Тэрбумаараа танагдсан эмийн төсөв энэ онд хүрэлцэх үү

t0l54e4a_500x500

Сүүлийн үед улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээс бүсээ чангалах, хэмнэх гэсэн үгс сонсогдох болсон. Үүнтэй зэрэгцээд хасч, танах ажил ч хийгдэж эхэлсэн. Тэгвэл энэхүү хасч танах шуурганд эрүүл мэндийн салбар өртжээ. Тодруулбал, манай улс өвчтөнүүддээ шаардлагатай эм тариаг авч дийлэхгүй, энэ оны эхний хоёр сарын байдлаар 3.1 тэрбум төгрөгийн өрөнд орчихоод байгаа тухай мэдээлэл байна. Учир нь Эрүүл мэндийн сайдын багц дахь эмийн төсөв 2014 онд 68.7 тэрбум төгрөг байсныг УИХ энэ жил 60 тэрбум болгосонтой холбоотой аж.

Энэ талаар Эрүүл мэнд, спортын яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан “Сайдын багцад энэ онд эмийн төсөвт 60 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн жилийнхээс төсөв буурсан ч үндсэн эм эмнэлгийн хэрэгслийн зардал дээр нэмж, 11 аймгийн Оношилгооны төвийн хэвийн үйл ажиллагааг хангах, гурав дахь шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах үүднээс хоёр тэрбум төгрөгийн үнэ бүхий лабораторийн урвалж оношлуур, мөн гемодиализын долоон аппарат худалдаж авах, ДОХ/Сүрьеэгийн эмийн зардал гээд олон зүйл нэмэлтээр орж ирсэн” гэх мэдээллийг хэвлэлд өгсөн байна.

Эрүүл мэндийн салбар хамгийн их шүүмжлэл дагуулдаг салбаруудын нэг. Гэтэл ийнхүү угаас гар тэнийж байгаагүй салбарын төсвөөс найман тэрбум гарныг хасчихаар ямар байдал үүсэх нь ойлгомжтой. Салбарынхан “Төсвийн тодотгол хэлэлцэх үед  тануулсан 15 хувиа гаргуулчих юмсан” гэсэн бодолтой байсан ч энэ нь талаар болсон юм. Үнэндээ УИХ-ын гишүүд өөрсдийн багцын мөнгийг танилцуулга, ном, сэтгүүл хэвлүүлэх нэрээр хэдэн арван саяар нь шилжүүлсэн байдаг. Гэтэл эрүүл мэндийн салбарын төсөв хэлэлцэх үед ийнхүү хасч, танаж байгаад салбарынхан шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Салбарынхны хэлж буйгаар зам, гүүрийг арчилж тордоход зориулан жилд хэдэн төгрөг төсөвлөх вэ гэдэг шиг эмийн төсвийг стандартын дагуу нарийн тооцоод гаргах боломж байхгүй гэнэ. Учир нь ирэх жил хэдэн хүн өвдөхийг, хэчнээн хүүхэд шинээр мэндлэхийг тааж мэдэх аргагүй учраас ерөнхийд нь дундчилж тооцдог байна. Тэгвэл өнгөрсөн онд 68.7 тэрбум төгрөг төсөвлөсөн ч манай улсын эмийн төсөв 1.5 тэрбумын өртэй гарсан байна. Гэтэл энэ удаа бүр найман тэрбумыг хасчихаар ямар байдалд хүрэхийг хэлүүлэлтгүй ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, өмнөх онд нь хүрэлцээгүй өртэй гарсан төсвийг энэ жил 15 хувийг нь таначихаар цаашид юу болох нь тодорхой гэсэн үг.

Түүнчлэн зах зээл дэх эмийн өртөг ч мөн эмийн төсвийг алдагдалд оруулдаг нэг хүчин зүйл болдог байна. Учир нь долларын ханш өдөр ирэх бүр өсч байгаа энэ үед эмийн өртөг ч нэмэгдэх нь ойлгомжтой. Манай улс нийт эмийнхээ 90 шахам хувийг гадаадаас импортолдог. Төсөв хэлэлцэх үед долларын ханшийг өнөөдрийнхөөр бодоогүй. Түүнчлэн нэг ам.долларыг 1700-гаад төгрөгөөр тооцож эм ханган нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ хоёрдугаар сард дуусгавар болсноор саяхан шинэ тендерээ зарласан байна. Гэтэл валютын ханшийн зөрүүнээс болж одоо үүсээд байгаа өр жилийн эцэс гэхэд хэдэн тэрбумд хүрэх бол. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 25 байгууллагын тухайд гэхэд л өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд 670 сая төгрөгийн өртэй болоод “амжжээ”. Ганц Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн тухайд авч үзэхэд л 52.5 сая төгрөгийн өртэй сууж байгааг тус газрын мэргэжилтэн хэлсэн юм. Өнгөрсөн жил нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын эмийн төсөв 350 сая төгрөгийн өртэй гарчээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн 71 өвчтөний дархлаа дарангуйлах эмийн зардал болох 2.3 тэрбум төгрөгийг 100 хувь шийдэж өгөөгүйн улмаас өнөөдөр цөөнгүй хүн эмчилгээний зардлаа өөрсдөө гаргаж байгаа аж. Мэдээж эдийн засгийн хямрал хэн бүхэнд мэдрэгдэж байгаа энэ үед өвчтөнд ч бас эмийн зардлаа өөрөө гаргах нь дарамт болж байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Уг нь УИХ-ын намрын чуулганаар Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсан. УИХ-д анх өргөн мэдүүлснээс хойш сунжирч, хойшлогдсоор дөрөв дэх жилдээ батлагдсан уг хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Эрүүл мэндийн даатгалыг хөдөлмөр эрхэлж байгаа хүний цалингийн дөрвөн хувиар тооцож даатгуулагч хоёр, ажил олгогч хоёр хувийг төлдөг. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувийг даатгалд төлдөг.

Шинэ хуульд үүн дээр нэмэгдэн, “Хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээний зардал”, “Өндөр өртөгтэй мэс заслын зарим тусламж, үйлчилгээний зардлын тодорхой худийг хариуцах /тархи, зүрх, бөөр, элэг гэх мэт/”, “Зарим төрлийн хиймэл протез суулгах болон сэргээн засах эмчилгээний зардлын тодорхой хувийг хариуцах”, хорт хавдрын хими, туяа эмчилгээний зардлын тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм байна. Даатгуулагч бүрийн эрүүл мэндийн жижигхэн цэнхэр дэвтрийг цахим картаар солино. Цахим карт нь өвчтөний эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийг агуулах бөгөөд эмчид зөв онош тавьж, эмчилгээний тактикийг оновчтой боловсруулахад тус болно. Мөн төлбөрийн хэрэгсэл болох аж.  Цахим карт яаж олгох журмыг одоо хараахан гаргаагүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын хууль 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм.

Манайд хүн бүр шахам эрүүл мэндийн даатгал төлдөг ч үүнийгээ ашиглаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Үүнийг ямартай ч шинэ хуулиар зохицуулахаар болсон байна. Гэхдээ шинэ хууль амьдрал дээр хэрэгжиж эхлэх хүртэл хугацаа шаардлагатай. Эрүүл мэндийн дэвтрээр хөнгөлттэй үнээр эм олгох журам ч хангалттай хэрэгждэггүй гээд байнга л шүүмжлэлтэй байдаг энэ салбарын төсвийг эрхэм түшээд найман тэрбумаар нь таначихаад байна. Энэ оны эцэст эрүүл мэндийн салбар хэр өр төлбөртэй, хэчнээн шүүмжлэл дагуулахыг таашгүй.

С.НАРАН

URL:

Сэтгэгдэл бичих