УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг өнөөдөр /2015.03.25/ хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл уулзалтын эхэнд ноён Сомнат Гоштой уулзаж буйдаа талархаад энэ онд Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил тохиож байгаад баяртай байгаагаа дуулгасан юм.

zaluu_5513594fa954a_1

Ноён Сомнат Гош Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлийг цаг зав гарган хүлээн авч буйд баяртай байгаагаа дуулгаад ирэх 5 дугаар сард хийгдэх Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр айлчлалын үеэр хийгдэх гэрээ хэлэлцээ болон зохион байгуулалтын талаар саналаа хэлээд Монголын тал айлчлалд бэлэн байгаа эсэхийг тодруулж байсан.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Монгол Улсын Засгийн газар түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, гуравдагч хөрш” орны нэг хэмээн үздэг бөгөөд харилцаагаа цаашид түвшин ахиулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг илэрхийлээд эдүгээ Монгол, Энэтхэгийн “Иж бүрэн түншлэлийн харилцаа” хоёр орны ард түмний эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай буйгаа дурдлаа.

Мөн тэрээр энэ оны 5 дугаар сард манай улсад айлчлахаар төлөвлөж байгаа Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалд монголын тал чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд айлчлал нь энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хамгийн чухал хэсэг болохыг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлал нь хоёр орны улс төрийн яриа хэлэлцээ, өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалах, түүнчлэн иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх бидний хамтын зорилтыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгааг илэрхийлсэн.

Айлчлалыг энэтхэгийн талаас санал болгож буй 5 дугаар сарын 16-17-нд хэрэгжүүлэхэд монголын тал бэлэн байгааг дуулгаад айлчлалын үеэр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд ардчилал, энх тайван, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд Н.Моди манай УИХ-ын танхимд зочлон ирж үг хэлэх нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг болно хэмээн үзэж байгааг илэрхийлсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих