Г.Батхүүгийн “хүн” гэгдэх Л.Пүрэвбаатарын төсвийн тансаглал хэрээс хэтэрлээ

20150331092757УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарын тансаглалын тухай тоймч У.Оргилмаа саяхан нийтлэл бичсэн. Энэхүү нийтлэл Л.Пүрэбаатарын хэрээс хэтэрсэн тансаглалыг олон нийтэд ил болгосон юм. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт Төрийн өмчийн хорооноос албан бичиг явуулсан бөгөөд Лексус-570 автомашиныг 200 сая, даргадаа 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц авсан. Үүнд нь эрх бүхий байгууллага ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй аж. Түүний тансаглалын тухай мэдээлэл цахим ертөнцөөр нэлээд олны анхаарлыг татаад байгаа юм. Тансаглал нь үүгээр дуусаагүй. Тухайлбал, тэрбээр албаны мөнгөнөөс 600 мянгаар гутал,1.8 саяар хүрэм, худалдан авсан гэх мэдээлэл ч мөн бий. Түүний талаар гарсан нийтлэлдээ У.Оргилмаа “УБТЗ”-ын мөнгөөр өөртөө гутал авч өмсөхдөө тулчихсан “ядуурсан чөтгөр” гэж арай төсөөлөөгүй болов уу. Тэрбээр албаны 600 000 төгрөгөөр гутал авч өмсчихөөд мэдэгдэхээрээ “Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөнө” гэсэн байх юм. Монголд төрийн мөнгө завшдагаараа “цайчихсан гарууд” цөөнгүй. Гэхдээ гардуулчихаад буюу шалгагдаж илэрчихээд ингэж хэлж байсан нь тун цөөн байх. 1949 оноос хойшхи “УБТЗ”-ын түүхэнд дарга нараас нь хэн нь ч энэ удаагийнх шиг “юм үзээгүй мэт загнаж” шившгээ хутгаж байсангүй” хэмээжээ.

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарын тансаглалыг ил болгосон Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзанддорж өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Үүнийг Л.Пүрэвбаатарын ард байх “Алтангадас” тэр дундаа УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй холбоотой гэж хардахаас аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Төсвийн мөнгөөр тансагласан нэг даргын булхайг олон нийтэд ил болгочихоод маргааш нь өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэдэг нь хэн нэгний дарамт шахалт байхыг үгүйсгэхгүй гэж хардаж байгаа юм. Төрийн өмчийн хорооны албан бичиг цахим ертөнцөд цацагдаад удаагүй Л.Пүрэвбаатартай холбоотой олон мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Тэрбээр ТӨХ-ны албан бичиг дээр тусгасан мэдээллээс өөр асуудалд холбоотой гэдгийг хэвлэлүүд бичих болов. Тухайлбал “УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар “Далт” гэх компаниараа дамжуулан 3,4 дүгээр хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрийн ард 16 давхар барилга бариулж байгаа аж. Харин тэр хавийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, энэ хэрэг нь Захиргааны хэргийн шүүхэд хүрсэн сурагтай” хэмээн бичсэн байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй холбоотой, тэдний фракцийн нэг нөхөр болох Л.Пүрэвбаатарт өнөөдөр Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос түүнд мэдэгдэх хуудас хүргүүлжээ.Үүнд “Нийт төмөр замчдын сарын үр дүнгийн шагнал, урамшууллыг хасахаар шийдвэрсэн нь хамтын гэрээ болон холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн “түүхэнд тэмдэглэгдэхээр хар шийдвэр боллоо” гэдгийг онцлон дурьдсан байна.Мөн 2015 оны 3-р сарын 27-ны өдрийн видео хурлын үеэр замын дарга Л.Пүрэвбаатарын хэлсэн үг, ажилтнуудын санал, асуулгад бүдүүлгээр хандсан байдал зэрэг нь тэдэнд үүссэн сэтгэл зүйн хохирол, эмх замбараагүй байдлын эх үндэс боллоо” хэмээсэн байна. Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос түүнд шаардлага хүргүүлэхдээ “Ирэх сарын нэгний дотор ажилчдын 2, 3 дугаар сарын үр дүнгийн шагналыг олгох, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдлээ” гэжээ. Харин Л.Пүрэвбаатарын хувьд цалингаа хүлээж байгаа 15 мянган замчдад 2,3 дугаар сарын цалинг өгөхгүй хэмээн хэлсэн байна. Хэвлэлээр хэлэхдээ “Цалинг өгнө, нэмэгдлийг өгөх боломжгүй” гэсэн байна лээ. Түүний хувьд өөрийгөө өмгөөлж, төсвийн мөнгийн тансагласан зүйл байхгүй, энэ талаар албан ёсоор тайлбар өгөхөө хэлжээ.

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатартай холбоотой энэ мэт таагүй мэдээллүүд олны анхаарлыг татаж, яагаад төсвийн хөрөнгөөр дарга нар тансаглаж, түүнийг нь ил болгосон хүн асуудалд орох ёстой гэж. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг түүн шиг хүнд хариуцлага тооцож, бүх мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр ил тодоор мэдээлэх учиртай юм.

УБТЗ-ын даргаар Л.Пүрэвбаатарыг томилох санаачилга одоогийн Засгийн газрын зүгээс гараагүй аж. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох үеэр Ардчилсан нам дахь “Алтангадас”-ынхан Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын дарга болгох тохироог хийж, томилгоог явуулсан байна. Тухайн үед ТӨХ-ны даргаар “Алтангадас”-ын төлөөлөл Д.Цогтбаатар удирдаж байсан. Ийм учраас л УБТЗ-ын даргаар Л.Пүрэвбаатар томилогдож, тэрбээр төсвийн мөнгөөр өөртөө “гутал” авч өмсөөд явж байна.

Эдгээр мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж, түүний тансаглал ил болсны дараагаар Орос, Монголын хамтарсан шалгалт УБТЗ-д оржээ. Аудитын ерөнхий газар 7 хоногийн хугацаатай шалгалт оруулсан гэнэ. 1.5 тэрбум төгрөг бол Оросын талын хувьд их  мөнгө. Ийм учир энэ мөнгийг гаргахын тулд зөвшөөрөл авах мөнгө гаргах зөвшөөрлийн 1-р гарын үсгийг замын дарга, 2-р гарын үсгийг орос нягтлан нь зурах ёстой байдаг гэнэ. Эдгээр гарын үсгийг зурсан уу гэдэг нь ч анхаарал татаж байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны Оросын талын дарга В.В.Морозовын хувьд энэ асуудлыг мэдэж байсан уу. Мэдсэний дараагаар шалгалт оруулав уу. Хэвлэлээр Якунины удирдлагаар Л.Пүрэвбаатарыг томилсон гэх мэдээлэл цацагдаж байсан. Энэ бүгдийг холбон таамаглавал Якунины урилгаар УИХ-ын гишүүн Г.Батхүү Орост очиж байсан. Мөн Түүний урилгаар ч Якунин ирж байсан аж.

ТӨХ-ны дарга ажлаа өгсөн. Түүний асуудал УБТЗ-ын даргын тансаглалын талаарх баримт бичиг цацагдсантай холбогдсон гэж бичигдээд байгаа. Харин ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж ажлаа өгсөн учир түүний оронд томилогдох дараагийн хүн нь “Алтангадас” фракциас байх нь гэх ч яриа гарч эхэлжээ.

Х.Мөнх-Эрдэнэ

Х.Мөнх-Эрдэнэ

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих