Аяга тавга угаагч, цэвэрлэгч бодисууд эрүүл мэндэд хортой
Гэр орон цэвэр байх нь эрүүл саруул явахын нэг үндэс. Тиймээс ч аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодис та бидний өдөр тутмын хэрэглээ болсон.
Гэхдээ цэвэрлэгээ хийхдээ хамгийн хатуу, хамгийн супер бодисыг сонгож аваад нэг мөр, “нам” цэвэрлэх гээд хэтрүүлээд байдаг талтай. Хүчтэй, гаж нөлөө ихтэй химийн бодис сонгож авснаар бид өөрсдийн эрүүл мэнддээ хор хүргэж байгаагаа тэр бүр мэддэггүй.
Гэтэл эдгээр хамгийн “нам” цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь химийн хүчтэй бодисууд байдаг. Эдгээр бодисууд нь багтраа буюу астма үүсгэх, нүд ба хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил эхлүүлэх гаж нөлөөтэй байх нь олонтаа. Тиймээс аяга таваг угаагч, ариутгагч, цэвэрлэгч бодис авахдаа шошго дээрх найрлага, орц, зааварчилгааг маш сайн уншиж байж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөөгүйг нь сонгож авах хэрэгтэй юм.
Ихэнх аяга таваг угаагч нь аммоны сульфат, дээд спиртүүд, хлор, бисульфат, өнгө, үнэр оруулагч бодисуудыг агуулсан байдаг тул аяга таваг, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг угааж цэвэрлэсний дараа маш сайн зайлж цэвэрлэх шаардлагатай байдаг.
Энэ мэтээр ахуйн химийн бодисууд нь таагүй үр дагавар ихтэй болохоор аюулгүй, сөрөг үр дагаваргүй гар доорх хамгийн энгийн хэрэгсэл, бодис ашиглан цэвэрлэгээ хийх боломж ямагт байдгийг санаж байх хэрэгтэй. Тухайлбал:
Хүнсний сод нь аяга, таваг, савыг элдэв толбо тосноос бүрэн арилгадаг.
Нимбэгний шүүс нь зэв арилгана, шил, толийг маш сайн цэвэрлэн өнгө оруулдаг.
Хүнсний уксусыг /манайхан “орос цуу” гэж хэлээд сурчихсан байдаг/ цайны жижиг халбага хоёрыг 1 литр усанд хийчихсэн байхад л шил, толь, плита цэвэрлэх маш сайн уусмал болдог.
URL: