Ж.Мөнхбат: МАН засгаас гарахгүй гэж үүрэг хүлээгээгүй
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.
-2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа тэр үймээн самуунд оролцсон хүмүүсийг Өршөөлийн хуулиар сулласан. Бас хохирсон аж ахуйн нэгжүүдийн хохирлыг яаж барагдуулах гэж Хохирлыг нөхөн барагдуулах хууль баталж тэр хуулийн хүрээнд асуудлыг шийдсэн. Хохирлоо шийдүүлсэн байгууллагуудын нэг нь л МАН. Манай хохирлын хэмжээг хөндлөнгийн гурван ч компани аудит үнэлгээ хийж, эцэст нь Сүхбаатар дүүргийн шийдвэрээр тогтоосон. Бүх асуудал хуулийн хүрээнд шийдэгдсэн, нэгд. Хоёрт, гэвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар улстөрийн нам хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх эрхтэй. Тэр дагуу л бид Тусгаар тогтнолын ордны зарим өрөөгөө түрээслүүлж хэдэн ажилтнуудаа цалинжуулаад явж байгаа. Хууль ном нь ийм байхад нэг намын дотоод хэрэгт оролцдог, үл хөдлөх хөрөнгөд нь халдах гэж оролдох бол увайгүй улстөр л дөө.
-Хуучнаар Лениний музейн байрыг музей болгоно гээд авсан. Одоо Тусгаар тогтнолын ордныг авбал ямар зориулалтаар ашиглана гэж байгаа вэ
-Музей болгох гээд байна, Лениний музей байрлаж байсан хотын намын хорооны байраа өг гэсэн. Бид үнэхээр музей болгох юм байх гээд өгсөн. Гэтэл өнөөдөр сонсохнээ музей болгохоо больсон сурагтай. Төрийн нэрээр ийм явуургүй улстөр хийж болохгүй л дээ. Хэрвээ намын өмч, байрны асуудал хөндөх гэж байгаа бол АН-д төрөөс дөрвөн байр өгсөн.
Төв шуудангийн өмнөх одоо үйл ажиллагаа явуулж байгаа байр. Зориг сангийн байр, Соёлын төв өргөөний хүзүүвчинд байсан байр, МоАХ-ны байр гээд. Эднийг бас л Засгийн газрын шийдвэрээр тухайн үеийн МҮДН, МҮАН, МСДН, МоАХ-д өгсөн. Эдгээр намууд нэгдэж АН болсон. Асуудлыг адилхан л тавья. Тэгвэл АН ч гэсэн энэ дөрвөн байраа хураалга. XXI хороололд байгаа МоАХ-ны байрыг нь Ардчиллын музей болгоё, энэ хүзүүвчинд байсан газар дээр нь УИХ-ын номын сан барья. Нөгөө хоёр байранд нь угаасаа хүрэлцэхгүй байгаа хүүхдийн цэцэрлэг байгуулъя л даа. Бид буцааж өгдөг, тэд булзаж бултдаг нь шударга бус биз дээ. Жишээ нь, миний сонссоноор Соёлын төв өргөөний хүзүүвчинд байсан байраа манай арилжааны нэг банкинд 2-3 тэрбум долларын барьцаанд тавиад, төлж чадахгүй газраа тэр банкиндаа зарж буй сурагтай. Бас АН-ын зарим байр нь хувь хүний нэр дээр байдаг юм байна. Нам ийм том өмчөө алчуур болгоод зүгээр бэлэглэхгүй нь тодорхой, худалдсан л байж таараа. Энэ бүгдийг хэвлэлийнхэн та нар сонирхох хэрэгтэй, бид ч өөрсдийн шугамаараа судална.
-Гэхдээ Тусгаар тогтнолын ордныг төрд авна гээгүй, төрөөс олгосон 11 тэрбум төгрөгөө буцааж төл гэсэн юм биш үү
-УИХ-ын баталсан нөхөн олговрын хууль, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрт буцааж олгоно гэсэн заалт байхгүй. Хэрвээ УИХ-ын хуулиар олгосон нөхөн олговрыг улстөрийн шалтгаанаар буцаах гэж байгаа бол 2008 оны хэрэг явдлыг өдөөж турхирч, тэр нь хуулийн байгууллагаар нотлогдоод эцэст нь дээрх хуулиар өршөөгдсөн тэр хүмүүсийнхээ хэргийг ч дахин сөхөх хэрэгтэй.
-Тэр нь хэн хэн байдаг юм бэ
-Магнай, Батзандан гээд олон л хүн байдаг биз дээ. Долоон сарын нэгний хэргийг хэн өдөөн турхирсан нь ард түмэнд дэндүү тодорхой, баримт бичлэгүүд нь одоо хүртэл байгаа
-Уг нь танай хоёр нам хамтраад засаг барьж байгаа биз дээ, яагаад ийм мэдэгдэл хийсэн юм бол. АН-ын албан ёсны байр суурь биш байлгүй дээ
-Биш байлгүй дээ л гэж найдаж байна. Хийж байгаа хүн нь АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн л гэсэн байх аа. Бид уг нь намын байр булаацалдаж, нэгэнт батлаад, мөрдөөд долоо найман жил болж байгаа хуулийн үйлчлэлийг буцаах тухай маргах гэж засагт ороогүй л юмсан.
- Ер нь МАН яах гэж хамтарсан Засгийн газарт орсон бэ. Тэр зорилго биелж эхэлж байна уу
-2012 оны наймдугаар сард биднийг засгийн эрх хүлээлгэж өгөхөд улсын эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй, дөрвөн тэрбум долларын валютын нөөцтэй, цалин тэтгэврийг 53 хувиар нэмчихсэн байсан гээд яривал олон тоо хэлнэ. Гэтэл 17 мянган метрийн өндөрт явсан “Монголын эдийн засаг” гэдэг онгоц жолоодлогоо алдан огцом унаж эхэлсэн. Энэ уналтыг зогсоох хэрэгтэй байсан. Яагаад гэвэл МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж байхгүй. Хүнд хэцүү үед нь улсынхаа эдийг засгийг газарт унаж дэлбэрэхийг нь хараад суух эрх бидэнд байгаагүй. Ачааны хүндээс үүрэлцье л гэсэн. Нэгэнт хамтрагч маань ганцаараа ачаа даахгүй нь гэдгээ хүлээн зөвшөөрч, хадгаа бариад ирж байхад унаж яваа онгоцны хошууг буцаагаад өлийлгөх нь харин ч бидний үүрэг гэж үзсэн. Одоо эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай байх шиг байна. 17-гоос зургаа хүртлээ унасан шүү дээ. Үнэхээр 2016 оны сонгуульд үзүүлэх улстөрийн амжилтаа бодсон бол, засагт орохгүй, хөндлөнгөөс л шүүмжлээд л явж байх нь бидэнд амар, МАН-ын рейтингэд хэрэгтэй л байсан. Бид 2016 оны сонгуульд үзүүлж болох амжилтаараа дэнчин тавиад л орсон . Сөрөг хүчин учраас бидэнд олон мэдээлэл хаалттай байлаа. АН-ынхан бидэнд зарим зүйлийг худлаа хэлсэн л байсан. Ганц жишээ хэлэхэд, улсын өр ДНБ-ний 49 хувьтай тэнцэж байгаа, 40-өөс дээш гаргахгүй гэсэн хуулийн заалтыг есөн хувиар л хэтрүүлсэн яваа гэсэн. Гэтэл Сангийн яамаа аваад үзтэл 58 хувьд хүрчихсэн байх жишээтэй. Гэхдээ нэг зүйлийг зориуд хэлье. Засагт хамтарна гэдэг бол хамтарч хуйвалдахын нэр биш. Манай нам хуулийн хүрээнд, хамтарч ажиллахаар байгуулсан гэрээгээ л мөрдөж ажиллана. Өөрөөр хэлбэл, хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болж явнаа л гэж байгаа.
-Ерөнхий сайд асан Сү.Батболд нэг ярилцлагадаа “машинаар бол бид бензиний шар гэрэл нь асчихсан машинд ороод суучихлаа” гэсэн байсан. Одоо тэр шар гэрэл унтарсан болов уу
-Асчихсан тэр шар гэрлийг унтраахын төлөө л бид засагт орсон. Одоо бол ямарч гэсэн бензиний хянахын зүү дээшээ гозойж эхэлсэн.
-Эдийн засгийн утгаас гадна хуулийн шинэчлэл, тухайлбал, Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж тохирсон биз дээ
-Хоёр намын харилцан ойлголцол, зөвшилцлийн баримт бичигт тусгаснаар бол энэ хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцэж батална. Наадмаас өмнө батална гэдгээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр өөрсдөө манай намын бүлэг дээр орж ирж хэлсэн. Үндсэн хуулийн хувьд ажлын хэсэг байгуулсан, дүгнэлтээ танилцулаагүй байна. Үнэнийг хэлэхэд УИХ-ын даргын томилсон ажлын хэсэг, дарга бүрэлдэхүүнийг нь хараад миний хувьд Үндсэн хуулийг өөрчилчих юм байна гэсэн итгэл үнэмшил төрөөгүй, юу л бол доо.
-Засагт хамтарснаар Үндсэн хуулийг өөрчилж, засаглалын хямралыг засах юм байна гэж олон хүн найдаж байсан. Гэтэл таны хэлж байгаагаас харвал олон түмний тэр хүлээлт бүтэхгүй нь бололтой. Тэгэхээр засагт хамтарсны үр дүн олон түмэн дээр бол нэг их гарахгүй юм биш үү
-Манай намын хувьд хамгийн гол нь эдийн засгийн уналтыг зогсоох байсан. Зогсоож эхэлж байна, хамтарсны хүчинд бий болж байгаа энэ амжилтыг чамлах хэрэггүй л дээ. Ядаж л гадаад ертөнцөд эерэг дохио очиж эхэлсэн. Сая ердөө хоёрхон жилийн дотор 54 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж, гадаадын хөрөнгө оруулагчдын 50 хувь нь офиссоо цоожлоод Монголоос гараад явлаа ш дээ. Гадаад ертөнцөд төр засаг нь тогтворгүй, бодлого нь залгамж чанаргүй, итгэх итгэл суларчихсан байлаа. МАН орж ирсэнээр гадаад ертөнцөд засаг нь тогтвортой байх юм байна гэсэн итгэл сэргэж эхэлж байна. Дотоодод ч гэсэн одоо л нэг тогтвортой байх болов уу, эдийн засаг сэргэх байх гэж итгэж байна. Итгэл бол хамгийн чухал. Эргэж ирж байгаа итгэлийг хамтарсны үр дүн биш гэж болохгүй.
-Сонгуулийн хуулиар яг юу юу тохирсон бэ. Жишээ нь хар машинаар санал тоолох уу.
-Ерөнхий зургаа зөвшилцлийн ажлын хэсгүүд дээр тохирсон. Хэрвээ нэр дэвшигч хүсэлт гаргавал хар машины зэрэгцээ бүх саналын хуудсыг гараар тоолно, маргаан гарч тоо зөрвөл гар тооллогыг баримтална гэж тохирсон.
-Тойргийг жижигрүүлэх үү
-Жижигрүүлнэ гэж байгаа. Жижиг мажоритор давамгайлна, пропорционолийн элементийг багасгана гэж байгаа. Жишээ нь нэг аймаг бүхлээрээ нэг тойрог хэрнээ дотроо 2-3 мандаттай болж нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөөд явдаг. Энийг болино.
-Гэхдээ 76-гуулаа мажоритор биш биз дээ
-МАН бол 76 жижиг мажоритор дээр юм байна гэж байгаа . УИХ аль болох л ард түмнээс мандат авсан хүмүүсийн төлөөлөл байх ёстой. Бидний орон нутгаар явсан уулзалт бүр дээр “энэ намын жагсаалтаар УИХ-д оруулдгийг болиулмаар байна, ард түмний төлөөлөл юм бол ард түмнээсээ л сонгогдох ёстой” гэдэг. Төрөө эмхлэн байгуулахдаа ард түмнийхээ хүсэл сонирхолд нийцүүлж ил тод явуулах ёстой. Өөрөөр хэлбэл “үгүй ээ гээд хаалгаар хөөгөөд гаргахад тооноор ороод ирдэгийг” болиулах хэрэгтэй гэж снгогчид шаардаж байгаа юм.
-Өмнө нь листэнд орсон хүн дахин листэнд орохыг хориглох уу
-Энийг бид нам дээрээ албан ёсоор яриаагүй байна. Гэхдээ листээр нэг удаа сонгогдсон хүн дахин листэнд бичигдэх нь олон түмний эсэргүүцэлтэй тулгарах л юм билээ . Улстөрийн нам олон түмний итгэлийг авахын тулд нийгмийн эсэргүүцлэлтэй тулгарахаас зайлсхийж, сонгогчдоо хүндлэтгэх ёстой. Төрийг бүрдүүлдэг тогтолцоо, механизм нь ил тод, олон түмний таашаалд нийцсэн л байх ёстой. Хэрвээ тэр нам тунаглаг байж чадахгүй бол сонгуулийн босгоо давахгүй ч байж болно. Босгоо давж пропорциональ элементээр олон санал авъя, олон суудалтай болъё л гэж байгаа бол намын листэнд багтах хүмүүс бол шилэгдмэл, эерэг нэр хүндийн цуглуулга л байх ёстой.
-Сонгуулийн хуулийг тохирсноороо хуульчлахгүй бол МАН засгаас гарах уу
-Сонгуулийн хуулийг өөрчлөх ерөнхий зарчим, батлах товыг тохирч намуудын дарга нар гарын үсгээ зурсан.Тэрүүгээрээ л явах байх. Засгаас гарах, гарахгүйн тухайд намын хамтын шийдвэр мэднэ. МАН-ын Бага хурлаас Удирдах зөвлөлд нэг эрх шилжүүлсэн. Хамтарсан засаг зөвшилцлийн гэрээгээ биелүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах, хэрвээ АН биелүүлэхгүй бол Засгийн газарт ажиллах шийдвэрийг цуцлах эрхийг намын Удирах зөвлөлд өгсөн. Нам бол хамтын удирдлагын байгууллага. Тэндээс шийднэ. Түүнээс бус, хамтын удирдлагын шийдвэрийг хэн нэгэн урьдчилан төлөөлж ярих боломжгүй. Тийм эрх ч байхгүй.
-Тэгвэл АН зөвшилцлийн гэрээгээ биелүүлээд байвал МАН засгаас гарахгүйгээр Р.Амаржаргал гишүүний хэлснээр танай хоёр нам тэврэлдээд 2016 оны сонгуульд орох юм байна, тийм үү
– Өөрөө яагаад ингэж тулгаж асуугаад байгааг мэдэхгүй юм. Манай намын Бага хурал жилд багадаа нэг удаа хуралддаг. Тэрүүгээр засагт орсон тухайгаа дүгнэж ярих байх. Бид Засгийн газарт ороод юу хийсэн, ямар үр дүнд хүрч байгаагаа Бага хуралдаа тайлагнах үүрэгтэй. Тэндээс бид ямар шийдвэр гаргах нь гэрээний биелэлтээс, зөвшилцлийн гэрээндээ үнэнч явах, үгүй нь илүү олуулаа байгаа АН-аас л хамаарна. Бид бол гэрээнийхээ дагуу ажиллана гэснээс бус, сонгууль хүртэл хамтарсан Засгийн газраас гарахгүй гэсэн ямар нэгэн үүрэг амлалт аваагүй .
-Яахав дээ, хамтарч засаглаж яваад сонгуульд хамтдаа орж байсан түүх 1990 оноос хойш байдаггүй учраас л
-Хамтарч яваад гурван жил зургаан сар ямбыг эдэлж хамт яваад яг хариуцлагаа хүлээх болохоор сонгуулийн өмнө хаяад гарсан жишээ бол байдаг л юм.
-Тэр хариуг нь танайхан өгч л таарах юм биш үү
-Тэрийг би мэдэхгүй. Намын дарга ч мэдэхгүй. Намын Удирдах зөвлөл, Бага хурал мэднэ.
-Ч.Сайханбилэгийн засаг АН-ынх уу, МАН, АН-ын хамтарсан засаг уу
-Аль ч талаас нь харсан хамтарсан Засгийн газар. Ганц манай хоёр ч биш, дөрвөн нам бий.
-Алдаа оноог нь үүрэлцэнэ биз дээ, Засгийн газрын ажилд өгөх үнэлгээ ямар байгаа вэ
-2014 оны сүүлээс ажиллаж эхэлсэн энэ Засгийн газрын алдааг оноог МАН үүрэлцэнэ. Засгийн газар ажиллаж эхлээд дөнгөж зуу хонох гэж байна. Дүгнэхэд арай эрт байна. Олон л юм төлөвлөсөн байх. Гэхдээ аливаа юманд харагдах өнгө их чухал. Би бол хэтэрхий жижиг юманд хэт их оролцоодд байна уу даа. Агуулга руугаа орохгүй тойрч гүйгээд байна уу гэж харж байгаа. Улс орны ачааг үүрч яваа Ерөнхий сайд бол том зургаа харж явах ёстой болохоос аар саархан албан тушаалын томилгоо тойруулж, цагийн зүүг нааш цааш хөдөлгөх зэргээр хэт жижиг л байх шиг.
-Том харж, бас найдаж байгаа ганц нь Тавантолгойн хэлэлцээр юм биш үү
-Тавантолгой дээр манай намын байр суурь тодорхой. Зөвшилцлийн баримт бичигт заасан агуулгаа л дэмжинэ. Тэнд, юу гэж заасан гэхээр Тавантолгой, Оюутолгойн асуудлыг одоогийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр, олон нийтэд ил тод байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа. Одоо явж байгаа хэлэлцээрээ илүү ил тодоор явуулж Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж болно.
-“Чалько”-гийн гэрээнээс болоод Тавантолгойн хэлэлцээр гацаанд орлоо гэж байна. Тэр гэрээг нь танай намыг засаглаж байх үед байгуулсан юм билээ.
-Би түрүүн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газрыг АН-ын засаг гэж хэлээгүй биз. Тэр өнцгөөс харвал “Чалько”-гийн гэрээг байгуулж байх үед манай нам дангаараа биш, МАН, АН хоёр хамтарч засаглаж байсан. Бүр тодорхой яривал тэр гэрээг хийхэд энэ ажлыг хариуцаж байсан хүмүүсийг нь та мэдэх үү
-Хэн гэж
-Тухайн үеийн АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Тавантолгойн ажлын хэсгийг ахалж гэрээг тохирсон, ажлын хэсгийн гол гишүүдийн нэг нь Сайншандын аж үйлдвэрийн парк, төмөр замын асуудал хариуцсан тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга байсан. Гэрээг яг байгуулсан “Эрдэнэс-Тавантолгой”-н захирал нь Б.Энэбиш гэж АН-ын, соцдекийн байсан хүн. Тэгэхдээ одоо ингэж эргэж буцаж, эзэн хайгаад хэрэггүй л дээ. Төрийн ажил залгамж чанартай явдаг нь үнэн л юм бол алдаа байсан ч түүнийг Монголдоо ашигтайгаар залруулаад цаашаа явах нь энэ Засгийн газрын үүрэг. Энэ ажлыг л хийлгэх гэж М.Энхсайханыг том төслүүд хариуцсан Монгол Улсын сайдаар томилсон байлгүй дээ.
-МАН Засийн газарт багтаад хэдэн хүнээ ажилтай болгосон бэ. Албан тушаалд очихын тулд л засагт орлоо гэж шүүмжлэх хүмүүс бас бий
-Зөвшилцлөөр тохирсон хэдэн сайд, дэд сайд нар л байгаа. Бас ном журмынх нь дагуу шалгалтаа өгөөд тэнцвэл таван төрийн нарийн бичгийн дарга томилуулахаар тохирсон. Хоёрыг нь томилуулсан. Гааль, мэргэжлийн хяналт, Шударга бус өрсөлдөөний газар гээд хэд гурван агентлагийн даргыг МАН-аас томилсон. Эднээс өөр олон хүн байхгүй шүү дээ. АН анх засаг аваад маш олон төрийн албан хаагчдыг хоморголон халж мэргэжил, чадвар үл харгалзан АН-ын батлахтай л бол ажилд авсан. Гэтэл одоо дээгүүрээ МАН-аас томилогдсон сайд, агентлагийн дарга очоод ажил хийх гэхээр доогуур нь дандаа АН-ынхан учраас улстөржөөд суучихдаг бодитой зовлон байна. Тийм учраас зарим, яам агентлагт ганц нэг хүний өөрчлөх, халаа сэлгээ байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ сүртэй олон биш байх.
-Та намын ерөнхий нарийн бичгийн дарга болчихоод намын төлөө зүтгэснийг нь хамгийн түрүүнд үнэлнэ гэж хэлж байсан. Сая тэгж чадсан уу
-Та нар анзаарсан бол манайхаас сайд, дэд сайд, агентлагийн даргаар томилогдсон хүн өрсөлдөөний журмаар тодорсон. Өрсөлдөөнд оруулахдаа мэдээж намын бодлогоор, тухайн ажлыг хийж чадах чадвар, төрийн ажлын туршлагатай, салбараа сайн мэддэг хүмүүсийг өрсөлдүүлсэн. Намд зүтгэснийг ч шалгуур болгосон. Намын төлөө зүтгэсэн гээд л багш хүнийг эмч болгож болохгүй биз дээ. Тэрэнтэй адилхан тухайн ажлыг хийх чадвар, туршлагыг илүү харгалзсан. Цаашид ч тэгнэ.
-Цаашид гэдэг нь 2016 оны сонгуульд уу
-Монголын төрд залгамж халаа, улстөрийн туршлага хэрэгтэй. Тэгэхдээ МАН энэ удаа 2016 оны сонгуульд нэгд нэр цэвэр, хоёрт нэр цэвэр байж чадах ёс зүйтэй, үнэлэмжтэй, тэгээд гуравт шинэ залуу хүмүүсийг түлхүү дэмжинэ. Энэ нь биологийн нас гэхээсээ улстөрийн нас нь залуу хүмүүсийг 2106 онд дэмжинэ. Төр түших болон итгэл даах чадвараар сонгогчдынхоо хүсэлт, хүлээлтэд нийцэх хүнээ олж нэр дэвшүүлэх нь Ардын намын бодлого байх болно.
- МАХН-тай сонгуульд хамтрах уу. Сая танайхан Н.Энхбаяр даргатай очиж золгосон гэв үү.
-Хамтрах эсэх тухай ярихад эрт байна. Намын хамт олны олонхийн хүсэлтээр шийдэгдэх асуудал. Миний хувьд очиж золгоогүй ээ, манайхан яасныг мэдэхгүй.
-Эцэст нь асуухад таны хувьд ялагдаж гудамжинд гарсан, өр ширтэй байхад нь ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Одоо эрх барилцагч нам боллоо. Тэрийг дагаад МАН-ын нэр хүнд сэргэж байна уу
-Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг үгийн үнэ цэнийг ухааруулсан хэдэн жил өнгөрлөө. Эрх барих үеийн намд хандах хандлага, ялагдсан үеийн хандлага хоёр тэс өөр юм. Тоочоод байвал барагдахааргүй олон саад бэрхшээлийг тууллаа даа, манай нам . Гэсэн ч засагт МАН-гүй бол Монгол Улс хэцүүддэг юм байна гэдгийг ард түмэн ойлгож эхэлсэн юмуу даа. Ярих хийх хоёр, амлах ажиллах хоёр асар их ялгаатай гэдгийг ухаарч байх шиг байна. МАН-ын ялагдалтай хамт улс орон, ард түмний эрх ашиг давхар ялагддаг юм байна гэдгийг 1996, 2012 оны сонгуулийн дараахь үйл явдлууд харуулсан даа.
URL: