Б. ЖАРГАЛСАЙХАН: МАШИН НЭРТЭЙ СЭГНЭЭС САЛАХЫН ТУЛД ШАТАХУУНЫ ҮНИЙГ Ч НЭМЭЭД ӨГ
Засгийн газар шатахууны татварыг бууруулаад байх юм. Машин нэртэй төмрийн сэргнээс салъя-
Улсын төсвийн төслийг төрийн эрх барих дээд байгууллагаар ид хэлэлцэж байна. Ирэх жил хэдийг олж, хаана юунд түлхүү зарцуулах талаархи эхний хэлэлцүүлгүүд нийгэмд нээлттэй өрнөж эхэллээ. БНН-ын дарга Б.Жаргалсайхантай энэ сэдвээр ярилцав. Төрийн түшээ, бас сайдаар ажиллаж байсны хувьд тэрбээр улсын төсвийн талаар зарчмын өөр байр суурь баримталж байна. Удахгүй 10 их наядад хүрэх төсвийн зардлыг үрэлгэн бус, ухаалаг зарчмаар хуваарилах нь зүйтэй хэмээн үздэг аж.
-УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жилийн төсвийн төсөл ид яригдаж байна. Ямархан өнгө, төрхтэй батлагдаасай гэж та хүлээж байна.?
-Төсөв ярихын өмнө ганцхан зүйлийг баатар хэлмээр байна. Манай улсын орлого хангалттай нэмэгдэнэ. Өмнөх төсвүүд мөнгө олдохгүй яанаа гэж орж ирдэг байсан бол одоо цаг өөр болсон. Цаашдаа төсвийн орлого 10 триллионд хүрнэ. Энэ мөнгийг ухаантай, зөв л зарцуулах хэрэгтэй. Одоо, төрийн албан хаагчдын тоо хангалттай олон боллоо. Тэдний тоог нэмэх шаардлагагүй. Төрийнхний цалин мөнгө, бусад нийгмийн асуудлыг бүгдийг нь шийдчихсэн. Харин цаашид юу хийх хэрэгтэй вэ гэхээр , улстөрийн хоёр нам тэнцүү хүчтэй, хамтарсан дээрээ боловсруулж, батлаад авч болох тухай хууль, тогтоолыг гаргах хэрэгтэй.
-Тухайлбал, ямар хуулийн зохицуулалтыг яг энэ төсвийн хэлэлцүүлэгтэй зэрэгцэн баталбал зөв гэж та үзэж байна?
-Засгийн газар шатахууны онцгой татварыг бууруулаад байх юм. Эсрэгээрээ бензиний онцгой албан татварыг нэмэх хэрэгтэй шүү дээ. Улаанбаатараас зах руугаа шатахууны үнэ хямдарч байдаг, харин төв рүүгээ болохоор өндөр өртөг төлж, бензин авч байвал энэ олон муу машин сүлжилдэж зам түгжээд байхгүй болно. Манайхан одоо айл хэсэх гэж машин унадгаа боль. Гэрт нь ороход хоолгүй хоосон сууж байгаа мөртлөө гаднаа машин залаастай идэх хоолноос илүү юу, энэ сэг. Энэ машин нэртэй төмрийн сэгнээс салахын тулд шатахууны үнийг нэмээд өгөх хэрэгтэй. Хотын төвөөс зах руугаа шатахуунаа хямд зараад байвал ядаж тэр яриад байдаг төвлөрлийг сааруулж таарна биз дээ.
-Шатахууны үнийн асуудлаар засгийн газар одоохондоо хараахан дуугараагүй байгаа. Зөвхөн зарим автомашины гаалийн онцгой татварт өөрчлөлт оруулах тухай санал танилцуулсныг та мэдэж байгаа байх. Засгийн газрын энэ саналыг дэмжиж байна гэж ойлгож болох уу?
-Мэдээж, машины татварыг нэмэх энэ саналаас татгалзаж ер болохгүй. Зэвийг дундуур нь тасдаж хилээр оруулж ирдэг. Монголдоо эргүүлж залгаад унаж л байдаг. Ийм улс орон, ийм хэрэглээ ч гэж юу байхав. Боль хөгшин муу машиныг шууд шахах хэрэгтэй. Хэзээ болтол манайхан ядуус, хөдөөгийн иргэдийг ярих юм. Улсын хөгжлийг хэзээ ярих юм, тэгээд нэг бол ядуус нэг бол хөдөөгийнхөн. Ядуусын асуудлыг шийдээд, мөнгө тараагаад, халамж олгоод л байгаа биз дээ. Дээрдсэн өөрчлөгдсөн зүйл хаана байна. Одоо болих хэрэгтэй. Улстөрийн намууд халамжаас шууд татгалз. Ядуу байх нь бахархал, моод ч юм шиг болчихлоо шүү дээ. Иргэний хөдөлгөөний арслан гуайг хар, илжиг тэрэг уначихсан, ядуурлыг дэмжиж хашгираад л. Тэр хэрээр нь ядуусыг төрөөс дэмжих юм гэнэ. Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулмаар юм. Ажил хийсэн нь төрөөс дэмжлэг хүртдэг, ажил хийх дургүй нь тэр биз.
-Хөдөлмөрийн хууль гэснээс эрүүл мэндийн тухай багц хуулийн төсөл ч УИХ-аар хэлэлцэгдэж байгаа?
-Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг иргэд өөрсдөө төлдөг болмоор байна. Тэгэхгүй болохоор хөдөлмөр хийх, ажилдаа тогтвор суурьшилтай үлдэх сонирхолтой ажилчин гэж үгүй боллоо. Ажил хэрэгтэй гээд ирдэг. Ажилд аваад нэг сар болдог. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэртэй болж аваад л арилж өгнө. Ийм байхад юун хариуцлага. Хүн өөрөө л мөнгөө төлж, өөрөө л өөрийнхөө төлөө хөдөлж байвал даатгалд хариуцлагатай ханддаг болно. Түүнээс биш “Буян” компаниас мөнгө гарч байгаа тохиолдолд тэр хүн эрүүл мэндийн хариуцлагатай байх уу. Шударгаар, бүх хүн сар бүр 5000 төгрөг эрүүл мэндийн даатгалдаа хийж бай гээд хуульчилбал амар. Хүн алаад байдаг эмч нар ч гэсэн гар хараад байх шаардлагагүй, амар болно. Хүнээс алах биш авардаг л болох байхгүй юу. Энэ мэт реформын чанартай зүйл л хий. Түүнээс биш эрхзүйн орчныг сайжруулж байна. Гээд үг, үсэг засаад суух хэрэггүй.
-Ирэх санхүүгийн жилд хамгийн түрүүнд анзаарч, анхаарах ёстой эдийн засгийн тулгамдсан асуудлууд гэвэл олон чухал санааг хэлэх байх. Хамгийн тоймтой, нэн шаардлагатай нь таны бодлоор юу вэ? Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтын ажил уу, эсвэл хөрөнгийн зах зээлийг цэгцлэх үү?
-Санхүүгийн жил яахав ээ. Төсвийн орлого, зарлага тодорхой бус байна. Засгийн газар бонд гаргаж орон сууц санхүүжүүлнэ гэсэн. Миний сонссоноор 500 тэрбумыг засгийн газар Монгол банкнаас зээлээд гөвчихсөн биз дээ. Хамгийн том уул уурхайн төсөл “Оюу толгой”-н гэрээг байгууллаа гэсэн чинь 100 саяын плакаттай л үлдсэн. Энэ жил сонгуулийн өмнөх жил. Ирэх жил уул уурхайн томоохон төслүүдээ танилцуулж, эргэлтэд оруулж, гаднаас мөнгө цуглуулж авч чадахгүй бол баларна. Сонгуулийн жил бидэнд ганц ч цент ч өгөхгүй, тэд хөрөнгийн бирж дээр гарч ажиллах асуудал ч гэсэн ялгаагүй. “Эрдэнэс тавантолгой”-н нэрээр хэдэн ч төгрөгийн зээл авч болно. Харин үүний тулд засгийн газар одоогийн байдлаар хичнээн тэрбумын өртэй байгаа зэргээ яс тооцох хэрэгтэй. Энэ мэт мэдээллээ нээлттэй байлгах хэрэгтэй шүү дээ. “Фортуна” Батбаяр яриад байна лээ. АНУ-ын банкинд1,5 миллиард доллар байгаа. Тэр мөнгөө аваад эргүүлье гэж. Урьд нь авсан өр, зээлийн барьцаа байна уу, үгүй юу. Сайн тооцоод хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй шүү дээ. Эдийн засгийн өсөлтөөр далимдуулаад, дараа нь аргалчихна гэх маягаар амлалтын мөнгөө тараах гээд байх шиг харагдах юм. Хувийн хэвшилд оруулах хөрөнгө оруулалтын асуудал төсөвт огт байхгүй. Ийм байж болохгүй.
-Нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг шүүмжилдэг хүмүүсийн тоонд та багтдаг. Энэ төрлийн хөрөнгө оруулалтыг шинэчлэх саналыг тань сонсмоор байна?
-Би шударга хэлдэг. Төрийн албан хаагчдыг төрөөс дэмжиж тэтгэх асуудал бүрэн шийдэгдсэн. Одоо дахиж тэдэнд халамж нэмж өгөх шаардлагагүй. Төрийн албан хаагчид байрны зээлд хамрагдаж байна. Хүүхдээ дээд сургуульд үнэгүй сургаж байна. Цалин нь байнга нэмэгдэж байна. Одоо тэдэнд зориулсан төсвийг царцаах цаг нь болсон. Дөчин мянган төрийн албан хаагч Монголд хангалттай. Яахаараа төрийн албан хаагчийн хүүхэд л бол муу сурсан ч хамаагүй төрийн сангаас мөнгө авч байдаг юм. Яахаараа хувийн хэвшилд ажилладаг аав ээжтэй мундаг сурлагатай хүүхдэд төрийн сан үйлчилдэггүй юм. Нийгмийн халамжийг ингэж хүртээдэг юм уу. Эцэг эх нь төрийн албан хаагч, хувийн хэвшлийнх нь хамаагүй. Онц сурсныг нь л төрийн сангийн тэтгэлэгт хамруулдаг болчих хэрэгтэй. Моргейжийн зээлийг ч гэсэн төр , хувийн хэвшил ялгаагүй, бүгд тэгш эрхтэйгээр хүртэх эрхтэй. Төсвийн орлогод хүрэлгүй, төсвөөс гадуур энэ бүхнийгээ хий. Төсөв хэлэлцэж байгаа нэртэй дэмий хэрэлдэхийн оронд энэ мэт амьдралд хэрэгтэй юм шийдээч.
URL: