”MАХ” нам, ”Number one” …

МАН-ын дарга С.Батболдын төрсөн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн барьсан хамгийн том бэлэг энэ. МАХН нэрээ сольж, МАН-ыг байгуулсны дараа МАХН-ыг шинээр байгуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдөл гаргасны дараа Дээд шүүх уг асуудлыг дангаараа шийдэхээс татгалзаж, Үндсэн хуулийн Цэц рүү шидсэнээр бүтэн гурван сарын хугацаа хожсон билээ. Үүнээс болж Н.Энхбаяр гуай ч сэтгэлээр “навс” явсан даа, нэг хэсэг. Уг нь мань хүн жил бүрийн зургаан сарын 1-нд Их тэнгэр дэх харшдаа төрсөн өдрөө тэмдэглэж, түүндээ энэ хотын хэдэн өнчин ядуу хүүхдүүдийг аваачиж хоол өгдөг байв даа. Хэдэн бор хүүхэд тойруулчихаад голд нь муур багш шиг суугаад нэг нэгээр нь толгойг нь илсэн шиг хөөрхөн зураг TV9 телевизэр жил бүр гардаг байв даа. МАХН байхгүй болсноос хойш тэр ч бүр байхгүй болсон шүү. Хөөрхий, тэр хүүхдүүд яасан бол ч гэх шиг… Сүүлийн үест траншейны хүүхдүүдийн бараа харагдахаа байгаад байгаагийн бас нэг шалтгаан нь тэр байж ч магадгүй шүү.

Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын даргын төрсөн өдрөөр МАХН-ын даргад түүнээс ч том “сюрприз” барьсан нь МАХН-ын нэрийг Улсын дээд шүүх бүртгэж авсан явдал. Яах вэ, үүгээрээ Ерөнхийлөгч манайх шиг ардчилсан улс оронд хүн бүр үзэл бодлоороо эвсч нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй аль нэг нам, улс төрийн хүчний ашигсонирхлоор түүнийг нь хаан боож болохгүй гэдгийг л ойлгуулах гэсэн хэрэг л дээ, МАН-ын дарга нарт.

Харин МАХН-ын дарга үүнийг нь ойлгоогүй юм уу, ойлгосон ч тийм гөжүүд хүн үү. Тэр МАХН гэдэг шинэ нам байгуулснаа /жинхэнэ МАХН нь барилга байшин, тамга тэмдэгтэйгээ У.Хүрэлсүхийн мэдэлд очоод байгаа/ умартаад, экс МАХН-ыг сүүлийн 20 жилийн түүхтэй нь тээж яваа мэтээр өөрийгөө сэтгэдэг бололтой. Хэрвээ ингэж ярих юм бол юун намтай мантай болно л доо.

Гэхдээ нэг талаас бас түүний зөв. Намыг өөрчилж болох боловч хүнийг өөрчилж болдоггүй юм байна. Тэр тусмаа “Таван нохойг тууж болдоггүй, тавин настныг сургаж болдоггүй” гэж үг байдаг. Тиймээс МАХН-ын нэрийг шинээр авсан Н.Энхбаяр яг 1997 онд МАХН-ын даргаар гарч ирж байсан шигээ аашилж байна. Үүнийг нь түүний сүүлийн хэд хоногт хэвлэлүүдээр хийж байгаа сүржин мэдэгдлүүдээс харж болно.

100 хувь төрийн өмчид байгаа Тавантолгойн ордыг 100 хувь ард түмэндээ хувааж өгнө гэж “өмөөрөх” болсон энэ эрхмийн хамгийн сүүлд хийсэн мэдэгдэл нь бүр ч ноцтой. Монгол Улсын Ерөнхийлөгч, “number one” байхдаа долдугаар сарын 1-нийг үдэж, Онц байдал зарлаж, онц байдлын штабыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар удирдуулж байсан энэ хүний МАХН-ыг Улсын дээд шүүхэд бүртгүүлмэгцээ хийсэн мэдэгдэл нь “Долдугаар сарын 1-ний хэрэг МАНАН-гийн үед /МАН, АН-ын Засгийн газрын үед гэж байгаа бололтой/ илрэхгүй” гэдэг үг. МАХН ялж гараад л илрүүлэх нь л дээ.

Илрүүлэхийг хүссэн бол мань хүн өнөөдөр ч гэсэн “Цагдаад буудах тушаалыг би өгөөгүй, тэр өгсөн” гээд л хэлчихэд болоо шүү дээ. Харин тэр таван хүний амь хөнөөсөн хар хэргийг ирэх сонгуулиар намдаа оноо авах зэвсэг болгон ашиглаж байна. Яг 2000 оны сонгууль шиг. Тэр үед МАХН “С.Зоригийн хэрэг Ардчилсан холбоо эвслийн үед илрэхгүй” хэмээн сонгуульд орж байсан юм. Танил биш байна гэж үү. Үр дүнд нь МАХН 72 суудал авч, ардчилсан хүчин ганц суудалтай үлдсэн. Тэгээд С.Зоригийн хэрэг илэрсэн үү? Хуучин “МАХ” нам, шинэ “МАХ” намын ганц адил тал нь энэ.

Хүүхдүүд нэг ийм анекдот гаргасан байна лээ. “Нэг үгтэй онигоо: Арго. Хоёр үгтэй онигоо: Арго багш. Олон үгтэй онигоо: Арго багшийн зохиосон гадаад хэлний сурах бичиг” гэж. Харин улстөрд бол, “Нэг үгтэй онигоо: Н.Энхбаяр. Хоёр үгтэй онигоо: Н.Энхбаяр ба МАХН. Олон үгтэй онигоо: Н.Энхбаяр, МАХН, Ц.Шинэбаяр…”.

А.ШАРХҮҮ


URL:

Сэтгэгдэл бичих