Эрээнд амиа алдсан эмэгтэй хэн болох нь тодорхойгүй байна

ereenБНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Албан бус эх сурвалжаас ирүүлсэн энэхүү мэдээллийг авсан даруйдаа Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Б.Болдтой холбогдоход  “Манай улсын иргэн Эрээн хотын нэгэн дүүрэгт амиа алдсан нь үнэн. Гэхдээ хэн болох, ямар учраас амь насаа алдсан эсэх нь тодорхойгүй байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл талийгаачийг амиа алдсан өдрийн маргааш буюу энэ сарын 18-нд Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас Гадаад хэргийн яаманд албан ёсоор мэдэгдсэн байна. Уг албан бичигт “Монгол Улсын иргэн 40 гаруй настай эмэгтэй 2015 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 02.00-03.00 цагийн хооронд Эрээн хотын Дүнчин дүүргийн нутаг“Ан Тай” зочид буудлаас урагш байрлах ердийн галалгаатай шавар тагзанд нас барсан байна” гэжээ. Түүнчлэн талийгаачийг“Бичиг баримтгүй, хэн болох нь тодорхойгүй, удаан хугацаанд харлаж амьдарсан байх магадлалтай” гэсэн байна. Одоогийн байдлаар хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

Д.ТӨРБАТ


URL:

Сэтгэгдэл бичих