ТӨХ-ны даргын марафон эхэлжээ
Албан тушаалын бялуу хуваарилалт АН-д одоо ч үргэлжилсээр л байна. Хамгийн сүүлийн, хамгийн амттай зүсэм нь ТӨХ-ны даргын суудал болж байх шиг. Уг нь хуулиараа, бас уламжлалаараа ТӨХ бол Ерөнхий сайдын шууд харьяа агентлаг. Үе үеийн Ерөнхий сайд нар төрийн өмчийн бодлогыг үргэлж л дэргэдээ авч явдаг байсан. Харин 2012 оны сонгуулийн дараа АН албан тушаалыг фракцууддаа хуваах-даа ТӨХ-г МоАХ-д өгчихсөн юм. Эндээс л өнөөг хүртэл үргэлжилж буй ТӨХ-ны даргын томилгоо тойрсон улс төр эхэлсэн билээ.
Хуваарилалт ёсоор МоАХ фракцад очсон ТӨХ-ны даргыг томилох, чөлөөлөх эрхийг эхэндээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга эдэлж байлаа. Түүнийг шинэчлэлийн Засгийн газраас “давхар дээл”-ээ тайлан гарсны дараа ТӨХ буцаад Ерөнхий сайдын мэдэлд буюу Н.Алтанхуягт ирж байсан түүхтэй. Тэрээр “Алтан гадас” фракцын гэгддэг Д.Цогтбаатарыг ТӨХ-ны даргаар томилж, тэр нь ч сая халагддаг Ц.Нанзаддоржийг иртэл энэ албыг залгуулж байлаа. Гэтэл өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын хуралдаанаар ЕрөнхийсайдЧ.Сайханбилэг ТӨХ-ныдарга Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа хэлээд, түр орлон гуйцэтгэгчийг нь ч томилолгүй алх цохин хуралдааныг дуусгажээ.
Ийнхүү ТӨХ даргагүй, түр орлон гүйцэтгэгч удирдлага ч үгуй болсон нь учиртай бололтой. Уг нь Д.Цогтбаатарыг чөлөөлж, Ц.Нанзаддоржийг томилох шийдвэрийг гаргахдаа Засгийн газар “шүүхийн шийдвэрийг үндэслэсэн” гэж тайлбарлаж байсан юм. Гэтэл шүүхээр заргалдан байж албан тушаалдаа очсон Ц.Нанзаддорж яагаад өргөдлөө өөрөө өгөх болов гэдэг анхаарал татаж байна. Хамгийн гол нь Засгийн газрын хуралдааны хэвлэлийн мэдээнд “өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн” гэж бичигдсэн байсан Ц.Нанзаддорж нь маргааш нь “news.mn” сайтад тодруулга өгөхдөө “Би өргөдлөө өгөөгүй” гэж хэлээд зогсохгүй одоо ТӨХ-ны даргын тамгыг хүлээлгэж өгөхгүй “зугтчихсан” гэсэн мэдээлэл байна. Эндээс л ТӨХ-ны даргын томилгоо тойрсон улс төр эхэлж буй бололтой.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ц.Нанзаддоржийг ТӨХ-ны даргаар буцаан томилохдоо угаасаа түр байлгахаар АН-ынхан ярилцаж байсан аж. Өмнөх Ерөнхий сайдын томилсон Д.Цогтбаатарыг чөлөөлөхийн тулд л Ц.Нанзаддоржийн шүүхэд хандаж байсан гомдол нь хэрэг болсон бололтой юм. Харин одоо түүний оронд хэнийг томилох вэ гэсэн яриа АН-д, тэр тусмаа нэлээд өндөр төвшинд яригдаж буй бололтой. Гэхдээ энэ удаагийн томилгоо Ерөнхий сайд гэхээс илүүтэй Ерөнхийлөгч, УИХ-ын даргын төвшинд шийдэгдэх магадлалтайг эх сурвалж өгүүллээ. Юу гэхээр, УИХ-ын дарга З.Энхболдын хувьд өмнө нь ТӨХ-г удирдаж байсан нэгэн.
Түүний ойр тойрныхон, найз нөхөд нь одоо ч ТӨХ-нд ажилладаг байх. Тиймээс ТӨХ-ны даргын томилгоонд ямар нэгэн байдлаар оролцох сонирхолтой байгаа гэх мэдээлэл байна. Зарим нь түүнийг ТӨХ-ны одоогийн дэд дарга Ж.Төмөрбаатарыг жинхэлүүлэх сонирхолтой байгаа гэх. Гэхдээ үүнээс илүүтэй Ерөнхийлөгч өөрийн хүнээ ТӨХ-ны даргаар томилуулах магадлал өндөр байгааг хэлж байна. Одоо хотын захиргаанд удирдах албан тушаал хашиж буй нэгнийг ТӨХ-ны даргаар томилох нь гэсэн яриа Төрийн ордонд хэдийнэ тарсан байна.
ТӨХ-ны даргын томилгоог биечлэн хийх хүн нь хуулиараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө боловч үнэндээ АН-ын лидерүүдийн тохироо ёсоор энэ албан тушаалд хэн очихыг шийдэх юм байна.
Төрийн албаны зөвлөлөөс ойрын хугацаанд сонгон шалгаруулалт зарлаж нэр дэвшигч нарыг бүртгэх бөгөөд энэ сардаа багтаж Засгийн газрын хуралдаанаар ТӨХ-ны даргын томилгоог хэлэлцэх бололтой.
Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: