Өнөөдөр ХӨСҮТ-д үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Өнөөдөр дэлхий нийтээр гепатит өвчинтэй тэмцэх өдөр. Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран мэдээлэл хийлээ.

Дэлхийн хэмжээнд гепатит өвчний тархалт хурдасч, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өнгөрсөн оны тавдугаар сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар жил бүрийн долдугаар сарын 28-ныг Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

Энэ тэмдэглэлт өдрийн хүрээнд буюу өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд бүх насныханд үзлэг шинжилгээ хийх, вакцинжуулалтад хамруулах, уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй иргэдэд хүргэхээр уртасгасан цагаар ажиллах аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ жил анх удаагаа “Вируст гепатитын халдварт хэн ч, хаана ч өртөх эрсдэлтэй. Үүнийг мэд, үүнтэй тэмц” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ.

Дашрамд сонирхуулахад, дэлхийн гурван хүн тутмын нэг нь элэгний В вируст гепатитын халдварт өртөж, 12 хүн тутмын нэг нь элэгний В, эсвэл С вирусын архаг халдварыг тээн амьдарч, жилд нэг сая гаруй хүн гепатит өвчний улмаас нас барж байна гэсэн судалгаа байдаг ажээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих