“Тав алхаад л траншейнд унах аюул таныг ч бас отож байна”

Траншейний нүхэнд унаж амиа алдсан хэн нэгний тухай харамсалтай гэхэд ч багадам мэдээ үе үе сонсогдох боллоо.

Мөрөөрөө явж байгаад л хальт гишгээд харамсалтайгаар нөгөө ертөнцөд одно гэдэг амь бүхнээс үнэтэй хэмээн тунхагладаг соёлт ертөнцөд байж болох хэрэг гэж үү. Уул уурхайн ордын хавьд ч юм уу, өөр хаа нэгтээ ухсан нүхэнд унасан бол одоо яая гэхэв гэж “цагаатгаж” бодож болох. Гэтэл нийслэлийн төвд гарах ийм эмгэнэлт хэргийн тоо өссөөр байгаад сэтгэл эмзэглэхгүй байхын арга. алга. Хэдхэн сарын өмнө найман настай жаахан охин таггүй траншейнд унаж алтан амиа алдсан хэрэг гарсан.

Ердөө хэдхэн хоногийн өмнө ажлаа хийж явсан сэтгүүлч мөн л ийм тохиолоор бурхны оронд одов. Орон гэргүй, орц хонгилоор хэсүүчилж явдаг хүмүүсээс ийм байдлаар хорвоог орхигсод ч олон бий байх. Харамсалтай нь, траншейг тагтай байлгах талаар хэн ч анхаардаггүй, хэн нэгэн тэр нүхэнд унаад амиа алдлаа гэхэд байдаг л нэг явдал хэмээн хүлээж авсаар дассанд гол аюул байна. Нийслэлийн холбогдох албаныхан ч “асуудал” үүсэхээр доод хүмүүстээ баахан үүрэгдчихээд дараа нь мартдаг бололтой.

ХАРАНХУЙ НҮХ ДАХИН ХЭДЭН ХҮНИЙГ “ЗАЛГИХ” ВЭ

Нийслэлийн хэмжээнд 17 мянга 700 гаруй траншей байдаг ба эдгээрийн цөөн бус нь таггүй. Хотын хаана ч явсан хэд алхаад л тагтай, таггүй онгорхой хар нүхийг тойрч, үгүй бол дээгүүр нь харайж гарах хэрэг гардгийг захын хэн ч хэлэх вий. Уг нь нийслэлийн ЗДТГ-ын Инженерийн байгууламжийн алба траншейг хариуцдаг аж.

Тус албаны мэргэжилтнээс энэ талаар тодруулахад, “Хариуцсан хүн нь байхгүй, Солонгос явсан” гэсэн атлаа “Манайх хариуцдаггүй, хариуцдаг байгууллагад нь онгорхой траншейнаа бөглө гэж даалгавар өгдөг ч арга хэмжээ авдаггүй. Тэгээд ч иргэд согтуу явснаасаа болж траншейнд унан амь насаа алддаг. Эрүүл ухаантай хүн унасан тохиолдол гараагүй” хэмээн хэлсэн юм.

Үнэндээ нийслэлд траншейний тагийг чухам хэн хариуцдагийг мэдэх хүн олдсонгүй. Зарим албаны хүний яриагаар бол ус суваг, орон сууцны конторынхон л ерөнхийдөө ойр орчмынхоо траншейг хариуцдаг бололтой. Траншейны ганц нэгийг таглаж арга хэмжээ авдаг ч хулгайчдын гараар ороод төмөрт тушаагддаг байна. Зах зээлийн ханшаар бодоход нэг төмөр таг 40-50 мянган төгрөгеөр үнэлэгддэг гэж бодохоор “урт гартан”-уудын өгөөш болохоос ч аргагүй аж.

Нөгөө талаар траншейний нэг төмөр тагны үнэлгээ 120-130 мянган төгрөг. Тэгэхээр нийслэлийн бүх онгорхой хар нүхийг тагтай болгоё гэвэл багагүй хөрөнгө мөнгө зарах нь. Зах зухаас нь хөрөнгө мөнгө гарган таглалаа ч хулгайчийн гараар орж, төмрийн хайлш болоод байвал ямар хэрэг байх вэ. Хулгайд алдчихдаг гээд таггүй траншей байлгаад байж мэдээж болохгүй. Харанхуй нүхэнд дахиад хэдэн хүний амь нас үрэгдэхийг хэн ч хэлж мэдэхгүй.

Чингэлтэй дүүргийн V хороо, дөрөвдүгээр байрныхан анзаарахгүй бол аюул ойрхон байгааг сэрэмжлүүлье. Тэндхийн хүүхдийн тоглоомын талбайн дэргэд дараалсан хоёр онгорхой нүх байх ба бяцхан үрсийн тоглож наадах алгын чинээ орчинд аюул, айдас дагуулсаар байна. Саяхан “Зоос гоёл”-ын ойролцоох онгорхой нүхэнд мөн л хүн эндсэн хэрэг гарсан. Тэндхийн замд хучилт хийсэн компани траншейний тагийг авснаас золгүй хэрэг гарчээ.

Энэ мэтээр хэнэггүй, сэтгэлгүй хүмүүсийн балгаар эрдэнэт хүний амь нас үрэгдсээр байгаа нь эмгэнэлтэй. Холбогдох албаныхан ч “Хөрөнгө мөнгө гарган хийсэн тагаа хулгайд алдчихдаг, яаж ч таглаад нэмэргүй” гэсэн тайлбар өгөөд сууж байгаа нь хуулиар хүлээсэн үүрэгт нь дэндүү харш юм. Тэгвэл ийм хүмүүст өгөх хариулт бас байна.

ХУЛГАЙЛАГДДАГГҮЙ, ХЯМД ТАГ БАЙНА, ЦААНА ЧИНЬ

Дархан-Уул аймагт гялгар уут, хуванцар сав зэрэг хаягдал материал ашиглан траншейний таг хийдэг жижиг дунд үйлдвэр байдаг. “Сан Оргиу” гэх тус компанийн үйлдвэрлэдэг нэг тагны үнэ 49500 төгрөг аж. Компанийн захирал З.Олонбаярын ярьснаар жилд захиалгаар I000 орчим таг үйлдвэрлэдэг байна. Ширмэн төмөр тагийг бодоход хөнгөн, төмрийн хулгайчид алдахгүй зэрэг давуу талтай гэнэ. Хуванцар савыг сайтар нягтруулж хийсэн учраас норж элэгдэхгүй.

Нийслэлийн Үс сувгийг удирдах газар, “Ус-Оюу” компани, орон сууц, нийтийн аж ахуйн конторууд захиалгаар худалдан авдаг аж. Тэднийхээс нийслэлийн захиргаанд бүтээгдэхүүний танилцуулга зэргээ явуулдаг ч хулгайд алдагдахгүй, хөнгөн, чанартай, үнэ хямд уг тагийг сонирхож хандсан нь үгүй гэнэ.

Уг нь “Сан Оргиу”-гийн тагийг хэрэглэвэл хаана хаанаа хэрэгтэй л баймаар. Гэтэл төмөр тагтайгаа “зууралдаж”, магадгүй төсвийн мөнгө сааж суух сонирхолтой хэсэг этгээд ч байдаг бололтой. Хүний амь нас ер юу ч биш аж. Тиймээс нийслэлийн холбогдох албаныхан траншейнуудыг тагтай болгох асуудалд нэн даруй анхаарахгүй бол асуудал ар араасаа хөврөөд л байх нь байна шүү.

Харанхуй нүхэнд унасан болгоныг тэр бүр аз дайрахгүй. Хэдэн сарын өмнө найз минь ХУИС-ийн дэргэд байрлах таггүй траншейнд унаж хүнээр татуулж гарсан юм. Азаар гэмтэж бэртээгүй. Харанхуй шөнөөр биш, гэгээн цагаан өдөр хичээлдээ явах замдаа л … Урдах замаа хараагүй хэрэг. Тухайн үед бид инээдэм болоод л өнгөрсөн. Дараа нь золгүйгээр амиа алдсан хүний тухай сонсоод “найз минь хэрвээ…” гэсэн бодол төрж, айдас төрсөн билээ.

“Өөрсдийн санамсар болгоомжгүйгээс, архи ууж хөлчүүрхэж яваад гэмтэж бэртэн, амь насаа алддаг” гэсэн албаны хүний үг дэндүү хариуцлагагүй, хүн ёсны сэтгэлгүй, хүйтэн хөндий сонсогдоно. Тав алхаад л траншейнд унах аюул Таныг ч бас отож байгаа шүү, нийслэлчүүд ээ. Болгоомж, сэрэмжтэй байгтун!

С.Дуламсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих