Шинээр тэтгэвэрт гарсан нэг ч иргэнд мөнгө олгоогүй байжээ
ШӨХТГ-аас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын санд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээллээ. Шалгалтаар Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болон тэтгэвэр, тэтгэмжийг дамжуулан олгохдоо банкуудад чөлөөтэй өрсөлдөх нөхцөлөөр хангаагүй, өрсөлдөөнийг хязгаарлан зарим банкинд давуу байдал олгосон нь илэрчээ. Тухайлбал, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгох үйлчилгээний 45 гаруй хувийг дангаар гүйцэтгэдэг ХААН банкинд нийт хадгаламжийн 2.3 хувийг байршуулсан байхад Капитал банкинд 35.7 хувийг байршуулсан байна.Мөн тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээний чанар хангалтгүй байжээ. Мөн шалгалтаар тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй, нэрийн дансыг мөнгөжүүлээгүй байжээ. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль 2015.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр байгаа юм байна. Гэтэл уг хуулийн хүрээнд 2015 онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 15041 эмэгтэй даатгуулагч байгаагаас нэгдүгээр сард тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 1435 даатгуулагч байгаа бол өнөөдрийн байдлаар тухайн хуулийн хүрээнд нэг ч иргэнд тэтгэвэр олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуульд заасан өмнө нь хэрэгжиж байсан аргачлалаар тэтгэвэр тогтоогдон олгогдож байсан гэнэ. Хууль хэрэгжихгүй байгаа шалтгааны талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын удирдлагуудын зүгээс “тэтгэврийн даатгалын нэрийн дансыг хийсвэрээр бичилт хийж байснаас мөнгөжүүлээгүйтэй холбоотой” гэжээ. Тиймээс ШӨХТГ-аас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, аривжуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, холбогдох дүрэм, журмуудыг хууль тогтоомжид нийцүүлэх, Даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг байршуулахдаа банкуудад чөлөөтэй өрсөлдөх боломж, нөхцөлөөр хангаж, сонгон шалгаруулалт явуулах шаардлагыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлжээ.
/НДСангийн хөрөнгийг байршуулсан байдал/
№ | Банкнынэр | Дүн | Харилцах /төг/ | Хадгаламж /төг/ |
1 | Голомт банк | 29,156,660,061.6 | 9,156,660,061.6 | 20,000,000,000.0 |
2 | Капитал банк | 209,487,284,256.8 | 19,487,284,256.8 | 190,000,000,000.0 |
3 | Капитрон банк | 13,237,615,980.1 | 6,237,615,980.1 | 7,000,000,000.0 |
4 | Төрийн банк | 157,817,571,396.3 | 67,817,571,396.3 | 90,000,000,000.0 |
5 | Төрийн сан | 84,236,628,956.3 | 84,236,628,956.3 | |
6 | Улаанбаатар хотын банк | 178,225,852,275.6 | 23,225,852,275.6 | 155,000,000,000.0 |
7 | Үндэсний хөрөнгө оруулалтын банк | 15,193,592,929.3 | 193,592,929.3 | 15,000,000,000.0 |
8 | ХААН банк | 59,156,608,096.5 | 47,156,608,096.5 | 12,000,000,000.0 |
9 | Хасбанк | 918,584,692.7 | 918,584,692.7 | - |
10 | Худалдаа хөгжлийн банк | 7,367,791,581.6 | 7,367,791,581.6 | - |
11 | Чингис хаан банк | 54,205,637,730.6 | 11,205,637,730.6 | 43,000,000,000.0 |
12 | Солонгос үрий банк | 7,276,000.0 | 7,276,000.0 | - |
13 | Солонгос Кеббанк | 4,488,000.0 | 4,488,000.0 | - |
14 | Солонгос Шинхан банк | 12,954,000.0 | 12,954,000.0 | - |
15 | Засгийн газрын бонд | 90,000,000,000.0 | - | - |
Нийтдүн | 899,028,545,957.4 | 277,028,545,957.4 | 532,000,000,000.0 |
Эх сурвалж: www.polit.mn
URL: