй. Телевизийн удирдлагынхны хэлж буйгаар орлогын эх үүсвэрээ рекламнаас олдог байна. Зөвхөн Mobile Tv гэхэд бусад оронд өөрийн гэсэн сэтгүүлчидтэй. Өдөр тутам тэдэнтэй холбогдож шинэ мэдээллээ авдаг. Тус гар утасны телевиз нь гурван сая үзэгчидтэй. Анх 100 сая юань буюу 32 тэрбум төгрөгөөр байгуулагдаж байжээ. Интернэт, гар утас хэрэглэгчидийн хурдацтай хөгжиж буй учраас 100 сая юанийг таван жилийн дотор хэд дахин нугалж олжээ.
Хятадын хэвлэл мэдээллийн газруудтай нарийн танилцах цаг хугацаа давчуу байсан хэдий ч томоохон хэд хэдэн газраар орсон нь олзуурхууштай. Хятдад сүүлийн жилүүдэд хүчээ авч буй мөн л томоохон мэдээллийн сайтын үйл ажиллагаатай танилцсан. Өөрөөр хэлбэл, Хятадын Коммунист намын төв сайт юм. Тус сайт хамгийн хүртээмжтэй байдлаар ажилладаг. Тиймээс ч дэлхийн 7 хэл дээр мэдээллээ хүргэдэг байна. Хятад улсын муж болгонд салбартай. Нийт 2700 гаруй ажилчидтай. Харин төв байрандаа 1300 ажилчин байдаг. Намын төв сайт учраас өндөр албан тушаалтнууд хандаж ярилцлага өгдөг байна. Хятадын дарга асан Ху Жинтао www.people.cn сайтад зочилж байсан хэмээн сайтын удирдлагууд ихээхэн бахархдаг юм билээ. Тус мэдээллийн сайт нь ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг илүүтэй хөндөж гаргадаг байна. Тиймээс жирийн иргэд маш их хандаж, санал бодлоо илэрхийлдэг аж. Мөн гадаадын хэвлэл мэдээллүүд тус сайтын мэдээллийг байнга авч эх сурвалжаа болгон ашигладаг хэмээн ажилчид нь ярьж байна . Бусад хэвлэл мэдээлэлтэй адилхан гар утас ашиглаж мэдээллээ түгээдэг. Үргэлжлэл бий…
үнэн.мн
URL: